Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг найдваргүй банкинд байршуулснаас даатгуулагчдын 200 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орсон. Энэхүү мөнгөн хөрөнгийг буцаан авахын тулд 2019 оноос эхлэн салбар хариуцан ажилласан сайд нар нь хөөцөлдсөн ч багахан хувийг л авчээ.
Тэгвэл Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт /2024.09.06/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг хийж, Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсон, хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргажээ.
Анх 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байгаа аж. Иймд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлт оруулсан буруутай этгээдийг олж тогтоон авлага барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргажээ. Мөн тус банкуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллүүдийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулахаар болсон аж.
Сануулахад, даатгуулагч нарын мөнгөн хөрөнгийг хэн гэдэг сайдын үед эрсдэлтэй банкинд байршуулав гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд сөхөгдсөөр ирсэн.
Эл асуудал босох үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Чинзориг “Би сайдын алба хаших хугацаанд Кампитал банкинд даатгуулагчдын мөнгийг байршуулаагүй. Намайг сайдын алба хашихаар ирэхэд л тус банкинд НДС-гийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Гэрээ дуусаж, мөнгөө авах хүсэлт тавихад санхүүгийн байдал тааруу гэж явсаар хугацаа нэлээд алдсан” гэх тайлбар хэлж байв.
Сэтгэгдэл