4.2 тэрбум ам.доллар, 15 км зурвас


Хятадаас чимээлж байсан 4.2 тэрбум долларын зээл гацлаа гэдэг том харууслыг хэсэг бүлэг илэрхийлж эхлэв.  Олон нийт бол үүнийг тоохгүй л байгаа хандлагатай. Эдийн засагт мөнгө байхгүй гэж уйлагнасан манай төр хүүхдийн мөнгөө тавиад, оюутны зээлээ олгоод эхэлсэн. Энэ бүхнээс болоод л байх нь гэдэг Монгол аажуурал үргэлжилж байна. Тэр зээл ч яахав, өгөхгүй л байна биз, өөрсдөө болгоё гэж дотроо "жиргэж" байгаа  олон иргэдтэй хувьдаа санал нэг байгаа.

 

4.2 тэрбум ам.доллар, 15 км зурвас

  

Гаднаас юу ч авахгүй бол яаж амьдрах улс вэ. Үүнийгээ өөрсдөдөө мөн басамжлаад байгаа хөршүүддээ харуулах цаг нь болжээ. Гаднын зээл тусламжийн  гацаа хясаанд нэг жил ч болов тэсээд үзвэл сэтгэлгээний хувьсгал шахуу зүйл илэрч мэднэ.

 

4.2 тэрбум эдийн засагт орж ирснээр илэрхий биш ч иргэдийн боломж дээрдэж болох. Гэвч эдийн засгийнхаа мөн чанарыг ойлгож, хандлагаа өөрчлөөгүй цагт  амьдралын чанар дээрдэхгүй. Харин ч үрэлгэн тооцоогүй  хэрэглээ улам нэмэгдээд л байна.

 

Бид жилдээ 650 орчим сая ам.долларын машиныг Наран улсаас оруулж ирж байна. Энэ мөнгийг 12 сард хуваавал  сард  54 сая  ам.долларыг, өдөрт шилжүүбэл 1 сая 800 мянган ам.долларыг машин авахад зориулчихаж байна. Үүнийгээ приуст хуваахаар ямар тоо гарахыг тооцоорой.

 

Таван богд компани жилдээ 1100 орчим Ланд экспортолсон гэдэг. Үүнийг 70 мянган ам.доллараар бодвол жилд 77 сая ам.долараар "жийп” унацгааж байна. Эдгээр шавар бартааны баатар данхар хүлгүүд хотын хойшоо, урагшаа 100 км хүрэхгүй зам дээр цагт сайндаа 80 км цаг л хурдалж бензин залгилан утаа үйлдвэрлэж байдаг.   Мобиком гэхэд дунджаар 550 ам.долларын  1000 ширхэг  IPhone утсыг  10 хоногийн дотор зарсан гэдэг. Үүгээр бол жилд  16.5 сая ам.долларыг иргэд тансаг утас барихад өгчихөж байна. Энэхүү шидэт утасныхаа хэдхэн функцийг ашиглаж, ой санамжийнх нь аравхан хувийг л ачаалдаг.  4G интернэт ч нийтийн хэрэглээ болоогүй байхад шүү. Ер нь бол хүн харахад л үнэтэй утастай харагдах нь чухал.

 

Үүний цаана Самсунг зэрэг үнэтэй утас, талбайн хэмжээ, харааныхаа өнцгийг үл харгалзан жил бүр томсгон гэрээ гангалж байдаг том зурагтнуудын тухай дурдалгүй өнгөрлөө. Нэмээд  төрийнхний хэрэглэдэг аймаар үнэтэй хэрнээ аравхан үйлдлийг нь ашигладаг өндөр үзүүлэлттэй, бичгийн машины хэрэглээнд байгаа компьютерийг энд ярьсангүй.  

 

Бидний зүгээр боломжоосоо хэтэрсэн хэрэглээ 1 тэрбум ам.доллар орчимд эргэлдэж байна. Энэ ядуу ард түмэн, аргаа барсан эдийн засаг мөн үү.

 

Манай макро эдийн засаг бараа үйлчилгээн дээр тогтож байгаа гэвэл үүний тал хувийг авто машины тойрогт авч үзэж болохоор. Машин авлаа. Суудлын бүрээс хийнэ. Тос масло солино. Тен бууруулагч цонхондоо наана. Машин худалдан авсан үнийхээ  гуравны нэгтэй тэнцэхүйц мөнгө дахин зарцуулж байж сая санаа нь амарч байж хөдөлнө. Машин угаалганд  бүтэн  эмнэлгийн оношлогооны мөнгө зарцуулах бол эргэлзэх зүйл биш.  Үүнийг дагасан дараагийн худалдаа тос масло тен, цацруулагч элдэв гоёо, үнэртүүлэгч зэргийг импортолж, Хятадын  хулхи үйлдвэрлэгчдийг дэмжигчид тоогүй олон. Бүгд лангуу түрээслэн үл хөдлөхийн боссуудыг "тэжээнэ”.  Энэ дунд бид өөрсдөө  машин зүлгэх элгэн алчуурыг нь хийж чадахгүй байсаар. Монгол хүний хөдөлмөрлөж, зээлж, зарж үрж олсон мөнгө гадныхны ашиг болон хилийн цааш урссаар байна.

 

Хайран мөнгө. Энэ бүх худалдан авалтаа ам.доллараар тооцох тул төгрөг туйлдсаар. Оймс ажлын бээлийхэн хийдэг мал аж ахуйн орон хэвээр үлдлээ.

 

Гаргалгаа нь юу юм бэ. Зөвхөн авто машин дээрээ харья. Машины татварыг зоригтой нэмж хуучин машинд өндөр босгыг эрт тавих байсан. Үүнийхээ нөгөө талд төр нийтийн тээвэртэй зоригтой шинэчлэл хийж Солонгосын актлагдсан хүйтэн автобусыг биш дулаахан тохилог найдвартай унаа, үйлчилгээгээр иргэдээ хангаж болох байсан. Дээр дурдсан авто машин авахад гарч буй мөнгөний урсгалыг нийтийн тээвэртээ татаж, нийслэлийнхээ босоо хэвтээ тэнхлэгт ил гүүрэн Метро байгуулж болох байсан. Зайлшгүй машин унах хэрэглээг нийтийн тээврийн эрс шинэчлэлээр хязгаарлаж болох байсан. Үүнийг хийхэд 25 жил бага хугацаа байгаагүй.

 

Бид ядуу биш. Манай эдийн засаг жам  ёсны цусны эргэлтгүй. Төрөлх зүрхний хавхалгын шахалтаар явдаггүй. Импорт гэдэг шахуургаар л цусаа хүчээр эргүүлсээр байгаа. Ийм байхад 8 тэрбум ам.доллар өгсөн ч аваад хэрэггүй баймаар.

 

4.2 тэрбум ам.доллар бол үнэндээ мухардал биш. Харин тэр хэлэлцэгдээд эхэлсэн хилийн зурвас бүсийг 15 км  болгон бууруулах төсөл бол харин асуудал мөн шүү. Ж.Энхбаярын зөв.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/476572.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.