-Оюутолгой компани борлуулалтаа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх-
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад ам.долларын ханш огцом өссөнд чухам юу нөлөөлснийг эх сурвалжууд өөр, өөрсдийнхөөр тайлбарлаж байна.
Сүүлийн саруудын ханшийн хэлбэлзэлд Сангийн сайдын мэдэгдлүүд шууд нөлөөлсөн гэж УИХ-ын нэр бүхий гишүүд, албаны хүмүүс буруутгаж байгаа нь илэрхий үнэн ч гэлээ эдийн засагчид монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсны суурь шалтгаан урт хугацаанд үргэлжилсэн макро эдийн засгийн буруу бодлоготой холбоотой гэж дүгнэж байна.
Тасралтгүйгээр төгрөгийн ханш унаж байгаа нь олон жил ужгирсан буруу бодлогын үр дагавар боловч сүүлийн хоёр хоногт ажиглагдсан ам.долларын ханшийн гэнэтийн өсөлт чухам юунаас үүдэв гэдэгт одоогоор Монголбанкнаас бусад албаны эх сурвалжууд тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
Ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх.
Тэгвэл Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 11-нд Монголбанкнаас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Ханшийн гэнэтийн өөрчлөлтийн шалтгааныг тодорхой тайлбарлаагүй уг мэдэгдлээс үзвэл Монголбанк "хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй” үзэгдэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид гаднаас авах зээл, санхүүжилтэд найдаж байгаагаа ил тод илэрхийлжээ. Тэгэхээр уг мэдэгдлийн цаана "валютын нөөц хомсдоод байна шүү” гэсэн дохио агуулагдаж буй бололтой.
Гэнэтийн хэлбэлзэл үүссэн дээрх өдрүүдэд арилжааны банкууд ам.доллар худалдахгүй байсан бөгөөд үүнийг дагаад эрэлт бий болоод ирмэгц ам.долларын ханш 2,600 хүртлээ огцом өссөн гэж хэлж болно. Харин банкууд яагаад ам.доллар худалдахгүй байсан бэ гэдэг асуултад "тэдэнд $ байгаагүй” гэдэг энгийн товч хариултыг өгмөөр байна. Хэд хэдэн арилжааны банкуудтай холбогдон тодруулахад ам.доллар байгаагүй, эсвэл нөөц бага байсан гэх хариултыг өгч буй юм.
Яг энэ үед гаргасан Монголбанкны мэдэгдэлд ч мөн "ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна” гэж дурдсан нь валютын нөөц "бага байна шүү” гэсэн утгаар уншигдаж байгааг анзаарч болно. Мөн өөр нэг баримт гэвэл өнгөрсөн долоо хоногийн Мягмар, Пүрэв гарагт болсон валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудын ирүүлсэн ам.долларын хүсэлтийг хангаагүй буюу дуудлага худалдаанд дараалан оролцоогүй юм.
Мөн өмнөх долоо хоногийн Пүрэв гарагт нь ч Монголбанк арилжааны банкуудын ам.доллар худалдан авах хүсэлтийг хангаагүй. Үүнээс үүдээд ам.долларын нийлүүлэлт зах зээлд хомсдож, үүнийг дагаад ханш огцом хэлбэлзсэн гэх шууд шалтгаан харагдаж байна.
Харин эдгээр эрэлтийг Монголбанк хангаж чадаагүй бөгөөд ханшийн огцом хэлбэлзэл үүссэн өнгөрсөн баасан гарагт 2,490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.долларыг арилжааны банкуудад худалдсан байна.
Ханшийн огцом савлагаатай холбоотойгоор эх сурвалжууд өөр өөрсдийн дүгнэлтийг тэрчлэн хардлагыг хэлж байгаагийн нэг нь арилжааны банкууд зориудаар эрэлт үүсгэн ханшийг өсгөж, дараа нь үүнийгээ ашиглан нэг, хоёрхон хоногт амжуулан ашиг хийж авдаг гэх хардлага. Эс бөгөөс банкаар биш хар захаар дамжуулан арилжаа явуулж, санамсаргүй савлагаанаас ашиг олдог гэх шүүмжлэл хүчтэй сонсогддог.
Харин арилжааны банкуудын албан эх сурвалжууд арай өөр үндэслэлүүдийг хэлж байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн онцолмоор хүчин зүйл нь Оюутолгой компанийн борлуулалтын орлоготой холбогдож буй юм.
Оюутолгой компани борлуулалтаа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх.
Нэг үгээр хэлбэл, Оюутолгой компани аль илүү ханш хэлсэн арилжааны банкинд ам.доллараа худалддаг нь үнийг өсгөдөг аж. Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханш 2,470 байлаа гэхэд тус компани үүнээс аль илүү ханш хэлсэнд нь худалдана гэсэн үг. Зарим эх сурвалж Оюутолгой компани 45 хоног тутамд тооцоо хийдэг, үүний өмнөх өдөр ханш өсдөг гэж мэдээлдэг.
Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Оюутолгой компанийн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан” гэж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байв.
Тэгвэл өнөөдөр Оюутолгой компани Монголын зах зээлд ам.доллар нийлүүлэгч, нөгөө талаар үүнийгээ ашиглан ханш тогтоогч, хөөргөдөгч нэг том хүчин зүйл болчихсон яваа юм биш биз?!
/Жич: 2012 оны долоодугаар сарын 1-нээс хойш ам.доллар 1,046 төгрөгөөр буюу 78% өсөөд байна.
Сэтгэгдэл