Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны нэвтрэх постны уулзварт ачааны автомашин "Ланд круйзер-100” болон "Тоёота Приус” маркийн дөрвөн автомашиныг мөргөж, машинд сууж явсан нэг эмэгтэй гэмтсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Осол гаргасан "Ниссан Кондор” ачааны машин нь 10 тонн ачаатай явсан байна. Уг машин нь хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан гэх мэдээллийг зарим гэрчүүд хэлж байгаа аж. Осол гаргасан машиныг "Хурд” группийн тээврийн машин байсан гэх мэдээлэл байгаа юм. За мөн зарим мэдээллээс харахад ослын газарт Нийслэлийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэний эмч нар очсон ч "Хурд” группийг төлөөлж эрэгтэй эмэгтэй хоёр дарга нь зэрэгцэж ирээд, осолд өртсөн жолооч зорчигч нартай уулзалт хийснээр цагдаагийнхан асуудал үүсгэлгүй явсан гэх мэдээлэл гарч байна. За мөн мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эмэгтэй бэртэж, түргэний эмч нар яаралтай авч явахаар болсон хэдий ч эмчийн утсанд дуудлага ирснээр гэмтсэн бүсгүйг зүгээр байна хэмээгээд орхиод явсан гэх мэдээлэл medee.mn сайтад гарсан байна. Ер нь бол мэдээллээс үзэхэд талууд хоорондоо зохицоод өнгөрсөн бололтой байна. Тэгвэл "Хурд” группын эзэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн эрхэм гэдгийг Монголчууд бүгдээрээ мэдэх билээ.Тэгэхээр Монгол төрийн сангийн авдар дахь хөрөнгө зоорийг бодлогын дагуу зарцуулах эрх мэдлийг гартаа атгаад удаагүй сайд маань бас л ээлжит нэг асуудалдаа ийн нэр холбогдлоо. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний зангарагийг уг асуудал дээр ч бас харуулаад авсан бололтой байна.
Учир нь ослын газарт "Хурд”-ыг төлөөлөн ирсэн нэгэн эмэгтэй хамт ирсэн хүндээ "Наад хүмүүсийнхээ бүх машиныг шинээр сольж өг гэж Чойжоо дарга хэллээ” хэмээн хэлж байсныг тухайн газарт байсан хүмүүс сонсчээ. Тэгэхээр яах аргагүй л мөнгө эрх мэдэлтэй хүн гэдгээ, асуудлыг дор нь зохицуулдаг нэгэн гэдгээ харуулаад авчээ.
Ер нь тэгээд УИХ-д суугаа гишүүдээс хөрөнгө орлогын хэмжээгээрээ тэргүүн шугаманд бичигдэж байдаг Б.Чойжилсүрэнгийн тухайд өнгөрсөн жилүүдэд олон ч асуудалд нэр холбогдож ирсэн юм.
"Хурд” групп, "Хурд-Хүнс”, "АпартментКейЭйч”, "Хурд ложистик”, "Хурд-Автомотив”, "Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, "Хаусинвест”, "Талын шонхор”, "Саудгобикоэлтранс”, "Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний компанийн барьсан барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч гарч байсан. Гэвч "Хурд” ерөөсөө хариуцлага хүлээдэггүй өдийг хүрснийг мэдээллүүдээс эргэн харж болно.
Гэхдээ түүний компанид ажиллаж байгаад амиа алдсан хүмүүсийн талаар дараагийн цувралд мэдээлэх болно. Харин энэ удаа түүнтэй холбоотой өөр мэдээллүүдээс хэд хэдийг дурдая.
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу "Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололд газрын маргааны асуудал дэгдэж байв. Тус газар 2005 онд "Суруга Монгол” компанийн мэдэлд байсан юм. Анх 2004-2008 онд Нийс¬лэлийн удирдлагууд "Суруга Монгол” гэх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид цэвэр усны нөөцтэй Зайсангийн онгон дагшин газрыг ихээхэн хэмжээний мөнгөөр өгсөн байдаг. Тэнд Монголд байхгүй, орчин сайтай С1, С2, С3 хорооллууд баригдаж байсан юм. Үүний дараа "Суруга Монгол” компани гоёмсог хийцтэй "Гарден” гэх рестораныг барьж өөрсдийн оффис болгон ашиглаж байсан. Улмаар дээрх ресторан ашиглалтад орсны дараахан Япон захирлыг нь хар тамхины хилс хэрэгт гүтгэсэн ч "Хар тамхи хэрэглээгүй” хэмээн суллаж байсан юм. Япон захирлыг суллагдсаны дараа тун удалгүй "Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар уг барилгыг худалдан авч байсныг олон хүн гэрчилдэг. Ингээд улстөр бизнесийн бүлэглэлийн дарамт шахалтад орсон Япон захирал аргагүй эрхэнд уг барилгаа худалдаж ялгүй мултарсныг олон хүн гэрчилнэ гэдгийг оршин суугчид ч нотлоод байгаа юм. Гэвч өнөөдөр энэ газар "Хурд” компанийн эзэмшил болон хувирчээ. Тус компани 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлж, оршин суугчид нь хичнээн эсэргүүцсэн ч дийлэхгүй аргаа барцгааж байсныг эргэн сануулъя.
-Б.Чойжилсүрэнгийн "Хурд” компани хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг мөн л дээрэмдэж авсан гэгддэг. Тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлж байсан. Тэрбээр "Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэжээ.. Тэр бүү хэл "Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгаа аж. Тэд тийнхүү "тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин 5 940 400 төгрөгийн үнэтэй хашаа, хайсыг нь нурааж хаяжээ.
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон том хороолол бий. Энэ бол өнөөх л эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн "Рапид харш” гэдэг сүржин нэртэй хороолол. Хууль номоороо бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай. Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд "Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж… зэрэг орно” гэсэн заалт бий. Гэвч энэ заалт Чойжилсүрэнгийн "Хурд” группт үйлчилсэнгүй. Тус компанийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан олон арван байр барьж, асар өндөр үнээр зараад дууссан байдаг.
-Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаан дотор шахам "Хурд групп” ХХК орон сууцны барилга барьсан. "Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн эзэмшлийн галын аюултай бүсэд "Нарны хотхон” хэмээх орон сууцны хороолол хүч түрэн баригдсан. Төмөр замын депог нүүлгэж, 3600 айлын орон сууцны хороолол барьж эндээс асар их хэмжээний ашиг олохоор эрхэм гишүүн Чойжилсүрэн улайрч байна хэмээн хэвлэлүүд бичиж байсныг онцлоё. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилга нь 600,000 литр шатахуун нөөцлөх агуулахтай ойр байна гэж тогтоосон боловч тус компанийн барилга барих зөвшөөрлийг хэн ч цуцлаж чадаагүй. Өнөөдөр Монголын хууль зөвхөн эрх баригчдад үйлчилдэг учраас Чойжилсүрэн энд барилгаа барьж, харин "Улаанбаатар зүтгүүрийн депог л нүүлгэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа тасалаар хэвлэлүүд бичиж байсан ч, асуудал тэрчигтээ үлдсэн юм.
– "Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн зүүн талд нь Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан нэлээн том газарт өндрөөс өндөр хотхон сүндэрлүүлжээ. Үүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Рапид харш” гэх гоёмсог нэртэй 20 орон сууцнаас бүрдсэн том хорооллоо сүндэрлүүлээд байна. Эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд” компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын "Бэдү” компани гүйцэтгэлийг нь хийсэн гэх мэдээлэл бий.
Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн бизнесмэнийхээ хувиар ч, улстөрчийнхөө хувиар ч нэлээд урт гартай нэгэн юм. Одоо тэгээд яалтай билээ. Хувь бизнесээ гялалзуулдаг шигээ төрийн ажлыг ч сайн хийгээсэй л гэж хүсье дээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл