“Хурд”-ын барилгаас хүн унаж, дуулиант хэргүүдийг шийдвэрлэсэн долоо хоног


Өнгөрсөн долоо хоногийг дуулиант хэргүүдийг шийдвэрлэж, барилгын ослууд гарсан хэмээн онцолж болохоор байна. Тухайлбал, энэ сарын 18”нд "Хурд" хорооллын барилгаас хүн унаж амиа алдсан бол хоёрхон хоногийн дараа барилга дээрээс төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан машины хамрыг цоолоод тогтсон билээ.

Мөн олны анхаарлыг татсан нэлээд дуулиан тарьсан хэргүүд болох "АПУ"-гийн борлуулагчийг хөнөөсөн хэрэг, Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн хэрэг, дөрөвхөн настай хүүхдийнхээ амийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдоод буй Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт гарсан хэргүүдийг тоймлон хүргэе.
“Хурд”-ын барилгаас хүн унаж, дуулиант хэргүүдийг шийдвэрлэсэн долоо хоног
Барилга дээрээс хүн унаж амиа алдав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний  Төв номын сангийн орчимд баригдаж буй "Мастер инженеринг" компанийн барилга дээрээс энэ сарын 20-нд төмөр унасан юм. Барилга дээрээс унасан төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан "Тоёота chaser” маркийн автомашины хамрыг цоолж тогтсон бөгөөд уг  машинд явсан жолооч, 10 орчим насны охин азаар бэртэж гэмтээгүй юм. Онцгой байдлын газрын байцаагч дуудлагын дагуу ослын газарт ирж, барилгын талбай руу нэвтэрч, үзлэг хийх гэсэн боловч хамгаалалтынхан нэвтрүүлээгүй гэсэн.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгах явцад тус барилга дээр цэвэрлэгээ хийж байсан ажилчин уг төмрийг алдаж, унагасан болохыг тогтоосон юм. Өнгөрсөн долоо хоногт барилгатай холбоотой бас нэгэн осол гарсан нь "Хурд групп” компанийн барилгаас хүн унаж, амиа алдсан хэрэг юм. Энэ сарын 17-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Хурд" хорооллын гурван давхраас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус барилгын гуравдугаар давхарт хог цэвэрлэж байсан туслах ажилтан, Налайх дүүрэгт оршин суух 53 настай эрэгтэй М унаж, нас барсан болох нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Энэ мэтчилэн барилгын осол гарах нь ихэсч байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс хүйтний улирал эхэлж гадаах цаг агаар хасах хэм рүүгээ шилжсэн тул барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулсан юм. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийхэд 403 барилга их эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна.

Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан нь олныг ихээхэн цочирдуулаад авсан. Тодруулбал, тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 20 гаруй настай эмэгтэй Б гэгч нь 54 настай эхийгээ 32 удаа хутгалж, амийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Уг хэрэг сургуулийн гудамжинд гарсан бөгөөд шалтгаан нь ердөө гэр бүлийн маргаанаас үүдэлтэй аж. Эл хэргийг үйлдсэн хэмээн шалгагдаж буй Б-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр татан саатуулан, шалгаж эхэлжээ. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд оноосон цаазын ялыг хүчингүй болголоо

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаад байсан хэргүүдийг шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргасан юм. Тухайлбал, "Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц-г хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Тодруулбал, эл хэргийг үйлдсэн Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залууг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноосон юм. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж ялласан байдаг.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлсэн юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн Н.Батнямд оноосон цаазын ялыг хүчингүй болгох шийдвэр гарчээ. Учир нь анхан шатны шүүхээс түүнд цаазын ял оноохдоо ямар зүйл ангийг баримтлан оноосон гэдгээ шийтгэл тогтоол дээрээ бичээгүй байна гэсэн үндэслэлээр уг үйлдлийг нь ноцтой алдаанд тооцон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг хэлэлцээд ялыг нь бууруулав

Мөн энэ сарын 19-нд дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарын Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91,2,11, 91,2,12, 91,2,15, 100,1 гэх зүйл ангиар буруутган анхан шатны шүүхээс 24 жилийн ял оноосон билээ. Харин тэд энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөж, ялын хэмжээг  нь бууруулсан шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт тус бүрт нь оноосон 24 жилийн хорих ялыг тус бүрт нь 22 жилийн хорих ял болгон бууруулсан юм.

Өөрийгөө шатаасан С.Эрдэнийг Солонгос руу явуулах эсэхийг компани нь шийдээгүй байгаа гэнэ

"Эрдэнэс-Таван толгой” компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Эл хэрэг эдүгээ ч олны анхаарлын төвд байна. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор дуудан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэх хариултыг өгсөн. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж.

Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна. С.Эрдэнэ одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэдийгээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгөөд одоо болтол Солонгост эмчилгээ хийлгэх эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байгаа хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байна. Гэтэл С.Эрдэнийн үйлдэлтэй яг адилхан үйлдлийг өнгөрсөн долоо хоногт нэг иргэн гаргажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст "Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө болон гэрээ галдан шатаахыг завджээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид Ш гэгчийн үйлдлийг шуурхай таслан зогсоож чаджээ. Энэ мэтчилэн сүүлийн үед өөрийгөө шатаана, хувцсаа шатаана, хөхөө огтолно гэх мэтчилэн сэтгэцийн эрүүл бус хэв маягтай үйлдлүүд гаргах санаатай хүмүүс олширч байгаад албаныхан анхаарал хандуулах буй заа.

Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалт хийж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх ажиллагааны үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсэг нь өөрсдийн автомашинаараа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байхдаа баригдаж саатуулагджээ. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Э.МӨНХ


Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.