Нэрт уран барималч Даши Намдаков Их аварга Д.Дагвадоржид “Агуу аварга” баримлаа гардуулж өгөхийг хүсчээ


Нэрт уран барималч Даши Намдаков Их аварга Д.Дагвадоржид “Агуу аварга” баримлаа гардуулж өгөхийг хүсчээ

Хүн төрөлхтөний оюуны санд  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж бахархам хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа танигдсан уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-ыг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд өнгөрсөн онд Төрийн соёрхол хүртээж, Монголчууд тэр эрхэм хүнээр бахархаж байсан билээ.

Нэрт уран барималч Даши Намдаков Их аварга Д.Дагвадоржид “Агуу аварга” баримлаа гардуулж өгөхийг хүсчээ

 

Тэгвэл Монголчуудын бахархал болсон Даши Намдаков эрхэм Монгол түмний хайртай аварга Асашёорюү Д.Дагвадоржид зориулан "Агуу Аварга” нэртэй баримал бүтээснээ, Их аваргад өөрийн биеэр гардуулан өгөх хүсэлтэй байгаагаа менежерээрээ дамжуулан дуулгасан тухай таатай сайхан мэдээ бидэнд байна. Нэрт уран барималч, зураачийн менежер нь "Даш  таныг 12 сарын 15-нд Бээжинд нээлт нь болох үзэсгэлэндээ урьж байна. Үзэсгэлэн дээр танд Агуу аварга гэж нэртэй барималаа гардуулахыг хүсэж байна.”  хэмээн албан ёсоор мэдэгдсэн байгааг эрхэм уншигч та харж байна.

15134307_1814493892124817_691124390_n

Тэгэхээр ирэх сарын 15-нд Бээжинд болох нэрт уран бүтээлчийн үзэсгэлэн дээр Монголчуудын бахархал болсон хоёр эрхэм хүн уулзалдаж таарах нь ээ. Их аварга Д.Дагвадоржийн тухайд дэлхийн хүн гэдгийг Монголчууд бид мэднээ. Дэлхийн олон алдартангууд, улстөр, урлаг спортын одод  Асашёорюү Д.Дагвадорж аваргаар бахархдаг гэдгээ хэлж ярьсан байдаг. Харин энэ удаа Монгол сэдэвт бүтээлээрээ манлайлагч эрхэм Их аваргыг бүтээлдээ мөнхөлжээ.

15134475_1814493905458149_1155816414_n

  Даши Намдаковын зарим сор бүтээлээс дурдвал Лондонд босгоод байсан Чингис хааны хүрэл хөшөөг Монголчууд сайн мэдэж байгаа биз ээ. За мөн тэрбээр  "Одон оронч” баримал, "Луу” баримал, "Цам”, "Чингис хаан”, "Морьтон”, "Хаан”, "Бөмбөртэй лам”, "Цантай лам”, "Бяцхан Будда”, "Морь”, "Настай дайчин”, "Гүнж”, "Чинээлэг бэр”, "Шашны ёс”, "Бай”, "Зэрлэг”, "Дайчин Чингис”, "Шонхортой дайчин”, "Эвэртэй дуулгатай дайчин”, "Бөх” зэрэг Монгол угсаатан үнэртсэн гайхалтай бүтээлүүдийн эзэн юм.

Харин түүний намтар мэдээллээс хүргэхэд, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, Буриадын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Уран зургийн академийн гишүүн, Италийн Урлагийн академийн гишүүн, уран барималч, зураач тэрбээр Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд 1967 онд төржээ. Тэрбээр Красноярскийн Уран зургийн институтыг ОХУ-ын Уран зургийн академийн академич Лев Головницкий багшийн ангид төгссөн байна. Даши Намдаков нь анхны бие даасан үзэсгэлэнгээ 2000 онд Эрхүүгийн уран зургийн музейд нээсэн ба түүний уран баримал Эрхүүгийн Уст-Орд хотод 2003 онд анх удаа сүндэрлэжээ. Үүнээс хойш уран бүтээлчийн нэр дэлхийд алдаршин Казахстан, ОХУ, Их Британи, Итали зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ өөрийн бүтээсэн хөшөө баримлыг босгожээ.

Даши Намдаков нь Сергей Бодровын "Монгол” кинонд уран сайхны дизайнераар ажиллаж, ОХУ-ын киноны салбарын шилдэг шагналууд болох "Цагаан заан”, "Алтан бүргэд” зэргийг хүртсэн юм. Түүний Монгол Улс, Буриадын урлагийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Алтан гадас одонгоор 2013 онд шагнасан. Мөн тэрбээр Тувагийн Төрийн шагнал хүртэж байв. Даши Намдаковын уран бүтээлүүд нь Санкт-Петербургийн Эрмитаж болон дэлхийн нэр хүндтэй олон музейд хадгалагдаж, Их Британи, ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцари, Финланд, Япон, АНУ, Тайванийн нэртэй улстөрч, бизнесмэнүүд түүний бүтээлүүдийг шимтэн цуглуулдаг байна. Тэрбээр гол төлөв хүрлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд Лондон, Москва болон Италийн Пиетрасанта хотод урлангаа байгуулжээ.

Түүний уран бүтээл нь зөвхөн Буриад, ОХУ-ын төдийгүй дэлхийн уран баримлын чиг хандлага, энэ урлагийн салбарт хувьсгал хийж байгаа гэдэгтэй олон улсын судлаачид санал нэгддэг. Түүний уран бүтээлийг "Орон зай, цаг хугацааны хязгаарт баригдаагүй мөртөө, сэтгэл татам, ер бусын, гайхалтай сэтгэгдэл зэрэг төрүүлдэг” хэмээн шүүмжлэгчид тайлбарласан байдаг.

Тэгэхээр ийм нэг гайхалтай уран бүтээлч эрхэм Их аварга Д.Дагвадоржийг бүтээлээрээ мөнхлөн, Агуу Аваргад өөрт нь дурсгаж үлдээхээр болсон нь үнэхээр сайхан мэдээ юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.