ҮЗХ-гоо Лу.Болдын “МоАН санаачлагад” “базуулсан” АН-ын фракцууд ҮЗХ-гоо хуралдуулгүйгээр намын даргаа шууд их хурлаасаа сонгохоор зэхэж байна


ҮЗХ-гоо Лу.Болдын “МоАН санаачлагад” “базуулсан” АН-ын фракцууд ҮЗХ-гоо хуралдуулгүйгээр намын даргаа шууд их хурлаасаа сонгохоор зэхэж байна

 

АН-ын шинэ даргын сураг бүдгэрч, чимээ алсарч эхлэв бололтой. Олон нийтийн дунд янз бүрийн таамаг явж байгаа ч Ардчилсан намын фракцууд бүгд бие биенээ хүлээсэн байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. Хоёр долоо хоногийн өмнө хуралдах ёстой байсан ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр хойшлуулах шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөс нь гаргасан.

Уг үйл явцын цаанаа мэдээж сонгууль яригдах нь яригдсан л байх. Гэхдээ хамгийн том эрх ашиг нь намын даргын асуудал дээр фракцууд өөр хоорондоо тохирч чадаагүй учраас ийнхүү асуудлыг хойшлуулж цаг хожих шийдвэрийг гаргасан нь үнэн.

Одоо харин тэд бүлэг, фракцуудаараа талцаад ашигтай цаг үеийг хүлээн сууцгааж байна. Тэгвэл улс төрийн хүрээнийхэнд байгаа таамгаас шал эсрэг тактикыг АН-ынхан хэрэглэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл АН дотор өнгөрсөн намраас эхэлж хөдөлгөөн болон нэгдэж эхэлсэн нөхдүүдийн МоАН санаачлага өнөөдөр хамгийн хүчтэй байгаа нь юм. ҮЗХ нийт 228 гишүүнтэй гэх мэдээлэл байдаг. Өнгөрсөн жилүүдэд Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас” фракцынхан ҮЗХ-нд олонх байж, хүчтэй байсаар ирсэн. Тэгвэл үүнийг өөрчлөхийн тулд өнгөрсөн жил З.Энхболд намын дарга байхдаа нэлээд хэдэн гишүүдийг гаргаж, нөхөн сонгууль хийсэн. Үүний үр дүнд илэрхий хүчтэй байсан "Алтангадас”-ынханы хүч нэлээд тарамдаж эхэлсэн талаар улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.

Тэгвэл уг үйл явцыг өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлсэн хүмүүс болох Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нарын МоАН санаачлага өнөөдөр хүрээгээ тэлсээр ҮЗХ-д хамгийн хүчтэй БАГИЙГ бүрдүүлээд байгаа аж. МоАН-д нэгдсэн хүмүүсийг ихэвчлэн Н.Алтанхуяг, З.Энхболд тэргүүтэй намын удирдлагууд болон намдаа гомдсон гомдогсод бүрдүүлдэг гэх таамаг байгаа юм. Ингээд 21 аймгаар идэвхитэй тойрч, өөрсдийн хүрээгээ хангалттай тэлж ҮЗХ-г өөртөө авсан МоАН санаачлагаас болоод АН-ын бусад фракцууд ҮЗХ-ны хурлаа хийж чадахгүй элдэв шалтаг дурдсаар өнөөдрийг хүрсэн хэрэг.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Болдын тэргүүлсэн МоАН санаачлага дээр "Нэг  Ардчиллал” нэмэгдээд нийтдээ ҮЗХ-ны гишүүдийн 130 орчимыг "базаж” чаджээ. Харин нөгөө талд "Алтангадас” болон "Шонхор”-ынхон хоорондоо учраа ололцохгүй тус тусдаа байгаагаас үүдэж ҮЗХ-г хуралдуулж чадахгүй байгаа юм. Хэрэв энэ байдлаараа ҮЗХ-г хуралдуулбал МоАН санаачлага хүч түрээд Л.Болдыг намын даргаар томилох магадлалтай учраас ийнхүү асуудлыг хойшлуулж, сунжруулж буй нь тодорхой боллоо гэх яриа АН дотор гарах болов. МоАН-ынхан ҮЗХ-ны гишүүдийн 130 гаруйг өөртөө нэгтгэж чадаагүй байлаа ч гэсэн 50+1 саналын эрхтэй гэдэг нь баттай юм.

Энэ мэтээр АН-ын ҮЗХ дотор шинэ уур амьсгалыг машид хүсэж байгаа нь илт байна. Гэвч З.Энхболд намын дарга байхдаа "бүтээн байгуулсан” Гүйцэтгэх зөвлөлийг "Шонхор” фракцынхан базаж байгаа болохоор хаашаа ч хөдөлж чадахгүй байна.

Ингээд АН доторх эрх мэдлийн төлөөх тэмцэлд фракцууд нь бүгд "сэлэм” эргүүлэн орлоо одоо харин ямар тохироо явагдахаас л бүх зүйл шалтгаалах учиртай. Одоогийн байдлаар намын даргад санаархаж буй таван хүн байна. Тодруулбал,  "Шонхор”-оос – С.Эрдэнэ, МоАН санаачлагаас – Лу.Болд, Г.Батхүү,  "Шонхор”-оос – Д.Эрдэнэбат, "Нэг Ардчиллал”-аас – Лу.Гантөмөр, "Алтангадас”-аас Н.Алтанхуяг өөрөө нэр дэвших байх гэсэн таамаг байгаа ч энэ удаад тус фракц генсекээ авахаар төлөвлөж байгаа гэх яриа байна. "Алтангадас”-аас генсект зүтгүүлэх хүн нь Хөдөлмөрийн яамны ТНБД байсан П.Гантулга юм.

Тэгвэл генсекд М.Батчимэг, С.Одонтуяа, Г.Батхүү, Глобал удирдагчаар олонд танигдсан Б.Отгонбат, Нийслэлийн бүлгийн дарга Ц.Баатархүү,  Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс О.Чулуунбилэг, Харвард төгссөн гэх тодотголтой С.Эрдэнэболд нар байх магадлалтай байна.

Өөрөөр хэлбэл,

Д. Эрдэнэбат дарга болвол П.Гантулга генсек
С.Эрдэнэ дарга болвол М.Батчимэг генсек
П.Цагаан дарга болвол О.Чулуунбилэг, Б. Отгонбат хоёрын нэг генсек
Лу.Болд дарга болвол Г.Батхүү, Б.Отгонбат, Ц.Баатархүү гурвын нэг генсек
Лу.Гантөмөр дарга болвол С.Одонтуяа генсек байх магадлалтай юм. Мөн П.Цагаан дарга болвол С.Эрдэнэболд генсекээр томилогдох магадлалтай бас байна.
АН-ын даргын төлөөх тэмцлийн гол гурван "тоглогч” нь "Шонхор”, "МоАН санаачлага”, "Алтангадас” фракцууд юм. Харин Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракцынхан гол тоглогчоор бус туслагчийн байр суурь дээрээс оролцож буй гэнэ. "МоАХ”-ынхан "Шонхор”-той нэлээд ойрхон байгаа бөгөөд бараг л нэгдмэл болсон ч гэх яриа байна.
Ингээд ҮЗХ-ноос сонгогдсон намын даргыг Их хурлааасаа баталгаажуулдаг байсан хуучин дүрмийг өөрчилж ҮЗХ-г татан буулгаж намын даргын сунгаа явуулж бүгдийг Их хурлаасаа шийддэг болохоор зэхэж буй талаар мөн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хэрэв ийм шийдэл гаргаж чадахгүй бол ҮЗХ-д "МоАН санаачлага” олонхыг базах магадлал асар их билээ. Иймээс улс орон даяар намын даргыг сонгох компанит ажлыг явуулж, Их хурал дээрээ хэн олонхыг базаж чадсан нь намын даргаа авч эрх мэдлийг гартаа авна.
Үүнийг төлөвлөсөн фракцууд орон нутгаар сургалт, семинар, уулзалт нэрээр орон нутгаар их явж олонхоо базахаар бэлтгэж байна.
Ерөнхийдөө энэ цаг үеэс АН-д залуус илүү хүчтэй байж "ах” нар нь араас нь дэмжсэн зураглалаар АН-ын улс төрийн тоглоом үргэлжлэх бололтой. Генсекээр тавихаар ярилцаад буй таван залуугаа АН-ынхан МАН-ын М.Амарбаясгалантай дүйцэх хэмжээнд байх ёстой гэсэн шалгуурыг тавьж суугаа гэнэ.
 
Г.Лхагваа
Zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.