(1).jpg)
Монгол улсын улс төрийн сонгууль утга учраа алдаж байна. Улс үндэстнийхээ төлөө боломжтой бүхнээ зориулж ирсэн, цаашид ч зориулах эрхэм нэгэн гэдэг нь хэн бүхэнд илэрхий тодорхой болсон, ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн сонгуульд дэвшмээр.
Гэтэл урьд өмнө огт үзэгдэж дуулдаж байгаагүй, ард түмнийхээ төлөө хөндлөн гишгэхийн төдий үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь эргэлзээтэй этгээдүүд гэнэт гарч ирээд, 100% худал гэдэг нь ойлгомжтой үгсийг лоозогнож, мөнгөөр уралдаж, "их мөрийтэй тоглох” болов.
Урьд ингэж тэгж ард түмнээ гийгүүлэв гэж гөрдөж, цаашдаа Сингапур Саудын Араб болгоно гэж хүртэл амлан мэхэлдэг боллоо. Тоглоом тохуу хийж буй мэт санагдах боллоо. Юун сонгох, бүгдийг нь шоронд хийвэл таарах этгээдүүдийн багт наадам ч гэж бухимдсан шударга иргэд хэлж байна.
УИХ, НИТХ-ын сонгууль ч утга учиргүй болсон. МАН үнэмлэхүй гэх ялалтыг байгуулаад Монголыг аврах үйл ажиллагаа явуулж ирэв үү?
Өнөөдөр Монгол улс оршин тогтнох ямар ч орлогын эх үүсвэргүй шахам болж. Дээд зэргээр бүсээ чангалан бараг гуйлга түүлгээр амьдрах, өглөгчдийн юу хэлснийг үг дуугүй гүйцэтгэн морь нохой мэт зүтгэх Стенд-бай хөтөлбөрт орох гэж байна. Хамаг баялаг, нутаг усаа алдаж, резерваци хэмээх дүрвэгчийн лагерь мэт зүйлд амьдран, архи, казино, цацраг идэвхид дарлуулан мөхөгч индианы ард түмнүүд шиг хувь заяаг бидэнд тулгах гэж байна.
Дэлхийн санхүүгийн "Уолл-Стрит жорнэл” сэтгүүлд Монгол улс эдийн засгийн хувьд сөнөж сүйрч дууслаа гэж халаглан бичсэн бол нэрт эдийн засагч Гупта Монголын төр засаг тэнэглэж байна гэж дүгнэлээ. Нийгэм эх захаа алдаж буйн жишээ нь саяын мөрийтэй тоглоомчдыг дээрэмдсэн гэх хэрэг. Монгол тэр аяараа мөрийтэй тоглоомын газар мэт л боллоо.
Ашигт малтмалын үнэ 7-р сараас өссөн нь монголчуудын хувьд авралт завшаан болох учиртай. Гэтэл байдал улам дордсоор. Далай их байгалийн баялаг маань хаачив аа?
Ийм хүнд байдалд орох гэж сонгогчид МАН-д саналаа өгсөн үү?
УИХ, НИТХ-ын сонгуулийн дараахан МАН хүн ардын хамгийн их дургүйцэл жигшлийг төрүүлсэн этгээдүүдийг хамгийн өндөр албан тушаалд тавьж, ард иргэдийг басамжлан доромжилж, бах таваа хангах мэт үйлдэл гаргасан.
Түүнийхээ дараа МАН мөрийн хөтөлбөрөө эсрэгээр нь биелүүлэх л юм хийлээ. Мөнгө байхгүй, юу ч хийх арга алга, хамаг цалин халамжийг багасгаж, орон тоо цомхотгож хэсэг амь зогоохоос өөр замгүй гэсэн л үгээр мянган асуудлын таглаа хийж байна.
УИХ-ын чуулган ч эхлээгүй байхад л амласнаа бүгдийг нь эсрэгээр нь шийдэж амжсан намыг юу гэх вэ? Далан худалч нам гэх үү, юу ч мэддэггүй МАН-гарууд гэх үү. Амлалтаа биелүүлэх гэсэн чинь ямар ч боломж байдаггүй, үүнийг мэдсэнгүй гээд байгаа. Улс орныхоо нийгэм-эдийн засгийн бодит байдлын талаар ойлголтгүй байсан юм бол яах гэж элдэв шидийн юм амласан юм бэ, эсвэл мэдсээр байж, санаатайгаар сонгогчдыг залилав уу?
МАН-ынхан ард түмэн дэндүү тансаглаад улс орныг сөнөөчихлөө гэж сонгогчдоо гүтгэж харлуулсан. Ард түмнээ хэт жаргаж цэнгэж, идэж уулаа, одоо бүсээ чангал гэж гүтгэн дайрах, далай их баялагтай улс атал төрөөс өгдөг жаал жуул юмаа тэглэх, зээлийг зээлээр л төлнө гэж үглэх, дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх гэж зүтгэх гэдэг бол огтхон ч гарц биш юм. Гагцхүү эрүүл нийгмийн бодлого л Монгол орныг аврана, өөр юу ч биш. Гэтэл МАН-д эрүүл саруул ухаан, үйл ажиллагаа үгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа.
Монгол хэмээх хөлөг онгоцыг аврах ахмад хэрэгтэй байна, дүр эсгэсэн нэр дэвшигчид биш! Ард түмэн бид хөлгөө аврах баг болох ёстой, худал амлагчдыг хаад ноёд болгож толгой дээрээ залах биш! Төр улсыг түйвээгчдээс бүрмөсөн ангижруулах ёстой, эрүүл саруул ухаант хүн гэдгээ харуулах ёстой, бид! Энэ улсыг аврая гэсэн сэтгэл төрд гарах гэж байгаа хүмүүст байх ёстой. Тийм сэтгэл байхгүй бол төрөөс хол явах хэрэгтэй.
Хол явахгүй гэвэл ард түмэн хариуг нь барих хэрэгтэй!
Улс үндэстнээ оршин тогтнуулахын тулд зөв сонголтыг хийцгээе! МАН-ыг сонгож болохгүй юм байна. МАН-аас бусдад нь саналаа өгч нэг намын дарангуйллыг зогсооё!
МАН-ЫГ СОНГОХГҮЙ БАЙЖ, УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ!
Миний Монгол мандан бадрах болтугай!
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг
Монгол хүн монгол хүндээ тусалъя! ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр
2016.10.11
ХАВСРАЛТ 1.
МАН-ЫН ЭСРЭГЭЭР НЬ БИЕЛҮҮЛЖ, ШИЙДЭЖ БАЙГАА ХУДАЛ АМЛАЛТУУД
Ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн:
-"Давхар дээлгүй” мэргэжлийн ЗГ байгуулах,
-Хүүхдийн мөнгийг олгох,
-Оюутны тэтгэлгийг олгох,
-Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх,
-Цалин урамшууллыг өсгөх,
-Өрхийн сарын орлогыг 2 дахин нэмэгдүүлэх,
-Орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх,
-Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах,
-"Насны хишиг” шинэ тэтгэвэр буй болгох,
-Эхчүүдэд хүүхдээ асарч өсгөсний цалинг олгох хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх,
-Үндэсний тэтгэлэг 70 200 төгрөгийг үргэлжлүүлэн олгох,
-Инфляци, ханшийн уналтыг зогсоох,
-"Баялгийн сан” байгуулж, иргэдэд хүртээх,
-"Итгэлийн зээл” зэрэг шинэ зээлүүдийг буй болгон, иргэддээ туслах гэх зэрэг амлалтыг өгч, 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд оролцжээ. Юутай ч атугай, дээрхи амлалтууд эсрэгээрээ хэрэгжиж байгааг бид харж байна. Ямар утга учиргүй явдал гээч энэ билээ?
Тэгвэл эдийн засаг, нийгэмрүү чиглэсэн:
- Тусгай зөвшөөрлийн тоог З дахин цөөрүүлэх,
- Арилжааны зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах,
- Аймаг бүрт аль болох олон үйлдвэр барих,
- Бага орлоготой ААН-үүдийгн орлогыг 1% болгох,
- "21:10”, "Монгол мал”, "Атрын аян” зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэх,
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх,
- ШУ, технологийн судалгааны санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлэх,
- Бүсийн хөнгөлөлтийг бодтоор хэрэгжүүлэх,
- Валютын нөөцийг үлэмж нэмэгдүүлэх,
- Тариалан, МАА-н бүтээгдэхүүнийг, түүнийг боловсруулах үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлэх,
- Хамгаалалттай газар нутгийг 25%-д хүргэх,
- "Ардын засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
- Хууль алагчлалгүй үйлчлэх зэрэг амлалтууд яав аа? Бүгд эсрэгээр хэрэгжиж байна. Энэ бүхэнд ард түмэн шударга сонголтоороо хариу барих ёстой.
ХАВСРАЛТ 2.
ЕС Ж.ЭРДЭНЭБАТ ГЭЖ ХЭН БЭ?
Засаг дарга байхдаа аймгаа хятад голдуу компаний уул уурхайн хөлд талхчуулсан, элдэв хэл аманд хангалттай холбогдож байсан, УИХ-д ороод тэр компаниудын эрх ашгийг хамгаалаад суучихсан, ариун дагшин Ноён ууланд алт ухуулахаар улайран дайрдаг, улсыг их өрөнд оруулахад хамтран зүтгэсэн, Дубайн гэрээнд гарын үсэг зурсан, сонгуулиар будлиан булхай хийсэн гэхчилэн түмэн нүгэлтэн.
ЕС болох сураг гаруут л Ж.Эрдэнэбат Ноён уулыг уурхай болгох хурал зохион байгуулж байсан.
Түүний ЕС болоод амжуулах үндсэн гурван үүрэг нь: "Эрдэнэт"-ийг Ч.Сайханбилэгийн хувилбараар, Тавантолгойг MCS-ийн заавраар, Ноён уулыг "Сентерра Гоулд"-ын төлөвлөгөөгөөр явуулах - энэ гурав л байх юм байна гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан нь ортой.
Ж.Эрдэнэбатыг аймгийн дарга байх үед:
-Ж.Эрдэнэбат АТГ-аар шалгагдаж байна.
-Ж.Эрдэнэбат 2003-2004 онд аймгийн санхүүгийн хэлтсийн дарга байхдаа аймгийн дулааны станцийн хэрэглэсэн нүүрсний мөнгө болох 150 сая ₮-ийг Шивээ-Овоогийн уурхайд шилжүүлэх байсныг замаас нь хүртсэн. УМБГ-ын ЭЗГХТТасагт шалгагдсан ч үр дүн гараагүй учир уурхайнхан нэхэл дагуул хийсээр байна.
-Ж.Эрдэнэбат 2009 онд 6000 суудалтай стадионы зураг төсөл хийх ажлыг 600 сая ₮-өөр үнэлэн, тендерийг нь найздаа өгөв. 3 жилийн хугацаанд үүнд зарцуулсан мөнгө 1 тэрбум 300 сая болж өссөн ч, суудал нь 3500 болж жижгэрсэн. Энэ асуудлаар нутгийн иргэд АТГ-т хандсан.
-Ж.Эрдэнэбат "Аймаг хөгжүүлэх сангаас 105 сая төгрөг бэлнээр гаргаж өг” гэж хууль бус үйлдэл рүү ажилтнаа түлхэж, "дансаар шилжүүлэх ёстой шүү дээ, дарга аа” гэсний төлөө ажлаас халжээ.
-Ж.Эрдэнэбат хүнд даацын техник, засаг дарга өөрийнх нь "үйл ажиллагааг нь саадгүй явуулуул” гэсэн бичигтэй, урт нэртэй хуулийг зөрчдөг, тусгай хамгаалалттай газарт ч чөлөөтэй цөлмөдөг, Сэлэнгэ даяар алт ухдаг, "боловсон нинжа” нэртэй этгээдүүдийг гааруулжээ. Монгол-Оросын хилийн хориотой бүсэд ч тэд алт ухаж, хоёр улсын хооронд дайн дэгдээх дөхдөг байна.
-Ж.Эрдэнэбат гадаадын уул уурхайн компаниудыг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлдэг... гэсэн нийтлэл сонинд гарч байв.
Ганцхан нийтлэлд л ийм юм дурдагджээ. Хэрэв энэ хүнийг бүхлээр нь харвал?
Байдал ийм байхад энэ хүнийг ажлыг нь хийлгэ гэх хүн цөөнгүй байх юм. Юуг яах гэж хийлгэх гээд байгаа юм бол.
Тэгвэл саяхан Ж.Эрдэнэбат Монголын ахмадуудыг доромжилж, нийгмийг үнэхээр их цочирдуулсан. "Монголын ахмадууд гэдэг чинь хэдхэн төгрөгийн төлөө бие биеэ хорлох егүүтгэхдээ тулсан адгийн шаарууд гэх гээд байна уу? Энэ л буянтай буурлуудын хөлс цусаа урсган, амьдралаа зориулан золиослон байж бүтээн босгосон нийгэмд л монголчууд амьдарч байгаа, тэдний ачаар оршин тогтнож байгаа” гэж олон нийт бухимдсан.
Тэр ахмадууд мөнгөнөөс болж их муухай юм бодоод байгаа учраас Хамтын тэтгэврийг болиулж байна гэж тодорхой хэлж, ахмадуудыг, ард түмнээ, сонгогчдоо, намын гишүүдээ доромжилсон бол, нэмж хэлсэн үгээрээ доромжлолоо улам бататгасан. Нийт Монголын ард түмнийг ч доромжилж гүтгэсэн хэрэг юм.
Монголчуудыг ингэж үнэлж дүгнэж явдаг хүн Монголын төрд байх байтугай, зөвхөн саяын хэлсэн үгийнхээ тухайд гэхэд л уг нь хатуу шийтгэл хүлээх ёстой. Гэвч хариуцлага гэх ойлголт МАН-д алга. Ард түмэн сонголтоороо улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл