“Эрдэнэс Тавантолгой” улстөрийн компани уу?


“Эрдэнэс Тавантолгой” улстөрийн компани уу?


Монголын нүүрсний экспорт Хятадаас онцгой хамаарах нь үнэн ч алдагдал үүрэхгүй байж болохоор зүйлүүд дээр төр нь эзэн шиг байх ёстой гэдгийг "Эрдэнэс Тавантолгой”-н замналаас бэлхнээ харж болохоор байна. Гэтэл бас болоогүй энэ компанид иргэд эзэмшдэг гэх 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авна гээд байгаа. Сонгуульд зориулсан зангууны үлгэрүүдийн нэг гэдэг нь дамжиггүй. Уг нь Эрдэнэс Тавантолгой зэргэлдээх "жижиг” Тавантолгойнхоо газрыг булааж аваад эзэн шиг зангараг гаргасан л харагддаг. Гэтэл дотооддоо ингэж томордог хэрнээ гадагшаа, тэрдундаа хятадуудтай харилцах болохоор жижигрээд унадаг завхарсан жишигтэй явж ирсэн гэхэд болох юм. Ямартаа л Чалкогийн өмнө жижигхэнээс жижигхэн болж байх билээ дээ.

Түүнчлэн энэ компани холыг харсан бодлогогүй явж ирсэн нь олон зүйл дээрээс харагддаг. Нэг л жишээ дурдахад тус бүр нь 160 сая төгрөг буюу нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй хүнд даацын 10 машин нийлүүлсэн нь стандартын шаардлага хангахгүй байсан тул оператор компани Macmahon нь тийм техник дээр ажиллаж чадахгүй гэдгээ хэлж, улмаар огт хэрэгцээгүй "үхмэл” эд болон сул зогсч байв. Тэгээд зогсохгүй таван тэрбум төгрөгөөр дугуй авсан байтал 3,6 тэрбум төгрөгийн дугуй нь ашиглах боломжгүй гээд тоочоод байвал асуудал их гарч ирдэг дээ. Нэг ёсондоо энэ компанийг алдагдалтай ажиллуулж болох бүхий л боломжит аргуудыг манай улстөрчид өөрсдөө хийж ирсэн гэсэн үг. Хамаг бурууг Хятадын Чалко руу чихэхийн оронд харалган шийдвэр гаргасан өөрсөдтэйгөө хариуцлага эхэлж ярих нь бодит байдалд нийцнэ.

Ер нь Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг уруудуулахад АН болоод МАН-ын аль аль нь буруутай. МАН дангаараа уруудуулчихаад АН нь залруулах гээд байгаа ч юм биш.

Нэг л жишээ дурдахад, тус компанийн уурхайн олборлолтын хамгийн чухал хэсэг болох тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр огт  туршлага, материалаг бааз, техник технологи, мэргэжлийн боловсон хүчингүй  Blast Manufacturing Group-ийг өрөмдлөг, тэсэлгээний ажил хийлгэхээр зүтгүүлж, тус компанитай гэрээ байгуулахыг дээрээс тулган шаардаж байсан тухай мэдээлэл компанийн эх сурвалжуудаас гадагшилсан байдаг. Тэр компани нь  Монгол улсын Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 8.1.2, 10.1.1, 11.1.1, 11.1.2 зэрэг олон зүйл заалтыг зөрчиж,  Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тавигдах шаардлагуудыг бүрэн  хангаж чадаагүй гэдгийг манай улсын Тэсэлгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд нотолсон байдаг.

Гол нь тэр компанийн угшилыг хөөгөөд үзэхээр нэг хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болох Гантөмөрийн Сүхбуян гэгч байдаг. Өөр нэг хөрөнгө оруулагч нь мөн л  Ерөнхий сайд асны хамаатан болох Басан овогтой Самбуу гэгч байсан. Тэрээр Blast Manufacturing Group-ийн 45 хувийг эзэмшигч. Харин гурав дахь хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайдын  намын нөхөр  Батбаяр овогтой Магсаржав гэгч  байсан гэх мэдээллүүд бий.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.