Цахим орчинд, тэр дундаа фэйсбүүкт зарцуулдаг цагийн ихэнх нь "like” дарах буюу таашаах, "share” хийх буюу тухайн мэдээллийг бусдад түгээх, "comment” бичих буюу санал, сэтгэгдлээ бичих юм.
Эдгээр үйлдэл нь хүн бүрийн хувьд олон шалтгаантай байдаг аж. Тухайлбал, фэйсбүүк хэрэглэгчдийн 49% нь тухайн брэнд, хуудсыг дэмжих, 41% нь тухайн брэнд, хуудаснаас тогтмол мэдээлэл хүлээн авах, 27-31% нь хувийн туршлага, сонирхлоо бусадтай хуваалцах, 20% нь найз нөхөд, танил нэгнийг дуурайж тус тус лайк дардаг байна.
Харин фэйсбүүк дэх брэнд, мэдээллийн хуудаснуудад лайк дардаггүй хэрэглэгчдийн хувьд дараах шалтгаантай байна. Үүнд:
- Зурвас, сурталчилгаагаар бөмбөгдүүлэхийг хүсээгүй нь 54%
- Хувийн мэдээллээ өгөхийг хүсээгүй буюу тийнхүү хувийн мэдээллийг нь үзэхийг хүсээгүй нь 45%
- Найзууддаа өөрийн цахим орчин дахь зан үйлийн тухай мэдэгдэхийг хүсээгүй нь 31%
- Лайк дарсан брэнд, мэдээллийн хуудас өөр рүү нь фэйсбүүкээр дамжуулан холбоо барихыг хүсээгүй нь 29%
- Найзууддаа өөрийн үзэл бодол, сонирхлоо "тулгах”-ыг хүсээгүй нь 19%.
Эндээс харахад фэйсбүүк хэрэглэгчдийг юунд лайк дарсан гэдгээс нь тухайн хэрэглэгчийн зан үйл, сонирхлыг мэдэх боломжтой байна.
Энэ нь бусдад таны тухай их мэдээлэл өгч байгаа юм. Иймд өөрийгөө бусдад таниулахгүй байх, бусдын хяналтад байхыг хүсэхгүй бол аливаа мэдээлэл, хуудсанд лайк дарах эсэхээ тунгаах, нэгэнт лайк дарсан бол энэ тухай мэдээлээ нууцлах нь зүйтэй юм. Ингэж нууцлахын тулд дараах алхмыг дагана уу. Үүнд:
- Фэйсбүүкт нэвтрэн орох
- Өөрийн лайк дарсан хуудсын жагсаалт руу орох (https://www.facebook.com/таны нэр/favorites)
- "Add likes” гэсэн товчлуурын хажууд байх харандааны зурагтай товчлуур буюу "Manage” хэсэгт орох
- Үүний дараа "edit privacy” хэсэгт дарж өөрийн лайк дарсан хуудасуудын мэдээллийн төрлөөс (кино, телевиз, хөгжим, ном, спортын баг, тамирчид, хүмүүс, ресторан, тоглоом, үйл ажиллагаа, сонирхол, спорт, хоол хүнс, хувцас, вэб сайтууд, бусад) сонгох буюу бүгдийг нь "only me” буюу зөвхөн өөрөө үзэх гэсэн горимд тохируулах.
Ийм нууцлалын тохиргоо фэйсбүүкээс гадна бусад олон нийтийн сүлжээнд бий. Тухайлбал, youtube-д ямар дүрс бичлэгт лайк дарсан, ямар хэрэглэгчийг дагасан (subsribe) талаарх мэдээллээ нууцлах бол ‘privacy’ хэсэгт тохируулга хийнэ.
Сэтгэгдэл бичих тухайд, 1200 хүнээс авсан санал асуулгаар сэтгэгдэл бичих нь лайк дарахаас илүүтэйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, нөгөө хүнтэйгээ харилцахад тохиромжтой гэжээ. Түүнчлэн сэтгэгдэлд хариу бичих буюу санал солилцох нь харилцааны тогтвортой байдалд нөлөөлдөг гэж үзэх нь ч бий.
Статусаа шинэчлэх тухайд, хэдийгээр хүмүүс лайк дарж, сэтгэгдэл бичдэг ч тэдний ихэнх нь өөрийн статусаа шинэчилдэггүй аж. Тодруулбал, фэйсбүүкийн хэрэглэгчдийн 10% нь фэйсбүүк дэх статусаа өдөр тутам өөрчлөх буюу шинэчилдэг бол, 4% нь өдөрт хэд хэдэн удаа шинэчилдэг, 25% нь фэйсбүүкийн статусаа хэзээ ч шинэчилдэггүй гэжээ. Энэ нь дараах шалтгаантай. Үүнд:
- Фэйсбүүк хэрэглэгчдийн 36% нь хүмүүс өөрсдийнхөө тухай маш их мэдээллийг хуваалцдагтай холбоотой гэж үзсэн бол,
- 36% нь бусад хүмүүс өөрийнх нь зураг юм уу мэдээллийг зөвшөөрөл авалгүйгээр түгээдэгтэй холбон тайлбарласан бол,
- 27% нь өөрт нь харуулахыг хүсээгүй бичлэг, сэтгэгдлийг бусад хүн үздэг нь таалагддаггүй гэж,
- 12% нь шинэчилсэн мэдээлэл, байр суурь олон хүнд хүрч, улмаар хүмүүс олон лайк дарж, сэтгэгдэл бичнэ гэж эмээдэгтэй холбон тус тус тайлбарлажээ.
3.9 сая хэрэглэгчдийг оролцуулсан судалгааны үр дүнгээс харахад фэйсбүүк дэх уншигч, сэтгэгдэл бичигчдийн мэдээлэл хүлээн авах хандлага, зан үйл харилцан адилгүй бөгөөд бүх хэрэглэгч нэг түвшинд ойлгохгүй тул статусаа шинэчлэхгүй байх нь хамгийн боломжит арга байж болох юм.
Иймд цахим орчин дахь таны зан үйл бусдад харагддаг гэдгийг анхаарч, шаардлагатай бол нууцлалын тохиргоогоор дамжуулан өөрийн үйлдлийг бусдад харуулахгүй байж хэвших нь зүйтэй юм.
Сэтгэгдэл