Иргэдийн халаасыг ухах эхний тогтоол


naraaaegch_0221засаг хүндэрсэн, төсөв тасарсан гээд иргэдийнхээ халаасыг ухах төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болжээ. Тэдгээрийн эхнийх нь Дорноговь аймгийн ИТХ-ийн шийдвэр. Тэд аймагтаа байх Замын-Үүд, Хангийн боомтоор зорчигчдоос хилийн хураамж авахаар болжээ. Ингэхдээ Монгол Улсын иргэнээс 1000, гадаадын харьяатаас 5000 төгрөгийн хураамж авах юм гэнэ.
Өмнө нь ч энэ төрлийн хураамж байсан. Тодруулбал, 2010 оны наймдугаар сараас эхлэн Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарахад 1000 төгрөг авдаг байсан бөгөөд түүнийгээ бүтээн байгуулалт хөгжлийн "Замын-Үүд сан” гээчид "хуримтлуулдаг” байв. Дээрх шийдвэрийг энэ жилийн долоодугаар сарын 20-ны өдрийн ИТХ-ын 93 тогтоолоор хүчингүй болгосон гэж байгаа. Мөн хил залгаа оршдог БНХАУ-ын Эрээн хот ч ялгаагүй таван юанийн хураамж авдаг байсан. Тэрхүү хураамжийг 2014 оны зургаадугаар сараас эхлэн болиулсан. Учир нь, Замын-Үүдийн боомтын захиргаа тухайн үед үйл ажиллагаагаа эхлүүлээд, захиргааныхан нь Эрээн хотын удирдлагуудтай уулзаж хоёр улсын талаас авдаг олон төрлийн татвар, хураамжийг цэгцэлж, хөнгөвчлөх талаар ярилцсан байдаг. Ингэснээр Монголоос Эрээн хот руу гарч буй иргэн таван юанийн хураамж төлдөг байсныг болиулж чадсан. Ийнхүү Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хот руу нэвтрэх эрхтэй болсон. Тухайн үед Эрээн хот руу нэвтрэхэд Монгол Улсын иргэд жилд дунджаар 12 сая юань буюу хоёр сая ам.долларын хураамж төлдөг байсныг хүчингүй болголоо хэмээн шуугиж байсан. Бас ч гэж гадагшаа урсах багагүй мөнгийг улсдаа үлдээсэн гэж ойлгож болно.
Харин өнөөдөр дээрх 93 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Замын-Үүд, Хангийн боомтоор зорчиж, БНХАУ-д нэвтрэхийн тулд 1000 төгрөг төлөх шийдэр гарсан нь хэр нүдээ олсон "бай” гэдгийг бодох шаардлага тулгарч байгаа юм. Өмнө нь таван жилийн туршид иргэдээс авсан 1000 төгрөгийн хураамж "Замын-Үүд сан”-д төвлөрөөд чухам хэрхэн зарцуулагдсан нь сонирхол татна. Есхөн километрийн зайтай орших Эрээн хот, Замын-Үүд сум хоёрын хөгжил нэг шугамнаас эхэлсэн ч өдгөө өдөр, шөнө шиг ялгаатай болчихсоныг хэнбугай ч хэлнэ. Түүгээр ч зогсохгүй анх 2010 онд иргэдээс 1000 төгрөгийн хураамж авч эхлэхэд хүмүүс тааламжтай хандаж байсан. Улсын хил залгаа сумын хөгжилд нэмэр болох учраас "өөдлөх айл үүднээсээ” гэдгээр тус сумын хөгжлийн үүд нээгдлээ гэж бодсон хэрэг.
Тухайн үед зөвхөн Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 3000-5000 хүн зорчдог гэсэн тооцоо байсан. Тэгвэл энэ тооцоогоор "Замын-Үүд сан”-д өдөрт багадаа гурван сая, эсвэл бүр түүнээс ч их хэмжээний мөнгө хуримтлагддаг байсан гэсэн үг. Хуримтлагдсан мөнгөөр чухам юу хийдэг нь тийм ч тодорхой харагдахгүй, элс, шороон шуурга хүчээ авч, цөлжилт үргэлжилсэн хэвээр байгаа. Үнэндээ хил давахын тулд нийтийн бие засах газар ч ховорхон хэвээр байгаа нь Замын-Үүд хөгжөөд байна гэж ойлгоход тун бэрх. Замын-Үүдийг хувийн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хөрөнгөөр барьсан хэдэн барилга, байшин л өнгө зассан мэт харагдуулдаг болохоос яг хилээр гарч буй иргэдээс хурааж авсан сангийн мөнгөөр хийсэн зүйлийг нь их л нухацтай нягталж байж олж харах биз. Тиймээс ч иргэд 1000 төгрөгийн хураамж төлөхдөө сүүлдээ дургүйлхэх болсныг хилийнхэн андахгүй сайн мэдэх болсон. Ашгүй тэрхүү хэн нэгний түрийвчийг зузаатгах боломжийг нээсэн 1000 төгрөгийн хураамжийг авахаа больж хэмээж байсан ч нь одоо талаар боллоо. Иргэдийн нуруун дээр ачаалал өгөхгүй, аж ахуйн нэгжүүдийг татвар, хураамжаар дарамтлахгүй хэмээн төр, засгийн удирдлагууд өдөр бүр мэдэгдэл хийж, шийдвэр гаргаж байна гэх боловч цаад утгаараа орон нутгийнхан ийнхүү дураараа дургиж сууна. Дуртай үедээ мөнгө хураах шийдвэр гаргаж, өөр хэн нэгэн нь сонгогдохоор тэрийг нь хүчингүй болгож, эгээ л иргэдээр наадаж байна уу гэлтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед 1000 төгрөгөөр тооцон хураамж аваад чухам юу хийснээ хэрхэн тайлбарлахаас их зүйл шалтгаална.
Өмнө нь байсныг тайлбарлах байтугай сангийн хуримтлагдсан хөрөнгөөрөө юу барьж, байгуулснаа ч тоочдоггүй хүмүүст итгэхэд хэцүү. Уг нь, хүн бүр 1000 төгрөг өгөхөд ямар их зүйл хийж бүтээж болдгийг саяхан 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан "1000 төгрөг” аян харуулсынг уншигчид санаж байгаа байх. Сэтгэл гаргасан иргэд 1000, түүнээс дээш төгрөгийн хандиваар түлэнхийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж авч өгсөн. Тэгэхэд өдөртөө хэдэн саяар хуримтлагдах "1000” төгрөгийг хэн халааслах гээд байна вэ.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.