Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлөх талаар МАН бүлгийн хурал дээрээ гишүүдтэйгээ ярьж нэгдсэн шийдэлд хүрсэн үү. Зүүний нам гэхээр баруун солгойгүй цацна гэсэн ойлголт байж болохгүй. Улс орны эдийн засаг нийгмийн асуудлыг ингэж сүйрүүлж болохгүй. Хамгийн гол нь шударга хөдөлмөр эрхэлж, татвараа төлөх гээд чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийн ажиллах урам зориг руу ус цацаж байна.
Ингэхээр чинь хүмүүс ажлаа хаяад гадагшаа явна. Саяхан дүүргээрээ явахад ажил хүн хийдэг олдохгүй байна. Иймэрхүү шийдвэрүүд том утгаараа улс орны эдийн засгийг ухраагаад байдаг шүү.
Малчин хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлнө гэж байна. Ямар хүнийг малчин гэж хэлэх вэ?. Төр төлнө гэхээр бүгд малчин гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс төлүүлэх юм биш үү.
Сонгууль дөхөж байхад иймэрхүү хууль батлахаа болъё гэж хэлсэн. Сонгуулиар малчид дээрээ очиж сурталчилгаа хийх гэж байгаа юм уу. Мах иддэггүй юу гээд С.Чинзориг сайд гуйвуулаад байх шаардлага байхгүй.
Би татвар төлөгч олон мянган иргэдийг төлөөлөөд сууж байгаа учраас хэлэх хэрэгтэй. Иймэрхүү шийдвэрүүд сонгодог утгаар нь эдийн засаг, зах зээл, хувь хүмүүсийн хариуцлага гэх зүйлийг байхгүй болгож байна. Халамжийн орон руу буцаагаад оруулсан иймэрхүү хулгайн заалт батлуулж болохгүй" гэж ярилаа.
Сэтгэгдэл