АН-ын IV Их хурлын эргэн тойрон юм, юмтай болж өнгөрөв. Намын дотоод асуудлууд бол өмнө байсан, цаашид байх тийм л зүйлүүд. Харин тэр дотроос анхаарал татсан нь Намын Их хуралдаа зочилж ирсэн экс гишүүд нь байлаа. Тухайлбал, БНН-ын дарга "Буян”-гийн Жаргалсайхан намынхаа нарийн бичгийн даргыг дагуулан ирж хуралд оролцсон. АН-ын зарим гишүүн түүнийг танихгүй "Пөөх, манайд чинь Жагаатай усны дусал шиг адилхан гишүүн байдаг юм байна шүү дээ” гээд тууж явсан. Б.Жаргалсайханы хувьд ардчилсан хувьсгалд оролцож, 50 кг-ын шуудайтай элсэн чихэрээр хөрөнгө оруулж, уулзалт, цуглааны төсөв зардал босголцож явсан яах аргагүй анхдагчдын нэг гэдэг.
Харин сая болсон АН-ын ИХ хуралд ирэхдээ хэвлэлийнхэнд "Би Ардчиллын хүн шүү дээ. Намынхаа гишүүнчлэлийг сэргээх талаар ярьж ч болох юм” хэмээн хэлж байв. Тэгвэл АН-аас Хөвсгөл аймагт дэвшин УИХ-д хэдэнтээ сонгогдож явсан Их хурлын экс гишүүн, сүүлд АН-аас гарч "Ард түмний нам” байгуулан өрх тусгаарласан Л.Гүндалай ч бас гэртээ зүгээр суусангүй. АН-ын Их хурлын үеэр төлөөлөгчидтэй энд тэнд уулзалт зохион байгуулан зоог барьсны сацуу "Би АН-ынхаа гишүүнчлэлийг сэргээж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн ярьжээ. Түүний хувьд 2016 оны сонгуульд "Ард түмнээ хайрлая” нам байгуулан Эрдэнэтээс УИХ-ын сонгуульд өрсөлдөнө хэмээн хэсэгтээ бужигнуулсан ч эхнэр, хадам аавыгаа нэр дэвшүүлснээр дууссан. Одоо хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, авах зэргээс өөр ажилгүй сууж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл