Эрийн сайндаа сонгуульд ялсан мэт авирлах МАН-ын араншин хирээс хэтэрч, Засгийн газар байгуулсан даруйдаа сайдууд нь сонгуульд амласан мөрийн хөтөлбөрийнхээ эсрэг зүйлийг ярьж олны дургүйцлийг төрүүлсэн. Ам амандаа дуугарах сайдуудын хэлсэн үг, эмх замбараагүй явуулах үйл ажиллагаа, бодлого зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямарч зохион байгуулалт, пиар, хэвлэлийн бодлогогүй явж байгааг олон нийтэд бэлхнээ харуулсан.
Тэгсээр орон нутгийн сонгуулийн өмнө нэг талаас жирийн гишүүдийнхээ шахалт шаардлага, нөгөө талаас ялсан бялууны "хордлого” гарч сая нэг юм зөв зүйтэй, бодлого зарчимтай дуугарах болсон.
Гэвч МАН-ын удирдлагуудын гаргасан шийдвэр, албан тушаалын томилгоо олны дургүйцлийг төрүүлсэн хэвээр байна.
Үнэндээ МАН-ын төлөө нэгэн амьдралынхаа 20-30 жилийг зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн намын жирийн гишүүд Хороон даргаас хэтрэхгүй байхад дарга даамлуудтай ойр, бэл бэнчин, мөнгө хөрөнгөтэй, энд тэнд өлөн гэтэх чоно мэт олз ашиг эрж явдаг урваач шарваач "нөхдүүд” намаас нам дамжин, мөнгө төгрөгөөр албан тушаал худалдан авах явдал байсаар байна. Үүнтэй холбоотой баримтуудыг жишээ болгон дурьдая.
УИХ-ын гишүүдээс А.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, О.Батнасан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын нэрийг энд дурьдаж болно. Эдгээр гишүүд улс төрд "Кораллио” буюу "хэлгүйчүүдийн орон тоо”-г нэмсэн гэж болж болох. Ярих хэлэх бүрдээ бусдыгаа инээлгэж, онигоонд орох нь эгээтэй л хэлд орж байгаа хүүхэд мэт.
А.Сүхбат аваргын хувьд анх улс төрийн гараагаа АН-аас эхлэж, АН-д сүр дуулиантайхан гишүүнээр элсэн орж, АН-ын үйл ажиллагааг дэмждэг гэдгээ нийтэд зарлаж байсан нэгэн. Гэвч түүний үзэл бодол Сонгуулийн өмнө 180 градус эргэж, МАН-д элсэн орж, тус намын квотод багтаж УИХ-ын сонгуульд орж, гишүүн болсон. албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодол, итгэл үнэмшил гэх зүйлгүй хүмүүсийн нэг бол яахын аргагүй А.Сүхбат гишүүн мөн.
МАХН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнээр сонгогдон, цагтаа төрийнсайд хийж явсан ч гэнэтхэн Сонгуулийн өмнө Н.Энхбаярын үүсгэн байгуулсан МАХН-ыг орхиж, эргээд МАН-д нэгдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бол угаасаа "урвагчдын арми”-ийнхан. Тэдний тухай хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн учир ингэсгээд орхиё.
МАН-ын томилгоо нүдээ олоогүй, эрх мэдлийн төлөө эрх баригч намд "дагаар” ордог албан тушаалтнуудын тоо үүгээр дуусахгүй нь харамсалтай.
Энэ мэт эрх мэдэл, албан тушаалын төлөө хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ уландаа гишгэсэн урвагчдын тухай яриад байвал урт түүх хөвөрнө.
МАН бол улс төрийн арвин түүх, боловсон хүчний өндөр чадамжитай нам. Гэсэн атлаа дээрх мэдээлэлд өгүүлсэнчлэн мөнгө хөрөнгөөр албан тушаал авахыг санаархагчид, дарга сайд нарын ойрын хүрээнийхэнд "найр тавин” албан тушаал өгч, эгэл жирийн, эрдэм чадвартай гишүүдээ ад үзэж, тэдэнд боломж олгохгүй байгаа нь, мөн мэргэжлийн бус сайд нараас бүрдсэн Засгийн газрын чадварлаг бус шийдвэрүүд нь энэ нам 2020 оны сонгуулиар олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүйд хүрч болох нөхцлийг одооноос үүсгээд эхлэлээ.
МАН-ын Удирдах зөвлөл, удирдлагууд эрүүл саруул ухаанаар эл асуудалд анхаарлаа хандуулан ажиллана буй заа.
Ц.Мөнх
Сэтгэгдэл