"Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлээд явуулсны ард хариулт нэхэн үлдсэн асуулт бол Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг хэн яг хэзээ, ямар байдлаар барагдуулах вэ гэдэг асуудал байсан. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Монгол Улс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэдгийн баталгаа гэсэн үг л дээ. За харин өмнөх Засгийн газар өнгөрөгч тавдугаар сард буюу, сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан. Тэр нь "Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм. Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг.
Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр өмнөх тогтоолын төсөлд тусгагдаад байсан "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд "Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байсан. "Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар онцолж байсан. Тэр хэлэхдээ "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байсан.
Тэгвэл "Саусгоби сэндс” компанийн толгойг илсэн шийдвэр энэ засгийн үед хэвээрээ байх уу, эсвэл салхи орох уу гэдэг асуудал яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
"Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулахад, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. "Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь цуцлах дүгнэлт гаргасан байж. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы "Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байдаг. "Саусгоби Сэндс”-ээс "Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай, 42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг.
Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульддаг "Саусгоби Сэндс” Монгол улсын хохирлыг хэзээ барагдуулах юм бол доо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл