МАН-ын үнэн төрхийг илчилж, Ж.Эрдэнэбатын танхимын 100 хоногийг дүгнэхэд хэдийгээр үе үеийн Засгийн газрын арвин түүх байх ч хүмүүсийн толгойд хамгийн ойр байгаа жишээ, АН-ын үед ямар байв гэдэг харьцуулал нэлээд дөт дүгнэлт болох болов уу. Тиймээс тэдний гарааны харьцууллыг хүргэе.
АН Шинэчлэлийн Засгийн газар байгуулж, ажилдаа орсныхоо зургаа дахь өдөр Төрийн ордныг түмэнд нээлттэй болгож, Монголын төр түүхэндээ анх удаа олон нийтийн өмнө хаалгаа дэлгэж байлаа. Тэгвэл МАН 2016 оны сонгуульд олонх болж, Засгийн газраа 24 хоногийн дотор байгуулсан амжилттай ч төр, засгийн ажил хаалттай, гишүүд, сайд нар нь "даргын зөвшөөрлөөр дуугардаг” горимд шилжив. Мэдээлэл авах эрх хаагдав. АН-ын үед бий болгосон төр иргэдээ сонсдог 11-11 төвийг татан буулгав.
АН-ын төр, МАН-ын төр гэж байхгүй, Монголын төр гэж нэг л төр бий. Харин төр маань АН-ын үед нээлттэй, иргэдээ сонсдог чихтэй байсан бол МАН-ын үед иргэдээ сонсдоггүй, хаалттай болчихлоо. МАН-ын үнэн төрх энэ. Засгийн газрынх нь 100 хоногт зүүх зүүлт "ИТГЭЛ ДААСАНГҮЙ” гэх тодотгол юм.
АН-ын үед одоогийнх шиг эдийн засгийн хямрал, мөнгөний гачигдал байсан уу гэвэл байсан. Гэтэл зоригтой шийдэл гаргаж, сүүлийн 20 гаруй жил бүтээн байгуулалт хэмээгчийг мартсан Монголыг сэрээсэн. Бонд босгож, барилгын салбарыг хөдөлгөөнд оруулж, орон сууцны зээлийг нэмэгдүүлж, зах зээлийн эрчимтэй эргэлтийг бий болгосон. Мянганы замыг үргэлжлүүлж, орон нутгийн замыг сайжруулсан, компаниудад боломж олгосон. Уул уурхайн ашигт малтмалын түүхий эдийн үнэ тэнгэрт хадаж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан алтан үед МАН-ын хийгээгүй ажлыг дэлхий нийтээрээ туйлдсан хамгийн хүнд цаг үед АН бас ч гэж эхлүүлж, хямралыг ч ард түмэндээ мэдрүүлээгүй.
МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулж "мэргэжлийн” ажиллана гэсэн нь хэрэг дээрээ гэр бүл, ах дүү, хамаатан садангийн засаглалаа тогтоож гэдийж суухын нэр байжээ гэдгийг өнөөдөр олон нийт хангалттай харж авлаа. Бас хангалттай шүүмжилж байна. Засгийн газар хямралтай байна гэж яриад байгаа болохоос гарц хайхгүй, шийдэл гаргахгүй, юм хийхгүй сууж байна. Юун бүтээн байгуулалт, юун бонд, ипотекийн зээл ч зогслоо.
Ам. долларын ханш дийлдэхээ болилоо. АН-ын буруу гэж ярих, бичихээс цааш сэтгэхгүй, хийхгүй байна. Тиймээс эдийн засгийн чиглэлээр амлалтуудаа орвонгоор эргүүлж орхив. АН-ын эхлүүлсэн "Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоов.
2016 оны сонгуульд МАН-ын сонгогдох болсон шалтгаан нь сонгогчдыг татсан амлалтууд нь байлаа. Тэгвэл одоо амлалт, биелэлт тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Юу амлаж, түүнийгээ одоо хэрхэн биелүүлж буйг хүснэгтээс харахад илүү ойлгомжтой. Ялангуяа зүүний чиглэлийн улс төрийн хүчин гэдэг тус нам нийгмийн болоод халамжийн чиглэлээр ард түмнээ молиго үмхүүлэв.
Хууль, эрхзүйн чиглэлээр АН-ын үеэс эхлүүлсэн шинэчлэл, шинээр өргөн барьсан хуулийн төслүүдийг хүчингүй болгов. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль бол олон хүн, гэр бүлд хүлээлт үүсгэсэн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ялтай байлгаж, өрсөлдөгчөө замаасаа ходуулах нэг намын, нэг хүний аминч үзлээс болж олон нийтийн эрх ашгийг хохироов. цөөхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх хамгийн их зөрчигдөж байгааг шийдэх байсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг гацаав.
Ер нь бол МАН өмнөх дөрвөн жил засаг барьсан АН-ыг буруутгаж, муулж, хийсэн бүхнийг нь харлуулж байгаа атлаа тэдний хийсэн багахан боловч өөрчлөлтийн нөмөрт л нэр хүнд, хар амиа хоохойлсон өдрүүд үргэлжилж байна. Ард түмэн 2016 оны сонгуулиар ухралт хийснээ ойлгож эхэллээ.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл