Террористуудын сүүдрээс нэг хотыг чөлөөллөө


Иракийн Мосул хотыг террористуудаасчөлөөллөө. Энэ талаар www.dailymail.co.uk мэдээллээ.

 

 

Иракийн армийнхан олон улсын дэмжлэгтэйгээр Мосул хотыг бүрэн чөлөөлсөн талаар Ерөнхий сайд Хайдар аль Абади хэвлэлийнхэнд мэдэгдэж, эх орноо террористуудаас чөлөөлөх ажиллагаанд оролцсон цэргүүддээ талархлаа илэрхийллээ.

 

Армийнхан өнгөрсөн сараас эхлэн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн юм. Уг цэргийн ажиллагаанд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл агаараас цохилт өгч, дэмжлэг үзүүлсэн билээ. Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл Иракийн хотуудаас хамгийн эхэнд Мосулыг хяналтадаа авч, Ирак дахь нийслэлээ болгосон юм.

 

Өнгөрсөн оны тагнуулын мэдээллээр тус хотноо "20 мянга гаруй террорист бий” хэмээн мэдээлж байсан бол энэ оны хагаст "4000-5000 террорист үлдсэн” гэх мэдээллийг Пентагон өгсөн. Уг мэдээллээс үүдэн Иракийн Засгийн газар хүч нь суларч буй исламын улсаас газар нутгаа чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм. "АНУ бидэнд бүх талын дэмжлэг үзүүлээгүй бол бид Мосулыг хэзээ ч чөлөөлж чадахгүй байсан юм” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Гэхдээ Ирак болон америкчуудаас гадна Курдууд амь насаа үл тоон террористуудын эсрэг тусгай цэргийн ажиллагаа явуулж, террористуудын нуугдаж буй байршлыг үнэн зөвөөр тогтооход туслалцаа үзүүлсэн аж. Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд курдууд нэгдсэний дараа Туркийн Засгийн газар уг ажиллагаанд оролцох хүсэлтээ Иракийн Засгийн газарт хүргүүлсэн ч татгалзсан хариу авчээ. "Туркууд террористууд бус курдуудын эсрэг тэмцэж, өнөөдрийн хямралыг улам даамжруулж магадгүй хэмээн болгоомжилсон” талаараа Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Армийнхан Мосул хотыг 14 өдрийн дотор террористуудаас чөлөөлсөн ч их хэмжээний хохирол амссан байна. Мосулыг чөлөөлөх ажиллагаа өнгөрсөн сарын 17-ны өдөр эхэлсэн. Тулаан эхэлсэн цагаас хойш тус хотыг 1.5 сая иргэн орхин гарч, иргэд Мосул хотоос 50 км-ийн зайд байршиж байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд иргэдэд тусламж үзүүлэх сонирхолтой байгаа ч аюулгүй байдлын үүднээс Иракт нэвтэрч чадахгүй буйгаа илэрхийлжээ.

 

Армийнхны хамгаалалтад дор эрх баригчид иргэдэд тусламж үзүүлэх асуудлаар хэлэлцэж эхэлсэн талаар НҮБ-аас мэдээлэв. Мөн Мосул хотноо хүн амьдрах ямар ч боломжгүй болсон гэнэ. Ерөнхий сайд "Газар нутгаа чөлөөлөх нь хамгийн чухал. Бүтээн байгуулалтыг олон улсын дэмжлэгтэй эхлүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

Хэдий Мосул хотыг террористуудаас чөлөөлсөн ч аюул заналхийлэл үргэлжлэхийг санууллаа. Ерөнхий сайд "Мосул хотыг чөлөөллөө гээд бид исламын улсыг 100 хувь ялсан гэсэн үг биш. Биднийг заналхийлэл, айдас түгшүүрүргэлж дагах болно. Бид үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой. Хамгийн чухал нь сонор сэрэмжээ хэзээ ч алдаж болохгүй” гэсэн байна.

 

АНУ-ын Армийн генерал Гэри Волески "Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл эзэмшлийн бүс нутгаа алдсаныхаа хариуг илүү аймшигтайгаар авах магадлалтай байна. Олон улс аюулд орлоо” гэж мэдэгджээ.

 

Уг мэдэгдлийн дараа тус бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан Ирак, АНУ-ыг заналхийлсэн мэдэгдэл хийлээ. Терррористууд "Өнөөдөр бид ухарсан, маргааш бид урагшаа давшлах болно. Та нар хийсэн зүйлийнхээ хариуг 1000 дахин мэдрэх болно” гэж жиргэжээ.

 

Британийн Тагнуулын байгууллага "Тус бүлэглэл маш олон дайчнаа олон орон руу илгээсэн. Тэд дээрээс тушаал хүлээж байгаа. Тун удахгүй Европын нэг улсад террорист халдлага гарч магадгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.