Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна


Олон улсын уул уурхайн "Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ.
 
Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна.
 
Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж эхэлжээ. Тавантолгой нь маш сайн чанарын коксжих нүүрсний дэлхийн хамгийн их буюу 7.5 тэрбум тонн нөөцтэй.
 
"Эрдэнэс Тавантолгой”-н Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ашидмөнх "Ройтерс” агентлагт хэлэхдээ, "Бид боломжит бүх саналыг авч үзэж байна. "Эрдэнэс Тавантолгой” болон Монголын эдийн засагт ашигтай л бол, бид хэнтэй ч хамтан ажиллахад бэлэн” гэжээ.
 
Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унаж Хятадад эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалтын эсрэг хууль, тогтворгүй бодлогоос нь үүдсэн гадаадын хөрөнгө оруулагчдын дайжилт зэргээс үүдэн хүнд байдалд орсон тул өөрийн нөөц баялагтаа гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татахыг чадлаараа чармайх болжээ. Монголын Засгийн газрын мэдээлж буйгаар, тус улсын хөндөгдөөгүй байгалийн баялаг дор хаяж 1.3 их наяд ам.доллартай дүйцэхүйц аж.
 
Тус улс түүнчлэн нэгэнт үйл ажиллагаагаа эхлүүлсэн компаниудад, үүний дотор Оютолгойн аварга том зэс, алтны уурхайн "Рио Тинто”-д хандан эхэлсэн ажлаа идэвхжүүлэхийг уриалах болжээ.
 
Монголын Засгийн газар өнгөрсөн сард эдийн засгийн хүнд байдалтай тэмцэх бодлого хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн бөгөөд үүний дараа тус улсын эдийн засгийн өсөлт саарч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж төсвийн алдагдал улам ихэсчээ.
 
Өнгөрсөн сарын парламентын сонгуулиар ялалт байгуулсан МАН зардлаа огцом бууруулах арга хэмжээ авсны дараа ч Монгол Улсын орлого 2.67 тэрбум ам.доллар, зарлага 4.9 тэрбум ам.долларт хүрэн төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэх төлөвтэй. "Блүүмберг”-ийн мэдээлснээр энэ нь хуулиар тогтоосон дөрвөн хувийн алдагдлаас хавьгүй илүү үзүүлэлт ажээ.
 
Өмнийн говьд орших Тавантолгойн орд нь гангийн үйлдвэрлэлд ашигладаг дэлхийд тэргүүлэх маш сайн чанарын 7.5 тэрбум тонн коксжих нүүрс агуулдаг билээ. Хэдий тийм ч тус ордын менежмент дэндүү олон дүрэм журам бүхий хүнд сурталд боомилогджээ.
 
Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2011 онд хуралдан тус ордыг АНУ-ын томоохон "Peabody Energy”, БНХАУ-ын "Shenhua”, ОХУ-Монголын хамтарсан компани бүхий консорциум тендерт ялсан шийдвэрийг хоёр сар гаруйхны дараа хүчингүй болгосон билээ.
 
Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн жил Монголын парламент БНХАУ-ын "Shenhua”, Японы "Sumitomo”, Хонгконгт бүртгэлтэй "Mongolian Mining Corp.”(MMC) зэргийн консорциумтай хийсэн хэлэлцээрийг батлахаас татгалзжээ.
 
Уг нь Тавантолгой "Рио Тинто”-гийн Оюутолгойн дараа орох Монголын хоёрдахь том уул уурхайн хөрөнгө оруулалтын төсөл юм. Дээр дурдсан компаниудын бүлэглэлүүд асуудлыг нааштайгаар шийдэхэд найдсаар байгаа бөгөөд санал болгосон зүйлүүд нь хэвээр гэж мэдэгдсээр байгаа ажээ. Үүний сацуу шинээр бүрдсэн Засгийн газар Японы  "Marubeni”-тэй хамтран цахилгаан станц барих төсөл, "Эрдэнэ Тавантолгой”-н БНХАУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч "Chalco”-д төлөх өрийн тухай зэрэг Тавантолгойтой холбоотой гэрээнүүдээ биелүүлэх шаардлагатай билээ.
 
Тус улсын уул уурхайн хэтийн төлөв байдал түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард байгуулсан, гурван хөрш орны зам тээвэр, худалдааг идэвхжүүлэх Хятад,Монгол,Оросын эдийн засгийн корридорын төслөөс шинэ түлхэц өгөх биз ээ.
 
Энэ нь Тавантолгойн төслийг амжилтад хүргэх гол хүчин болж ч болзошгүй. Учир нь Оюутолгойн дараа орох Монголын томоохон энэ уурхай нүүрсийг зах зээлд хурдан, хямд төсөр зардлаар хүргэх зам тээвэр, төмөр замгүй бүс нутагт оршдог байна. Тавантолгой түүнчлэн томоохон уурхайд шаардлагатай эрчим хүч, усны хангамж дутагдалтай ажээ.  
 
Б.Барс
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.