“Коридор”-ын цаадах Тавантолгойгоос хэн юутай үлдэх вэ?


“Коридор”-ын цаадах Тавантолгойгоос хэн юутай үлдэх вэ?

 

Монгол, Хятад, Орос  гурав эдийн засгийн коридор байгуулж, бодит үйл ажиллагаа явуулсны үр дүн бидэнд ямар үр ашгуудыг дагуулах вэ гэдэг нь мэдээж чухал асуудал.  Манай улсаас бол санал гаргахдаа  гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах, Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах  нөхцлийг тохирох гэхчлэн эхнээсээ санаа оноогоо хэлж ирсэн. Тэгвэл тэрхүү коридороор Тавантолгой багтаж гарах уу гэдэг асуудал тавигдаж таарна.

9 жилийн өмнөөс  улстөрчдийн амнаас гардаг тренд үгсийн нэг яах аргагүй болсон "Тавантолгой” сая болж өнгөрсөн сонгуулиар ч тодорхой хэмжээнд улстөржилтөд өртсөнийг хаа хаанаа мэдэж байгаа.  Ер нь бол Тавантолгойг хэчнээн моодноос гаргах гээд бүтэхгүй л дээ. Асуудал ард түмний мемори буюу санах ой ямар байхаас л шалтгаална гээд хэлчихэд болох байх. Монгол тийш хараагаа бэлчээж ирсэн гадны гүрнүүдийн хувьд Тавантолгой хэрэгтэй л зүйлс байдаг. Ямартаа л оффшорын дуулианд нэр нь тодорсон, Монголд "Бату майнинг” гэх компанитай гэгдэж байгаа Олег Дерипаскагийн эрх ашиг Тавантолгой хийгээд төмөр зам, эрчим хүчинд тунчиг хамаатай байж ирсэн л байдаг. Ер нь бол хойд хөршийн ах нар том эрх ашигтай, том л сонирхолтой байдаг.  Тэр утгаараа Тавантолгой дээр тийм л байж ирсэн. Хэдийгээр сүүлийн нэг жилийн хугацаанд   тэд тоглоомын дүрмийг зохиогчдын нэг биш болж харагдаж байгаа ч, хэрэг дээрээ тэд дараагийн ямар чухаг нүүдлийг тооцоолж байгаа бол? М.Энхсайхан нарын нүдний цөцгийн шиг л эмзэг мэдрэмтгий гээд байсан Мега тодотголтой Тавантолгой төсөл өнөөдрийн хувьд идэвхжил нь дарагдсан байгаа. Гэхдээ энэ нь бүрмөсөн унтарсан гэсэн үг биш болохыг хэн ч ухаж ойлгож таарна. Ямартай ч Тавантолгойг улстөржүүлэхээ болиод, урагшлуулах тухай мессеж идэвхтэй цацагдаж байсан өнгөрсөн жилийн өдийгөөс  Х.Баттулга нарын нөгөө айхтар ширүүдүүлээд байсан кампанит маягийн чанартай дуу хоолой харьцангуй нам зөөлөн дээрээ тавигдсан юм.  Нэг талаас хэт их нам гүмийн цаана их тэсрэлт бөгөөд эрсдэл дагаж байх магадлал бийгийн хувьд анхаарал татаж л байлаа.

За мөн нөгөө талаас Хятадууд ч зугуухан дөхдөг арга барилаараа Тавантолгойд хэдийнэ үүрээ зассан гэхэд болно доо.  Сонгуулийн өмнө Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоол Спикер М.Энхболдын ширээн дээр одоо байж байгаа. Тэгэхээр  Тавантолгойг  анх парламентад оруулж байсны хувьд М.Энхболд уг асуудал дээр урагшлуулах байр суурьтай ажиллаж чадах уу гэдэг нь анхаарал татах л асуудал.

Мөн сонгуулийн өмнө Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал шийдэгдсэн нь  Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр тусгагдаад байгаа "Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд "Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан явдал юм. Энэ шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байгаа. "Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч  Л.Наранбаатар  онцолж байсан. Тэр хэлэхдээ "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байсан юм.

Тэгэхээр Тавантолгой дахь хоёр хөршийн сонирхол их бага хэмжээгээр хадгалагдсан хэвээрээ гэдгийг баталгаажуулах алхмууд бол өнгөрсөн жилүүдэд харагдаж иржээ. Чухам харин нөгөө гурван улсын коридороор Тавантолгойг оруулсны дараа хэн илүү ашиг  хүртэх нь чухлаар тавигдах цаг ойрхон ирсэн байж мэдэх юм.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.