М.Энхболдын БНХАУ-д хийсэн айлчлалаар юу шийдэв


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ний өдрүүдэд БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний талаар өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. 
 

М.Энхболдын БНХАУ-д хийсэн айлчлалаар юу шийдэв

 

Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдийг дээрх уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар тус тус хүлээн авч уулзсан байна. БНХАУ-ын даргатай уулзах үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцахын зэрэгцээ тус улсаас бусад улс орнуудтай хамтран ажиллахаар санал тавьж буй "Нэг бүс-нэг зам” төсөлд Монгол Улстай хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй дэд бүтцийн сүлжээнд Монгол Улсыг хамруулах, Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтуудыг олон улсын статустай болгох зэрэг асуудлаар тодорхой саналуудыг манай талаас тавьж, ярилцсан талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр, экспортын бүтээгдэхүүнүүд, тэр дундаа уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэд бүтцийн асуудал чухал болохыг онцолж байв. 
 
 
Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсан. Уг зээлийн хэлэлцээр ёсоор нийт зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 150 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах үүрэг хүлээсэн ч манай талаас үүргээ биелүүлээгүй явж ирснээс үүдэн өнөөдрийг хүртэл энэ зээлийг авч чадаагүй байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга тус улсын төр засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас гаргах мөнгөний хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх саналыг тавьж, хэлэлцээрүүд хийсэн байна. 
 
 
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улс цаашдаа богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны зээлээс илүүтэй бага хүүтэй, урт хугацааны хөгжлийн зээл авах зайлшгүй шаардлага бий. Ирэх жилүүдэд манай улс гаднын улс орнуудаас авсан зээлийн эргэн төлөлт болох 580 орчим сая ам.доллар төлөх ёстой. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаадын улс орноос авсан зээл өндөр хүүтэй буюу жилийн 6-11 хувийн хүүтэй зээлүүд байгаа. 2016 онд гэхэд л 1.6 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн, 1600 цэцэрлэг барих мөнгө. Тиймээс цаашдаа Монгол Улсын өндөр хүүтэй авсан зээлүүдийг хөгжлийн зээлээр солих асуудал бол Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө тулгамдаж буй асуудал юм. БНХАУ-д ажиллах үеэр энэ асуудлыг хөндөж ярилцсан ч тодорхой зээлийн хэмжээ, үнийн дүн яриагүй болохыг зориуд онцолж хэлье. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргах, өсөлтийг бий болгоход санхүүгийн хямд өртөгтэй эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд жилийн хүү нь хоёр хувиас ихгүй, хугацаа нь 20 жилээс дээш байх хөгжлийн зээл авах сонирхолоо илэрхийлсэн” гэлээ. 
 
 
 
Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар мэдээллийн эхэнд тэмдэглэн хэллээ. Мөн тэрбээр Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш /парламент/-ын гишүүн Ч.А.Турсунбековтэй уулзалт хийж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар болон эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон талаар мэдээллээ. Түүнчлэн УИХ-ын дарга ОХУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болсон гурван талт уулзалтын хэлэлцэгдэж яригдсан төслүүдийг ажил хэрэг болгох, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд яригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд харилцан эдийн засгийн хөгжлөө дэмжих талаар харилцан санал солилцон, ярилцсан байна. Мөн Япон Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзалт хийж, Монгол Улсаас тус улс руу хийх экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан болохыг танилцууллаа. 
 
 
УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал өндөр үр дүнтэй болсныг Г.Занданшатар гишүүн онцлоод, ОУВС, ДБ, АХБ зэрэг олон улсын байгууллага, хөгжлийн банкууд, хөрш орнууд болон хандивлагч орнуудаас зээл тусламж хүсч, эдийн засгийн хүнд үед санхүүгийн асуудлаа шийддэг байсан Монгол Улсын өмнөх туршлагуудын жишгээр БНХАУ-тай хоёр талын язгуур эрх ашгийг хүндэтгэх зарчмаар хамтран ажиллахаа нотолсон яриа болсныг тэмдэглэн хэллээ. 
 
 
Мэдээллийн төгсгөлд, Улсын Их Хурлын дарга дагалдан ажилласан төлөөлөгчдийн хамтаар БНХАУ-ын төр засгаас бодлогоор хөгжүүлдэг бүс нутгуудын үйл ажиллагаатай танилцсан болохыг мэдээллээ. Үүний үр дүнд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн жишиг хөгжлийн загвар болсон Хайнин хотын туршлагыг манай улсад нэвтрүүлэх, интернэт худалдааны тэргүүлэх групп "Алибаба”-гийн дата төвийг Монгол Улсад байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай дотоодын экспортын бүтээгдэхүүнүүдийг тус группийн сүлжээгээр дамжуулан 216 оронд худалдаалах боломжийн талаар харилцан ярилцаж, ажил хэрэг болгох чиглэлээр хоёр талаас идэвхтэй ажиллахаар харилцан тохиролцсон болохыг дуулгасан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.