Хууль баталж, хэрэгжилтийг нь хангахыг үүрэгддэг эрхмүүдэд хандаж байна. Та бүхэн ард иргэдийнхээ нүдэн дээр дүрэм зөрчихөө болимоор юм. Энэ үг төрийн хувцас өмсөгчдөд тэр дундаа цагдаа нарт илүү хамаарна. Эрхэм замын цагдаа та хаа нэгтэй дүрэм зөрчсөн иргэнийг дохиж зогсоогоод хууль биелүүлэхийг шаардан, хариуцлага тооцож байгаа харагддаг.
Гэтэл таныг гарцгүй газраар зам гарч яваа эсвэл хамгаалах бүсээ зүүгээгүй замын хөдөлгөөнд оролцож яваа зургийг тань дарчихсан байвал яах вэ. Аливаа мэдээлэл асар хурдтайтүгж, олон нийтийн сүлжээгээр нээлттэй хэлэлцдэг болсон ийм цагт эрхэм мөрдэстэн таны дүрмийн бус үйлдлийг хэн нэг нь баталгаажуулаад авчихсан бол яана. Та яаж, ямар нүүрээрээ тухайн иргэнээс хууль биелүүлэхийг шаардах вэ.
Үгүй гэх газар алга. Ажилдаа явахаар гарах бүртээ замын үргэлжилсэн цагаан шугам давахаар зам голлон зогсч, түгжрэл үүсгэсэн цагдаа ахтай өглөө бүр таарах бүрийд сэтгэл эмзэглэдэг. Эрхэм мөрдэстэн дүрэм зөрчиж байгаа хэрнээ маадгар гэж жигтэйхэн. Цааш тав алхаад л гарцгүй газраар зам хөндлөн гарах ах нар /цагдаа/ хэд хэдээрээ. Энэ дүр зураг ерөнхийдөө хүчний байгууллагын ойролцоо элбэг тохиолдоно. Тухайлбал, Замын цагдаагийн газар эсвэл Лицензийн төв, 805 дугаар цэргийн ангийн ойролцоо хууль сахиулагчдын хууль бус үйлдлийн энэ мэт жишээг та хэдийг л бол хэдийг харж болно. Хэдийгээр энэ тохиолдолд цагдаа ч гэсэн бидэнтэй адил хүн гэж өмөөрч болох.
Гэтэл цагдаа нар хууль дүрэм сахиулахаар төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Ийм атал эрхэм цагдаа таныг хуулиа мөрдөхгүй байхад иргэд яаж таны шаардлагыг биелүүлэх билээ. Хууль зөрчигчид хууль сахиулахыг уриалж шаардана гэдэг утгагүй хэрэг. Тиймээс эрхэм мөрдэстэн танд ард иргэдийнхээ нүдэн дээр хууль зөрчиж, буруу үлгэр дууриал үзүүлэхээ зогсоохыг сануулъя.
М.Өнөржаргал
Эхсурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл