Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр гудамжнаас баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан гэх зураг, бичлэгийг тухайн үед цацаж байсан билээ. Харин гурван шатны шүүхээс тэмцэгч, сэтгүүлч Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноосон. Тагнуулын хэргээр ял эдэлж буй Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хоригдож байгаа ахын тань нөхцөл байдал нь ямар байна вэ?
-Ах минь хэлмэгдээд хоёр жил болж байна. Ажилдаа явахаар гарсан ахыг минь сүр дуулиантайгаар баривчилж, гадаадын тагнуулын даалгавраар ажиллаж, эх орныхоо эсрэг ажилласан гэж мэдэгдэгдээд, 10 жилийн хорих ял оноочихсон. Анхандаа бид хууль хүчний байгууллагынханд итгэдэг байлаа. Хэзээ нэгэн өдөр ахын минь гэм буруугүйг тогтоогоод, цагаатгана гэж бодож байсан. Гэтэл гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэн, Дээд шүүх ялыг хэвээр нь үлдээчихсэн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа ч ахынхаа төлөө бид тэмцсээр байна. Ах минь Амгалангийн хорих ангид ялаа эдэлж байгаа. Биеийн байдал нь хэвийн байсан ч сүүлийн үед суурь өвчин нь сэдэрч, үе үед эмнэлэгт хэвтэж байна. Өөрийгөө хэлмэгдсэн, хэзээ нэгэн өдөр цагаадаж, нэр төрөө сэргээлгэж, өргөст торны цаанаас суллагдана гэдэгтээ итгэлтэй байгаа. Заримдаа ч сэтгэлээр их унаж, хэцүүхэн байдалтай байдаг. Бид долоо хоног болгон эргэлтээр очиж, уулзаж, ярилцдаг. Шоронд ямар л сайн байв гэж дээ. Бусдын туулдаг зовлон, бэрхшээлийг л гэмгүй ах минь нуруундаа үүрч явна даа. Гэмгүй иргэнээ, тэмцэгчээ хэлмэгдүүлсэн Ардчилсан улсын шүүх, хууль хяналтынханд л гомдож байна.
Ч.Мөнхбаяр дүү Ч.Мөнх-Эрдэнийн хамт
-Ээжийн тань биеийн байдал хэр байгаа вэ. Та эхээс хэдүүлээ вэ?
-Бид эхээс дөрвүүлээ. Ч.Мөнхбаяр ах бид хоёр ээжийг асарч, хамт амьдардаг байсан юм. Ахыг баривчилсан тухай мэдээлэл, мөн тэр орой гэрт хууль хяналтынхан ирж нэгжлэг хийсэн нь ээж болон гэрийнхэнд маань маш хүнд цохилт болсон. Ээж минь 80 дөхөж яваа асаргаанд байдаг хүн. Амьд байхдаа л хүүтэйгэй уулзах юм сан, хүрээд ирээсэй, гэмгүй гэдгийг нь тогтоогоод өгөөсэй гэж хүлээж, залбирч сууна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж, сэтгэл санаагаар унаж байна. Ах, ээж хоёрыгоо харахаар сэтгэл өвдөж, яах учраа олохгүй юм.
-Ахыг тань Энэтхэг Улсын тагнуулаас 200 сая төгрөг авсан гэдэг шүү дээ. Энэ талаар та ярьж болох уу?
-Ахын хэргийг нууцын зэрэглэлд оруулсан учраас нарийн мэдээлэл өгч чадахгүй. Харин би зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч чадна. Ахыг 2020 оноос хойш мөрдөж, тагнасан юм билээ. Тэгээд Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтантай ажил хэргийн шугамаар уулзахад нь баривчилсан. Ингэхдээ хэвлэлийнхнийг дагуулж яваад, бичлэг, дуу хууртайгаар гүйцэтгэх ажиллагаагаа үргэлжлүүлсэн байгаа юм. Гүйцэтгэх ажиллагаа хэзээ тэгж хийгддэг байсан юм бэ. Энэ бол зохион байгуулалттай хэрэг гэж бид үзэж байгаа. Ахын минь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтан дэмжиж, хандив нэрээр 1000 ам.доллар буюу монгол мөнгөөр гурван сая төгрөг өгсөн байдаг. Үүнийг нь гадаадын тагнуулаас мөнгө авч, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтнаас гурван сая төгрөг хандиваар аваад, БНХАУ-ын эсрэг ажиллагаа явуулсан хэрэгт унасан. Ах Энэтхэг Улсын тагнуулаас 200 гаруй сая төгрөг авсан гэдэг нь худал. Хаанаас тийм тоо гаргаж ирээд, зохион байгуулалттайгаар ахыг минь гүтгэж байгааг ойлгох юм алга.
-Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтан ахад тань яагаад хандив өгсөн юм бэ. Энэ талаар танд тайлбарласан уу?
-Төрийн бус байгууллагынхан чинь үнэндээ төсөв байхгүй, бүх үйл ажиллагаагаа л өөрийнхөө халааснаас гаргаж явуулдаг шүү дээ. Ах ч энэ зарчмаар л төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж байсан. Бусдаас хандив, туслалцаа гуйх тохиолдол олон байсан. Энэ зарчмаараа Элчин сайдын яамныхантай уулзаж, хэрэг явдлаа учирлаж, дэмжихийг хүсдэг байсан. Тэгээд Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтан үйл ажиллагааг нь дэмжиж, гурван сая төгрөгийн хандив өгсөн. Үүнийг нь санхүүжилт авч, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн.
-Монгол Улсын биш, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн юм байна тийм үү?
-Тэгсэн, эх орноосоо урвасан биш, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн. Монгол Улсын шүүх, БНХАУ-ын өмнөөс ахыг минь ялласан гэсэн үг л дээ. Үнэндээ, ахад минь эх орноосоо урвасан ганц ч үг, үйлдэл байгаагүй. Үүнийг маш их гайхаж, харамсаж явдаг.
-Яагаад БНХАУ-ын эсрэг гэж үзсэн юм бэ?
-Ахын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Үүнийг нь л хятадын эсрэг ажилласан гэж үзсэн юм болов уу. Үнэндээ, миний ах Монгол эх хэлний төлөө л зүтгэж, тэмцэж, дуу хоолойгоо хүргэж байсан тэмцэгч. Ахтай минь хамт тэмцдэг олон хүн бий.
-Энэтхэг Улсын даалгавраар гэсэн шүү дээ. Ахыг тань энэ жагсаал, цуглааныг зохион байгуул гэж санхүүжүүлж, даалгавар өгсөн гэсэн үг үү?
-Угтаа бол үйл ажиллагаандаа зарцуулаарай гээд гурван сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг. Гэтэл үүнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан Энэтхэгийн даалгавраар БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн гэсэн үг л дээ. Тэр хүн нь ямар ч даалгавар өгөөгүй, чиглэл ч өгөөгүй. Тийм зүйл тогтоогдоогүй. ТББ гэдэг чинь хандиваар л үйл ажиллагаа явуулна шүү дээ. Санхүүжилт байхгүй, бор зүрхээрээ яваа хэдэн хүний ажил байгаа юм.
-Ахын тань хэргийн хавтаст хэргийг задалж, зарим мэдээллийг өгсөн өмгөөлөгч нарынх нь эрхийг хассан. Тэдний нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Хоёр өмгөөлөгчийнх нь эрхийг түдгэлзүүлсэн. Хэлмэгдүүлсэн хүнээ хамгаалж, хэргйиг нь задалсан хүмүүст арга хэмжээ авч, сүүлдээ ажил мэргэжлийг нь хийлгэхээ больсон. Ахад холбогдох хэргийн Анхан шатны шүүх хурал “Гадаадын тагнуулаар ажилласан нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ” гэдэг шийдвэр гарсан. Хавтаст хэрэгт нь ахын буруутайг нотлох баримт байгаагүй гэсэн үг. Гэтэл хоёр дахь удаагийн шүүх хурал болоход өнөөх хавтаст хэрэгт нэг ч хуудас материал нэмэгдэхгүй ороод ирсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Гэсэн атлаа ахад минь арван жилийн хорих ял оноосон. Маш олон эргэлзээтэй асуудал байгаа ч нууцын гэрээнд гарын үсэг зурсан учраас ярьж болохгүй байна.
-Ахад тань санхжүүжилт өгсөн гэх Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтанд ял оноосон юм уу?
-Тэр хүнийг буруугүй гэдгийг Дээд шүүх тогтоосон. Хачирхалтай байгаа биз дээ. Ахад минь санхүүжилт өгсөн гэх хүн нь буруугүй, даалгавар ч аваагүй, цөөхөн хэдэн төгрөгийн хандив авсан ах минь буруутай. Тэгэхээр хахууль өгсөн хүн ч байхгүй, даалгавар ч байхгүй болж байгаа юм. Ахыг олон ч хэрэгт буруутгах гэж үзсэн. Гэхдээ нэг ч нотлох баримт олоогүй. Нотлох баримтгүйгээр хүнийг яллаж, хэлмэгдүүлж болдог юм байна. Гэхдээ үнэн илэрнэ, ахыг минь цагаатгах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.
https://ergelt.mn/news/59/single/43763
Сэтгэгдэл