“Боинг”-ийн гүйцэтгэх захирал Д.Кэлхун оны эцсээр огцорно


“Боинг”-ийн гүйцэтгэх захирал Д.Кэлхун оны эцсээр огцорно

 

“Боинг” компанийн гүйцэтгэх захирал Дэйв Кэлхун 2024 оны сүүлчээр ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгджээ. Аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн асуудлын улмаас тус компани хүнд байдалд ороод байгаа үед тэрбээр ийм шийдвэр гаргалаа. “Дэлхий дахин биднийг харж байна, бид энэ хүнд мөчийг даван туулж, илүү сайн компани болно гэдгийг би мэдэж байна. Бид бүхний хийж буй бүх зүйлд аюулгүй байдал, чанар нэн тэргүүнд тавигддаг билээ” гэж Д.Кэлхун ажилтнууддаа хандсан захидалдаа бичжээ.

 

Нисэх онгоц үйлдвэрлэгч тус компани “737 Макс-9” онгоцтой холбоотой аюулгүй байдлын асуудалд холбогдоод байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард Америкийн “Аляска Эйрлайнс” компанийн “737 Макс-9” онгоц 4.8 км-ийн өндөрт нисэж байх үед ослын хаалга нь салж унасан тохиолдол гарсан билээ. Энэ явдлаас хойш АНУ-ын холбогдох албаныхан "Боинг" компанид хатуу хяналт шалгалт хийж байгаа бөгөөд тус компани аюулгүй байдал, чанартай холбоотой алдаа дутагдлуудаа засахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ дээрх загварын онгоцыг үйлдвэрлэхээ түр зогсоосон байна.

 

“Боинг”-ийн мэдэгдэлд мөн тус компанийн ТУЗ-ийн дарга Ларри Келлнер уг албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэх бодолгүй байгааг мөн дурджээ. Мөн арилжааны нисэх онгоц хариуцсан салбарын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стэн Диль ажлаасаа халагдах бөгөөд түүний халааг Стефани Поп авна.

 

“Аляска Эйрлайнс”-ын нислэгийн осол “Боинг”-ийн хувьд “эргэлтийн цэг” болов

 

Д.Кэлхун ажилтнууддаа бичсэн захидалдаа “Аляска Эйрлайнс”-ын 1282 дугаарын нислэгийн үеэр гарсан осол нь “Боинг”-ийн хувьд “эргэлтийн цэг” байсныг та бүгд мэдэж байгаа, бид энэ осолтой холбогдуулан туйлын ил тод хариу арга хэмжээг авах ёстой. Мөн бид компанийхаа бүх түвшинд аюулгүй байдал, чанартай холбоотой бүрэн дүүрэн амлалтыг биелүүлэх ёстой” гэв.

 

1282 дугаартай нислэгийг үйлдэж байсан онгоц Портлендээс Калифорни муж улсын Онтэрио руу нисэж байх үед хаалга нь агаарт салж унаснаар Портленд руу яаралтай буцаж ирэхэд хүрсэн юм. Хүмүүс бэртэж гэмтээгүй боловч уг ослыг мөрдөн шалгах явцад “Макс 9” онгоцны ослын хаалга ямар ч боолтгүй байсныг тогтоожээ. 

 

Иймээс АНУ-ын Нислэгийг удирдах газар /FAA/ саяхан Сиэтл хотын ойролцоох “Боинг”-ийн үйлдвэрийн угсрах шугамд шалгалт хийх үүрэг өгсөн байна. Тус үйлдвэрт “Аляска Эйрлайнс”-ын “737 Макс” онгоцыг үйлдвэрлэдэг. Энэ оны эхээр гарсан осол нь 2018, 2019 онд “Боинг 737 Макс” онгоц хоёр удаа осолдож, 346 хүний амийг авч одсоноос хойш “Боинг” компанитай холбоотой хяналт шалгалтыг хамгийн өндөр түвшинд чангатгаад байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.