Өвөрмөц дуулалт, хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах "Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан талаар түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн талаархи мэдээлэл хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдэж, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Тэдгээрээс хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг онцолж, уг хэргийн талаар хэрхэн мэдээлснийг энэ удаагийн буландаа онцлон хүргэж байна.
Afpbb.com: Сэжигтэнг халдашгүй тусгай эрхийнх нь улмаас баривчлаагүй гэдэг ташаа мэдээлэл
Ийм гарчиг бүхий нийтлэл "Afpbb.com” сайтад нийтлэгджээ. Уг мэдээллийг хөрвүүлбэл, "Монголын алдартай реппэрүүдийн нэг тус улсын уламжлалт хээнүүдийг нэг болох "Хас” бүхий хувцас өмсч, тайзнаа дуулсан гэх шалтгаанаар ОХУ-ын дипломат ажилтанд зодуулж, 10 хоног ухаангүй хэвтэх хэмжээний хүнд гэмтэл авчээ. Энэ талаар дуучны өмгөөлөгч болон цагдаагийн байгууллагаас энэ сарын 2-нд олон нийтэд мэдээллээ.
Монголоор "Хар сарнай” гэх хамтлагийн ахлагч Амараа буюу Амармандах Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан урлагийн арга хэмжээнд оролцохдоо монгол үндэсний дээлээрээ гоёж тайзнаа гарсан байна. Улмаар түүний дээлэнд хас хээг шигтгэж өгсөн байжээ. Гэвч тоглолтын дараа ОХУ-ын дипломат ажилтан Амарааг хас хээг дээлэндээ шигтгэсэн гэх шалтгаанаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Энэ талаар түүний эцэг "Хүүгийн минь толгой руу цохиж, хүнд гэмтэл учруулсан. Үүний улмаас тархи нь ноцтой гэмтсэн” гэж ярьсан байна.
Амараагийн аав болон өмгөөлөгч, мөн "Хар сарнай” хамтлагийн гишүүд ч дуучин залууг "Хай Гитлер” гэж хэлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Хас хээг олон мянган жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг бөгөөд Адольф Гитлер Нацист Германы бэлгэдэл болгон ашиглахаас ч өмнө буюу эрт үеэс Монголд хэрэглэж ирсэн гэсэн баримт байдаг байна. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы эсрэг дайнд Зөвлөлт холбоот улсын хэдэн зуун энгийн иргэд амь үрэгдсэн түүхтэй юм. Амараагийн өмгөөлөгчийн хэлж буйгаар мөрдөн байцаах ажиллагаа хэт удаашралтай байгаа төдийгүй сэжигтэн этгээд баривчлагдаагүй байгааг онцолсон юм.
Тэрбээр "Дипломат ажилтан халдашгүй тусгай эрхтэй байх эсэхээс үл хамааран хэргийн сэжигтэнг Монгол Улсын хууль дүрмийн дагуу баривчлах ёстой” гэж хэлсэн байна. Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагаас AFP агентлагт "Хохирогчийн гэмтэл ноцтой биш учраас сэжигтэнг баривчлан саатуулаагүй. Дипломат ажилтны халдашгүй тусгай эрхийн улмаас баривчлаагүй гэдэг ташаа мэдээлэл юм” гэх тайлбарыг өглөө” гэсэн байв.
dailymail.co.uk: Хас хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог
ОХУ-ын нэгэн дипломат төлөөлөгч Монголын реппэрийг хас тэмдэг бүхий дээл өмсч тайзан дээр гарсан гэх шалтгаанаар биед нь халдаж, комд ортол нь зоджээ. "Хар сарнай” хамтлагийн ахлагч Сүхбаатарын Амармандах Монголын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр ийнхүү зодуулсныг түүний өмгөөлөгч болон цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Тоглолтын үеэр Амараа уламжлалт хас хээ бүхий улаан өнгийн монгол дээл өмссөн байжээ. Гэсэн ч тайзнаа гарсныхаа дараахан Оросын дипломат төлөөлөгчид зодуулсан байна. Түүний аав С.Сүхбаатарын хэлснээр дуучин залуу орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд өнгөрсөн жилийн "Авъяаслаг монголчууд” шоу тоглолтод зочноор оролцсон гэнэ. Гэвч харамсалтайгаар зодуулсныхаа дараа 10 орчим хоног эмнэлэгт ухаангүй байгаа ажээ. Амараагийн дуунд Монголын түүх,соёл хийгээд хувь хүний мөн чанар өгүүлэгддэг бөгөөд тэрбээр тайзан дээр байнга хас хээ бүхий хувцас өмсдөг байна.
Энэхүү хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог аж. Монгол Улс коммунизмаас 1990 оны ардчилсан хувьсгал руу шилжих хүртэл хэдэн арван жилийн турш хуучин ЗХУ-ын хавчлагад байсан юм. Тиймээс ч хөгжим, кирилл үсгийн цагаан толгойг ашигладаг гэх мэтээр ОХУ-ын соёлын нөлөө олон хэлбэрээр илэрдэг. Ямартай ч, хэргийн талаар Оросын Элчин сайдын яамны вэб хуудсанд хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр цацагдсан дээрх хэргийн талаар шалгаж байна гэх мэдээлэл нийтлэгджээ.
lenta.ru: Дипломат ажилтан согтуурхаж С.Амармандахыг зоджээ
Монголын "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах хотын Засаг даргын зохион байгуулсан "Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа зодуулжээ. Энэ талаар NEWSru.com мэдээлжээ. Тус тоглолтод уран бүтээлээ толилуулсныхаа дараа дуучин залуу гэртээ харих гэж байхад нь ОХУ-ын Элчин сайдын яамны согтуу дипломат төлөөлөгч лонхоор толгойн тус газарт нь цохиж, гэмтээсэн байна.
Үүний дараа найз нарынхаа хамтаар толгой, хөл рүү нь өшиглөж эхэлсний дараа дуучин залуу ухаан алдан унажээ. Одоогоор реппэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнчлэн, дуучныг зодсон дипломат төлөөлөгч хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд нэрний эхний үсэг нь А.С гэнэ. Хэргийн бичлэг One Event Hall-ын хяналтын камерт бичигджээ. Зарим мэдээллийн хэрэгсэл дуучны зодуулах болсон шалтгааныг нацист Германы бэлгэдлийг санагдуулам хас тэмдэг бүхий хувцас өмссөнтэй холбон тайлбарлаж байна.
BBC.com: ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдэв
Монголын шилдэг реппэрүүдийн нэг хас хээтэй дээл өмсч, тайзан дээр гарсныхаа төлөө ОХУ-ын дипломат төлөөлөгчид комд ортлоо зодуулсан тухай дуучны гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээллээ. Сүхбаатарын Амармандах тус улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон урлагийн арга хэмжээний үеэр ийнхүү бусдад зодуулсан байна.
Оросын зарим хэвлэлд дуучин толгойн тус газраа лонхоор цохиулж, нүүр рүүгээ хэд хэдэн удаа өшиглүүлсэн гэж мэдээлсэн бол ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдсэн юм. Мөн зарим хэвлэл хэргийн мөн чанарыг гажуудуулан, ташаа мэдээлэл түгээж байгааг онцолсон байна. Дуучин залуу тоглолтын үеэр уламжлалт хас хээ бүхий улаан дээл өмсөн тайзнаа гарсан аж. Нацистуудын бэлгэдэл болсон хас хээг Гитлерээс ч өмнө Монголд уламжлалт хээ болгон ашиглаж иржээ.
"Хар сарнай” хамтлагийн Амараа гэх нэрээр танигдсан С.Амармандахын дуунд Монголын түүх, соёл, үзэл суртал нэвт шингэсэн байдаг бөгөөд тэрбээр тайзан дээр уран бүтээлээ толилуулахдаа үргэлж хас хээ бүхий хувцас өмсдөг байна. Эртнээс хас хээг Монголын алс баруун хязгаарынхан бэлгэдлээ болгон ашиглаж иржээ. Дашрамд дурьдахад, дуучны өмгөөлөгч болон гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүд шоуны үеэр дуучин "Heil Hitler” хэмээн хашгирсан гэх сошиал сүлжээнд тархсан мэдээллийг эрс үгүйсгэсэн байна.
chinatimes.com: Монгол дуучныг нацисттай андуурч ухаангүй болтол нь зоджээ
Монголын алдартай реппэрүүдийн нэг болох С.Амармандах Улаанбаатар хотод зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр хас хээ бүхий дээл өмсч тайзнаа гарчээ. Гэвч ОХУ-ын дипломат төлөөлөгч уг хээг нацистуудын бэлгэдэлтэй андуурч, дуучныг ухаангүй болтол нь зодсон хэрэг гарсан байна.
Реппер С.Амармандах тайзан дээр хас хээ бүхий улаан дээл өмсч, дуулжээ. Хас хээ нь Монголын уламжлалт хээнүүдийн нэг юм. Гэвч тус хээг нацистуудын бэлгэдэл хэмээн андуурсан ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат төлөөлөгч ихээхэн бухимдаж, лонхоор дуучны толгойн тус газарт нь цохиж, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөжээ. Дуучны эцэг С.Сүхбаатар саяхан хэвлэлийн хурал хийж, хүүгээ толгойдоо хүнд гэмтэл авч, тархи нь ноцтой гэмтсэний зэрэгцээ 10 гаруй хоног ухаангүй байгаа талаар мэдээлсэн байдаг. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хас хээний зургийг үзүүлж, уг хээ нь Монголын уламжлалт хээ болохыг онцолсон байгаа юм.
Сэтгэгдэл