Үндэсний телевизэд шалгалт оруулна



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс өмнө /2016.11.30/ хуралдлаа. Хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-д хийсэн шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцууллаа. Шалгалтаар хөдөлмөр, эрүүл ахуй, санхүү, татварын зөрчил нэлээд илэрснийг дурдав. Ийнхүү ажлын хэсгийн танилцуулга сонссоны дараа тус байгууллагатай холбоотой гурван асуудлыг хэлэлцлээ. 

Үүнд, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, МҮОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх эсэх, мөн тус газарт мэргэжлийн байгууллагын шалгалт оруулах эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилохыг дэмжсэн юм. Харин МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хорооны гишүүдэд нээлттэй үлдээлээ.

Үүнээс гадна МҮОНРТ-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан шалгахыг дэмжлээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газарт Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгч, илэрсэн зөрчлийг нарийвчлан шалгаад байнгын хороонд танилцуулахыг үүрэгдлээ.

Байнгын хорооны хуралдааны үед дараах гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн "Танай Монгол Ардын намын пиарын зөвлөх байсан Н.Дэмбэрэл хэзээ халагдчихсан бэ? Энэ хуралдаанд ҮЗХ-ны дарга нар яагаад оролцсонгүй вэ? Нэг талыг нь бариад яриад байх шиг санагдаад байна” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Хүний тухай асуудал яриагүй. Хуулийн хэрэгжилтийн асуудал ярьж байна. Ерөнхий захирал хуулиа хэрэгжүүлж байна уу, Үндэсний зөвлөл хуулиа дагаж уу гэдгийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийг бид өнөөдрийн хуралдаанд албан ёсоор уриагүй юм” гэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үүнд нэмэлт тайлбар хийлээ. Тэрбээр "Үндэсний зөвлөлийнхнийг хуралдаанд суулгахаар утсаар залгаж асуусан. Н.Энхмандах дарга боломжгүй гэсэн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, Ц.Оюундарь дарга чөлөө авсан байсан. Тэнд өнөөдөр эзэнгүй айл шиг байна. Үндэсний зөвлөл дотоод аудитын шалгалтыг гаргасан. Нийт уран бүтээлчдийн 70-80 хувь нь шаардлага гаргасан байсан. Шалгалтын аудитын дүнгээр хууль зөрчсөн зүйл их байсан. Энд хүний эрх ноцтой зөрчсөн байна. Хоёр ч хүн шүүхэд ханджээ. Буцааж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарсан байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ц.Оюундарийг чөлөөлж болно. Дараагаар нь нэг намчирхсан нөхрийг Монгол Ардын намынхан томилно. Үүнийг мэдэж байна. Бидний тогтолцоо, байгаа байдал энэ. Дараагийн дарга нь Ц.Оюундариас дээрдэх зүйл байхгүй, улам ч дордоно. Хууль зөрчигдсөн гэж байна. Санхүүгийн зөрчлийг аудит, хөдөлмөрийн зөрчлийг хөдөлмөрийн байцаагч, татварын зөрчлийг татварын хяналтынхан тогтоох хэрэгтэй. Асуудал хүндээ биш. Нэг удирдлага солигдохоор өлсгөлөн зарлаад байдаг байгууллага болчихжээ. Агаарын дутагдалтай ажлын байрны шаардлага хангахгүй гэлээ. Төрийн байгууллагууд бүгд ийм дутагдалтай байгаа. Төрийн ордон гэхэд нурж унах гэж байгаа гэсэн дүгнэлт гаргачихсан. МҮОНРТ-ийн хувьд нэг хэсэг нь дарга нарыг солих гээд, нөгөө талд хувьчилж авах гэсэн санаархал явж байна. Ажлын хэсгүүд 14 хоногийн дотор шуурхай ажиллажээ. Гэтэл Эрдэнэтийг шалгах ажлын хэсэг зургаан сарын дотор ажлаа хийж чадахгүй бүлэглэлийн гарт орчихоод явж байгаа. Монгол Ардын нам 65 суудалтай хэрнээ цагдаа, тагнуулаа сольж чадахгүй байна” гэлээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "МҮОНРТ-ийн тухай асуудал жижиг зүйл биш. Хүний мэдээлэл, тархитай ажилладаг. Мөнгөнөөс ч дутуугүй чухал асуудал. Бид үүнийг өөрсдөө сөхөөгүй. Тэнд ажил явахаа болиод, аргаа ядаад ажилчид нь эфир рүүгээ дайрч ороод, хариуцдаг байгууллагын хувьд манай Байнгын хороо руу хандсан. Жил гаруйхны хугацаанд бүтцийн өөрчлөлтийг таван удаа хийнэ гэдэг ойлгомжтой асуудал. Шалгаад сүржигнээд орхих биш. Хуулийг хэрэгжүүлэх, мөрдөх, шаардлагатай бол өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МҮОНРТ бол олон нийтийн статустай. Үүнд улстөржилт явагдаж, ийм нөхцөл байдал үүссэн гэж Ж.Батзандан гишүүн ярьж байна. Энэ бол үнэн. Би үүнтэй санал нэг байгаа. Жишээлбэл, 2015 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр тухайн байгууллагын ерөнхий захирлыг томилсон. Тухайн үед Үндэсний хорооны гишүүд "намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа хүнийг олон нийтийн радио телевизийн хуулийг зөрчиж, захирлаар нь томилж болж байгаа юм уу” гэхэд зарим гишүүн нь "хууль гэж юу байдаг юм” гэж хэлээд томилсон тохиолдол байна. Цаашдаа хуулинд нь өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ажлын хэсэг дүгнэлтдээ санал байдлаар оруулсан” гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын "Ажлын хэсгээс хуульд ийм, ийм өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн санал байна уу” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг МҮОНРТ-ийн уран бүтээлч, сэтгүүлчид нь тавьж байгаа. Ажлын хэсэг Үндэсний зөвлөл үүргээ биелүүлж байна уу гэдэг дээр анхаарал тавих ёстой. Үндэсний зөвлөлд бүрэн эрх байдаг. Үндэсний зөвлөл гүйцэтгэх зөвлөлдөө хяналт тавих зарчим алдагдаж байжээ гэдэг нь харагдаж байсан. Харилцан бие биедээ хяналт тавих хуулийн заалт алдагдаад байна” хэмээн хариуллаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа МҮОНРТ-д адуит оруулахаар болж, Үндэсний зөвлөлийн гишүүдэд чиглэл өгөхөөр байнгын хорооны хуралдаанаас тогтлоо.
Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.