Шунал хөдөлгөсөн хар баасан гараг


baasan_0101Хямдралд хүн бүр дуртай. Тэр тусмаа бодит хямдралд. Манайхан хямдрууллаа гээд нэг их шуугиан дуулиан үүсгэхээс цаашгүй. Очоод үзэхээр энгийн үед зарж байсан барааныхаа үнийг хоёр дахин нэмж тавьчихаад энэ бол зарагдаж байсан бодит үнэ. Үүнээс тэдэн хувь хямдарсан гээд тэнгэрт хадсан үнэ хэлээд сууж байдаг. Тийм ч болохоор манайхан хямдрал нэртэй худал сурталчилгаанд итгэх итгэлгүй болсон байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт зарласан "Хар баасан гараг”-т зарим газар барааныхаа үнийг үнэхээр хямдруулж чадсан нь олон ч хүний талархалыг хүлээж чаджээ. Тодруулбал, "Говь”, "Гоёо”, "Эвсэг” гээд ноолууран бүтээгдэхүүн худалдаалагчдаас гадна тавилгын дэлгүүрүүд "Номин” супермаркет, "Говь Хангай” мебель, "Wycon” зэрэг байгууллага 20-70 хувийн хямдрал зарлаж, манайхан ч хямдралыг алдалгүй авахыг хүсч байснаа "түүсэн” сурагтай. Гэхдээ манайд Америк шиг алалцаан болоогүй. Учир нь тийм ч олон газар Хар баасан гарагт нэгдээгүй, тэгээд ч хүссэн бараа нь Америк шиг хямдарч чадаагүй. Учрыг асуувал "манайд худалдаалагдаж байгаа ихэнх бүтээгдэхүүн импортын бараа учраас дэлгүүрийн лангуун дээр тавигдатлаа өчнөөн дамжлага, татвар татаасыг туулж байж ирдэг учраас үйлдвэрлэгч орон шиг хямдрах боломжгүй” хэмээн нэгэн том супермаркетийн менежер хэлж байсан юм. Нээрээ ч тийм байх. Харин Америкт хар баасан гарагийг яаж өнгөрөөдөг юм бол???
Олон жилийн өмнөөс уламжлал болсон энэ худалдаагаар дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бараг л 70 хувь хямдруулдаг болохоор худалдан авагчид энэ өдрийг тэсэн ядан хүлээж өдөр шөнийг үл ялган дугаарладаг байна.
Дэлхийд хамгийн алдартай хямдрал нь АНУ-д арваннэгдүгээр сарын сүүлээр тохиодог "Хар баасан гараг”-ийн хямдрал юм. Талархлын баярын өдрийг тохиолдуулан зарладаг энэ өдрөөс эхлэн АНУ даяар Зул сарын баяр хүртэл бүтэн сарын турш янз бүрийн хямдрал үргэлжилдэг бөгөөд Талархлын баяр арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт болдог тул "Хар баасан гараг” нь арваннэгдүгээр сарын 23-наас 29-ний хооронд тохиодог байна.
Хямдралт баасан гарагийг ийн нэрлэх ёс 1966 онд АНУ-ын баруун эрэгт үүссэн бол, зүүн эрэгт 2000 оноос хойш энэ нэрийг хэрэглэх болжээ. Уг баасан гараг нь амралтын өдөр биш боловч америкчуудын дийлэнх нь ажлаа "хийдүүлдэг” бөгөөд жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн ажилтнууд харин ингэж чаддаггүй нь мэдээж. Дэлгүүрүүд энэ өдөр өглөөний таван цагт, зарим томоохон сүлжээ дэлгүүр шөнө дунд онгойдог байна. Талархлын баярын хямдралаар хамгийн их зарагддаг зүйл нь ахуйн цахилгаан бараа юм. Зарим томоохон дэлгүүр ийм төрлийн барааныхаа үнийг 60 хүртэл хувиар бууруулдаг байна. Дараагийн гүйлгээтэй бараа нь бэлэн хувцас бөгөөд гол төлөв хавар намрын хувцас дээд тал нь 90 хувиар хямдардаг гэнэ. Улмаар Зул сарын баярын янз бүрийн бэлэг, тэр дундаа тоглоомыг иргэд их хэмжээгээр худалдан авдаг байна.
АНУ-д 2011 оны "Хар баасан гараг”-аар 226 сая хүн 52.5 тэрбум долларын худалдан авалт хийж, нэг хүн дунджаар 398.62 доллар зарсан бол, өнгөрсөн онд 247 сая хүн 59.1 тэрбум доларын бараа авч, нэг хүн дунджаар 423.66 доллар зарцуулжээ. Талархлын баярын хямдралыг "Хар баасан гараг” хэмээн нэрлэсэн шалтгаан нь нэг мөр тодорхой болоогүй бөгөөд дэлгүүрүүд үүр шөнийн харанхуйгаар онгойдог, замуудад бөөн түгжрэл үүсдэг, Америкийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтөд алдагдлыг улаан, орлогыг хар өнгөөр тэмдэглэдэгтэй холбоотой гэхчлэн янз бүрээр тайлбарладаг байна. Канадчууд энэ баасан гарагт хөрш АНУ-д олон мянгаараа очиж худалдан авалт хийдэг тул Канадын жижиглэнгийн худалдаачид сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдээ татахын тулд хямдралынхаа хэмжээг нэлээд нэмэгдүүлдэг болжээ.
"Хар баасан гараг”-аар худалдан авагчид дэлгүүрүүдэд хэт олноор цуглардгаас болж хүний аминд аюул учрах явдал цөөнгүй гардаг. Тухайлбал 2006 онд Калифорнийн нэгэн их дэлгүүрт бэлгийн талон тараахад олон зуун хүн нэг доор шахцалдсанаас есөн хүн гэмтжээ. 2008 онд Нью-Йоркийн "Wall-Mart" дэлгүүрт өглөөний таван цаг гэхэд цугласан 2000 гаруй хүн хаалга онгойхтой зэрэгцэн эмх замбараагүйгээр дайран ороход дэлгүүрийн хаалга эвдэрсэн төдийгүй 34 настай харуулын ажилтан олны хөлд дарагдан амиа алдсан юм. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтнууд уг хүнийг олны хөл дороос гаргаж авах гэхэд, улайрсан хүмүүс тэдэнд бололцоо олголгүй бараг хагас цаг болсон гэдэг. Энэ явдлын улмаас хэд хэдэн хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд нэг жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ.
Мөн 2011 онд Калифорнийн "Wal-Mart" дэлгүүрт хоёр хүүхдээ дагуулж очсон эмэгтэй худалдан авагч дэлгүүр онгойхоос өмнөх дарааллын маргаанаас болж, нулимс асгаруулагч хий цацан 20 гаруй хүний бие махбодод хохирол учруулсан бол ондоо "Wall-Mart" дэлгүүрт нэг хүн бууны суманд оногдон шархдаж байжээ. Өнгөрсөн жил Флорида мужийн "Wall-Mart" дэлгүүрийн гадаа худалдан авагчид машины зогсоол булаацалдсанаас болж хоёр хүн буудуулсан харамсалтай мэдээ байна. Харин энэ жилийн хувьд харьцангуй тайван замаар худалдан авалт хийгдсэн бөгөөд хараахан тодорхой дүн мэдээ гарч амжаагүй байгаа хэмээн Нью-йорк таймс сайтад мэдээлжээ. Урьдчилсан байдлаар цаашид ч үргэлжлэх Хар баасан гарагийн хямдралаар 280 сая орчим хүн 62 тэрбум долларын худалдан авалт хийгээд байгаа аж.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.