Б.Буяннэмэх: УБ-Дарханы замын бүтээн байгуулалтын 109 цэгт ажиллаж буй карьерууд нөхөн сэргээлт хийхгүй байна


Б.Буяннэмэх: УБ-Дарханы замын бүтээн байгуулалтын 109 цэгт ажиллаж буй карьерууд нөхөн сэргээлт хийхгүй байна 
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх улсын хэмжээнд эвдэрсэн газарт хийгдэж буй нөхөн сэргээлтийн явцын талаарх мэдээллийг өглөө.

2020 онд хийгдсэн тооллогоор улсын хэмжээнд 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нэг жилд га газрыг 2,000 гагаас доошгүй талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн.

Улсын хэмжээнд 2020-2022 онд 6,285 га талбайд техникийн, 2,086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүллээ.

Энэ онд 3,000-аас доошгүй га талбайд нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна. 

Нөхөн сэргээлт хийгдсэн газрууд:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн 398.7 га талбайг нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутолгой компани нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2,000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна.  Энэ онд 1,229 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлж, аравдугаар сарын 1-ний байдлаар 780 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.

Эвдэрсэн газрын нөхөн сэргээсэн газрын мэдээллийг нийтэд танилцуулна" хэмээн ярилаа.

Дараагийн түвшинд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд нийт газар нутгийн 76.9% нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй.

Цөлжсөн газрыг ургамалжуулахаар шинэ стандартыг батлуулж, байгалийн бүс бүслүүрт биологийн нөхөн сэргээлтийг хийхэд шаардлагатай ургамлын төрөл зүйл, хөрсний чанарыг тодорхойлжээ.

"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцад нийт 109 цэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутгаас олгож, карьерууд ажиллаж байна. Эдгээр карьеруудад нөхөн сэргээлтийг хийх албан даалгаврыг 2023 оны эхний хагаст хүргүүлсэн ч хэрэгжилт сайн биш байна.

Зам тээврийн сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал чухал ч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхэд онцгой анхаарч ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах болно"  гэдгээ тэрбээр мэдэгдэв.



 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.