Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт хэрэгждэг байдал одоо ч үргэлжилж байна


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайлантай холбоотой шүүмжлэл хэлэв. 

Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийг зардлыг улсын төсөвт зардалд тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Ирэх жилүүдэд төсвийн гүйцэтгэл гэдэг өнөөдөр танилцаж байгаа тайлан дотор гадаад улсаас авч байгаа зээлийн зарцуулалт, дүнтэй холбоотой тайлан цаашид ард түмний төлөөллийн дээд байгууллагад орж ирэхгүй болж байна. Бид сүүлийн тайланг нь сонсож байх шиг байна.

2024 онд гадаад улсаас зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилүүдэд жил тутам 400 орчим сая ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө гэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд энэ тоо дөрөв дахин нэмэгдэнэ. 400 сая ам.доллар гэдэг бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалтын тайлан УИХ-д танилцуулагдахгүй нь.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг олонхоороо хүч түрж явуулж байгаа бол гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй сонсдог байх шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.

Тэнд нэг сайд 100 тэрбумаар нь тойргоо усалж байдаг. Ямар давуу эрхтэй юм. 50 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барья гэдэг асуудал УИХ-д оруулж ирж байсан. Дандаа сайд нарын тойрог байсан. Асуудал нь ил болонгуут тэгвэл 14 сум болгочихъё гэж байсан.

2024 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн хүүгийн төлбөрт 400 тэрбум төгрөг гээд ганцхан тоо бичсэн байгаа. Ямар төсөл, гүйцэтгэл, зарцуулалт нь ямар байгаа тайлан УИХ-д орж ирдэггүй. Энэ тайланг парламентаар хэлэлцдэг байх ёстой" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.