Та - аминаасаа, амьдралаасаа уйдаагүй бол архинаас - татгалз!


Нарантуул ОУХТ-ийн хойно GS25-ын үүдэнд 40 настай иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадна нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй. 

Цагдаагийн байгууллагын мэдээгээр хоногт дунджаар ийм байдлаар 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаж байхдаа зүрх зогссон, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотойгоор зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшлийн нөлөөтэй байжээ.

Тиймээс өнгөрсөн жил цагдаагийн байгууллагаас "Намайг алгас" нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол, уг аян энэ жил "Та-татгалз" арга хэмжээгээр үргэлжилж байна. Ингэхдээ оюутан залуучууд болон согтууруулах ундааны хамааралтай зорилтод бүлэгт чиглэсэн байдлаар зохион явуулж байгаагаар онцлогтой. Гагцхүү аливаа аян, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, ийм төрлийн соёл төлөвшүүлэх ажил хариуцсан газрууд хамтран бусад байгууллага, иргэдтэй нэгдэн нийлж, нийтээрээ давалгаалж чадвал нийгмээрээ эерэг үр дүнд хүрэх нь гарцаагүй. Дээр дурдсан тохиолдлоор хожим учрах гамшгийг залуусаас холдуулах бүрэн боломж бид бүгдэд бий.

Архидан согтуурлын дийлэнх эцсийн үр дагаварт гэр бүл салалт, хүүхдийн өнчрөл хагацал, гэр бүлийн үргэлжилсэн их хэрүүл зөрчил, эмзэг бүлгийн хэсэг нь гудамжинд гарах гэх мэтчилэн олон харамсал, эмгэнэлийг дурдаж болно.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний найман сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлжээ. Тэгвэл үүний дэргэд илүү харамсалтай нь өөрийн дураар өөрийн амиа егүүтгэх явдал. Тиймээс:

Та - амиа алдахыг хүсээгүй бол яг одоо архинаас - татгалз! Та - амьдралаасаа уйдаагүй бол бусдад архи өгөхөөс - татгалз! Та-татгалз!

Scandal.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.