Дөрвөн тэрбумаар “зугаалах” түшээд


Дөрвөн тэрбумаар “зугаалах” түшээд

 

Энэ гарчиг арай хатуудсан ч байж болно. Гэхдээ өнгөрсөн цаг дээр харахад иймэрхүү л байсан харагддаг. Энэ тухай өгүүлэхийн өмнө өнөөдрөө нэг харцгаая.

 

Олон улсын Moody’s  байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулах талаар судалж байгаагаа мэдэгдсэн. Тэдний харж  байгаагаар манай улсын ДНБ –ний өсөлт 2016 өмнөх байдлаар 2.8 хувьтай байхаар байсан бол бодит байдал дээр 1.5 хувь болж буурчээ. Харин 2017-2018 оны ДНБ –ний өсөлтийг 3.5 хувь гэж харж байна. Ерөнхий сайд маань 2017 онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэнэ гэж мэдэгдээд байгаа нь гадаадын шинжээчдийн төсөөлөлтэй дүйж байгаа юм.

 

Яг өнөөдрийн хувьд 100 хоног нь хаяанд ирсэн Засгийн газрын эцсийн шийдэл бөв бөөрөнхий байсаар. "Стэнбай” гэдэг хатуу болзолтой зээлийг авах уу. Бонд босгож бондын өрийг  бондоор дарж түр амирлуулах уу. Манай зээлжих зэрэглэл буурч байхад дахин том бонд гаргана гэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Ер нь Монголоо аврах сэтгэлтэн болоод ухаантан их байгаа ч суурь гажуудлаа засаагүй цагт хэзээ ч өөдлөхгүй болохоо зөвшөөрөх цаг ирээд байгаа.

 

Төсвөө бодитой буулгаж, орлого талаа хөсрүүлэхгүй байх нь энэ удаагийн төсвийн хувьд бараг хувьсгал болно гэж хэлэхээр байна. Их хурлын сонгууль 10-аад жилийн өмнөх рүүгээ буцаж жижиг тойргийн зодооноос олонх гишүүд гарч ирсэн тул наанаа хэмнэлт ярьж суугаа гишүүд тойрогтоо нэг угтах хаалга, сургуулийн  дээврийн мөнгө гаргачих  өнцөг харж суух талтай. Засгийн газрын хувьд дахин бүдрэх төсөл Их хурлаараа оруулах юм бол олон нийтээс дэмжлэг авах орон зай нь бүр багасах тул төсвөө тун сайн бөөцийлсөн байх.

 

Гэхдээ ханцуй дотроо тохироо хийж төсөвт суулгах найрсаг наймаа гишүүдэд байж л байгаа. Энэ элэгсүү хэрнээ үрэлгэн тойрог тойлсон тэрбум тэрбум мөнгө гарын салаагаар урссан,  ам хаасан ажил болоод өнгөрдөг. Иймэрхүү шахаагаа төсөвт авч үлдэхийн тулд төсвийн орлого талаа өсгөн оруулдаг. Тонн нүүрс 40 доллар байхад 100 доллар хүрнэ гээд авчихна. Зэсийг бол ядаж 40 хувь нэмээд Эрдэнэтийг тамалчихна. Ер нь бол дэлхийн зах зээл дээрх уул уурхайн эрдэс баялгийн үнийг байнга л өөдрөгөөр өөрсдөө зохиох шахуу тавьчихдаг. Ингээд асар алдагдалтай төсвийг хуулийн хугацааг нь яг тулгаж байгаад баталчихдаг.

 

Хуулиар батлах төсвөө батлах ганц хоног үлдлээ гээд хэвлэлүүд шуугихаар олон нийт доторх нь юу суусан нь дүүрч амжаад батлаасай, ирц нь хүрээсэй гээд сүү өргөх нь холгүй болдог. Ингэж алдагдалтай төсөв баталж ил далд бүлэглэлд төсвийн шахааг нь  тултал хийлгэж сургасан болохоор бид хямрахаас өөр юу хүлээх билээ. Өчүүхэн орлогоо хэд  нугалсан зарлага гаргаад "ашигтай” тендер цэцэглүүлээд байхаар жирийн өрх айлч дампуурахаар дүр зураг тод бууна.

 

Хямралын төсвийг яаж хийхийг олон нийт хэвлэлийнхэн одоо тун анхааралтай харах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн саруудад төр засаг өөрсдийн хэмнэлтэд тун гар татуу хандаад иргэдээ л нэг удаа гүрийчих гээд байгаа. Одоогийн өргөн бариад байгаа төсвийн төсөлд хэмнэлт гээд жишээ татвал гадаад томилолтод 4.2 тэрбум орчим төгрөг суусан ба үүнээсээ хэмнэлт болгож 700 саяыг нь танахаар зориг гаргаж оруулж ирсэн гэж байна.

 

АН-ын олонх байсан парламентийн үед ирц бүрдүүлэх гэж нэг шүдний өвчин байлаа. Гуйлгаж сонгогдсон мэт хойноосоо хөөцөлдүүлсэн гишүүд олон. Засаг огцруулах, сайд томилох зэрэг тоотой хэдхэн удаад 100 хувь ирцтэй эрүүл нойрмог нийлсэн 76 түшээ хуралдсан тод дурсамж бий. Ирц хүрээгүй чуулган бүрт гадаад улсад томилолтоор яваа  гишүүдийн нэр дуулдана. Өнөөх төсөвт суулгасан 4 тэрбумаар чинь томилолтын зардал хийгээд ажлаа тасалж явсан хэрэг гэж мушгихад нэг их хол тусахгүй. Иймэрхүү бие биенээ эрхлүүлж энэ тэнд тааваараа зугаалсан бодлого шийдвэрт тусгал багатай үрэлгэн айлчлал зугаалгаа тултал нь танах хэрэгтэй. 700 сая бус 3 тэрбумаар нь танахад төсөвт бас овоо нэмэр ороод ирэхээр.

 

Хямралаас өнөө биш ч хэтдээ гарья гэвэл Төсвийн алдагдлаа бууруулах, цаашлаад тэглэхгүй бол сүйрэл ойрхон гэдэг санамжийг  эрхэм түшээд ёстой эх орончоор ухаарахыг хүлээх үлдлээ. 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/474476.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.