С.САРУУЛ
Хууль дүрэм зөрчдөг, таван алхам ч хамаагүй тааралдсан газар дээрээ барилга барьчихдаг. Мөн ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаардаггүйн улмаас барилга дээрээс хүн унаж бэртсэн мэдээлэлд хүмүүс дөжирсөн бололтой. Ийм мэдээлэл бараг өдөр алгасахгүй шахам цагдаагийн газрын хоногийн мэдээ, хэвлэлийн хуудаснаас салахгүй болохоор арга ч үгүй биз. Тэгвэл саяхан барилгын компаниудын нэр хүндийг шавартай хутган хөлдөө чирсэн үйл явдал болсон нь олныг цочирдууллаа. Энэ нь аль нэг албан байгууллага хувийн бизнестэй холбоотой бол өөр хэрэг. Гэтэл хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай яригдах зүйл учраас өнгөрүүлж боломгүй аж. Олон нийт ч хурцаар шүүмжилж одоог хүртэл эрх мэдэл албан тушаалтнуудаас хариуцлага нэхсээр байгаа юм.
Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу "Өргөө” амаржих газарт хагалгаа хийж байхад мэс заслын өрөөний тааз нурсан хэрэг гарсан нь нийгмийг тэр аяар нь айдаст автуулсан. Тэр өдрөөс хойш өнөөг хүртэл асуудал намжсангүй. Эмч нараас эхлээд энгийн иргэд шударга бус явдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм. Хамгийн гол нь төрөх эмнэлгийн барилга ашиглалтад ороод удаагүй гуравхан жилийн нүүр үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн өргөтгөлийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээж авсан байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Цаст констракшн” компани ажилласан байна. Гэтэл гурван жилийнхээ нүүрийг үзэлгүй нурж, иргэдийн амь насанд аюул учруулаад байхад өнөөдөр хэнд ямар хариуцлага тооцов. Чанаргүй барилга хүлээж авсан, ажлаа мэддэггүй Улсын комиссынхонд уу, нүгэлийн нүдийг гурилаар хуурсан "Цаст констракшн”-ынхантай тооцсон уу. Хариуцлага нэхсэн иргэдэд хариулт өгөх хүмүүс таг чиг байна.
Нэгдүгээр төрөх эмнэлгийн удирдлагууд сэтгүүлчдэд хандах үеэр эмнэлгийн Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа "Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв”-д хийхээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулсан. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй. Нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн учраас нурахгүй гэх баталгаа байхгүй” гэж мэдэгдсэн юм. Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал "Хагалгааны үеэр агааржуулалтын хоолой хөдөлж, боолт унаад байсан. Бид агааржуулалтын хоолойн дотуур хүн явж, засвар хийж байгаа юм болов уу гэж бодсон.Тиймээс дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэсэн. Эндээс харахад багаар тооцоход 10 гаруй хүн аюулд орох байж.
Мөн өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учирчээ. Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүссэн байна. Таазыг нурсан даруйд онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох албаныханд нөхцөл байдлыг танилцуулсан. "Цаст констракшн” компанид өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэсэн шаардлага тавьсан гэнэ. Гэтэл холбогдох албаныхан дорвитой шийдвэр хэлэхгүй өдийг хүрчээ. Харин "Цаст констракшн” компанийнхан харамсахаас өөрийг хэлээгүй юм.
Барилгын салбар дундаа эрх мэдэл, хөрөнгөтэй, ар тал сайтайгаараа "алдар”-тай "Цаст констракшн”-ынхан энэ удаад ч мөн адил арга мэхээ хэрэглэсэн бололтой. Хэдэн зуун удаа хууль дүрэм зөрчиж, хэдэн хүний амь насыг хохироосон асуудалд ороогдсон ч төд удалгүй уснаас хуурай гарч чаддаг энэ компанийг мэдэхгүй хүн цөөн. Нэгдүгээр төрөх эмнэлэгийн тааз нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүн хагалгаад ордог байсан гэдгийг эмч нар хэлсэн. Тэгвэл тааз нурснаас хойшхи 20 хоногт өвчин зовлондоо шаналсан хэчнээн хүн хохирч үлдсэн бол. Яаралтай хагалгаагаа хүлээж чадалгүй амь эрсэдсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл дээрх хугацаанд иргэдээ өмөөрч Хотын дарга нь ганц үг дуугарсан билүү. Тэр олон хүний эрүүл мэнд амь нас дээсэн дөрөөн дээр байхад Хотын удирдлага, мэргэжлийн хяналт зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс ямар шийдэлд хүрэв. Хэрэв шийтгэл оногдуулсан бол яагаад танилцуулсангүй вэ. Нохой буудах, цэнгээний газрын цагийг өөрчлөх нь иргэдийнх нь амь нас эрүүл мэндээс чухал гэж үү.
Гэтэл улс орны чухал салбар болох эрүүл мэндийн салбарыг нэг удаа самарсан "Цаст констракшн”-ынхан Түлэнхийн төвийн барилгын ажлыг хариуцаж байгаа юм. Хөрөнгө мөнгө дутсан гэж сүүлийн хэдэн жил дуншсан Түлэнхийн төвийн барилгыг Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларын хөрөнгөөр гүйцээхээр болсон. Тодруулбал, Монгол Улсад парламентын ордон барихад зориулж олгохоор шийдвэрлэсэн Кувейт улсын буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ талаар өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзах үеэрээ санхүүжилтыг түргэвчлүүлэхээр болсон юм. Ийнхүү улсдаа ганц байдаг, тэрдундаа өвчлөл нь дээгүүрт тооцогддог Түлэнхийн төвийн барилгыг Засгийн газрын тэргүүн олон нийтийн захиалга, нийгмийн шаардлагаар хөрөнгийг шийдэв.
Гэтэл хууль дүрэм зөрчиж гаршсан, алдаа завхрал бүртээ хариуцлагаас мултарч чаддаг "Цаст констракшн” компанид даатгаж байгаа нь зөв үү. Дахиад л хэдэн жилийн дараа нэгдүгээр төрөх эмнэлэг шиг дээвэр нь цөмөрч тааз нь нураад эхэлбэл яах вэ. Оросын банкнаас гурван сая ам.доллар зээлээд зугтсан зэргээр гадаадад Монгол Улсын нэр хүндийг унагааж байгаа компани хэр шударга бол. Хотын шинэ удирдлагууд "Барьсан орон сууцанд нь захиалга өгч болохгүй, аюултай” гэсэн ангилалд багтаад удаж буй "Цаст констракшн” зэрэг компаниудаа хуулинд захирагддаг болгож өгөөч. Хамаг хөрөнгө мөнгө, байдаг бүхнээ бариад очиход нүгэлийн нүүрийг гурилаар хуурдаг явдлыг болиулахсан.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл