Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”


Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”

 

Улаанбаатар хотын 35 дахь Захирагч Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргын үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 1000 хоног өнгөрөөд буй. Тэрбээр ажлаа авснаас хойш эрх зүйн орчныг шинэчлэн, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна. Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглалын хөтөлбөр 40 хувьтай хэрэгжиж буй.

Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн, УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Уг хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг өнгөрсөн онд байгуулсан юм. Тэгвэл өдгөө 30 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор тус хүрээлэн хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн Улаанбаатар хот бодлого гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсөвтөө баригдан бүтээн байгуулалт хийх бус, бүтээн байгуулалтын хэрэгцээ, шаардлагадаа үндэслэн төсвөө зарцуулдаг болсон юм.

Д.Сумъяабазар: Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжиж, эрүүл засаглал тогтоно

Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ?

-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.

Есөн дүүрэг, харьяа 123 байгууллагаас ирүүлсэн өгөгдөл мэдээллийг нэгтгэн боловсруулж, түүнд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хотын удирдлагын баг бодлого, шийдвэрээ гаргадаг. Нийслэлийн Засаг дарга 153 чиг үүргийн хүрээнд ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын судалгааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай. Судалгаа, өгөгдөл байгаа газарт оновчтой шийдвэр гаргах, зөв төлөвлөлт хийх боломжтой. Гадаадын судалгаа, шинжилгээний төвүүд, их, дээд сургуулиудтай нээлттэй, шууд хамтран ажиллах боломжтой “Think tank”-ийг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан нь чухал давуу тал болж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр эрдэм шинжилгээний томоохон багийн судалгаа, шийдэлд суурилан гарч байна гэсэн үг.

-Улаанбаатар хотод батлагддаг нэг жилийн төсөв хэр хангалттай байгаа вэ. Өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай, түүнийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв маш бага байсан учраас үе үеийн Хотын дарга нарт олон асуудал тулгамдаж байсан. Тухайлбал, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нэгдсэн төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбумын 100 тэрбум нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, 75 тэрбум нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлт, 68 тэрбум нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулагдаж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан. Түүнчлэн цахим шилжилт, холбоос зам гэх мэт томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт хотод тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй. Хийж, хэрэгжүүлэх ажил дахиад ч бий. Сайн, муу олон янзаар хэлэгдэж байгаа ч “Эрдэнэс Баянбогд” төсөл бол нийслэлийн хөгжилд нэмэртэй, цаашид хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болох юм.

-Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ?

-Бий болгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тодорхойлсон 86 үзүүлэлтэд суурилан хуваарилж, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг үгүй хийхийн тулд эрх зүйн орчныг л сайжруулах шаардлагатай. Тиймээс хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах юм. Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжинө, эдийн засаг хөгжвөл эрүүл засаглал тогтоно хэмээлээ.

Өнөөгийн нийгэмд хүн ам болоод хөгжлийн бүтээн байгуулалтууд өдрөөр бус, цагаар өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.6 саяд хүрнэ гэсэн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргаад буй. Тиймээс үнэт цаас гаргах, “Эрдэнэс Баянбогд” төслийг хэрэгжүүлэх нь дагуул хот байгуулах, инженерийн дэд бүтцийг тэлэх, гол болон холбоос замуудыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, эх үүсвэр, ирээдүйн хүн амын өсөлтийн үед хотын хөгжлийн суурь болох учиртай.

Нийслэл бие даасан эдийн засаг, эрх зүйн чадамжтай болоход хөшүүрэг болгохоор нэмэлтээр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Энэ багц хууль нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг арав гаруй хуулиас бүрдэж буй. УИХ-ын энэ намрын чуулганаар тус хуулийг хэлэлцүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.