Олон улсын хүлээлтийг үл хайхран Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоос татгалзсан. Европт Дэлхийн II дайнд цэг тавьсныг тэмдэглэх баярт оролцохгүй болсон шалтгааныг Москва "Хойд Солонгосын төрийн тэргүүн дотоод ажлын асуудлаас барт оролцож чадахгүй болсон” хэмээн мэдээлж байсан юм.
Гэвч дэлхийн олон орны удирдагчид Москвад цугласан өдөр Хойд Солонгос шинэ алсын тусгалтат пуужинг туршлаа. Ингэхдээ бүр пуужингаа шумбагч онгоцноос харвасан байна. Хойд Солонгосын төрийн хэвлэл энэхүү үйл явдлыг "Ким Чен Уны зарлигаар баллистик пуужинг усан дороос харвалаа. Энэ нь хиймэл дагуул хөөргөхтэй адил чухал үйл явдал” хэмээн онцолсон байна.
Ким Чен Уныг Орост айлчлахаас татгалзахад олон улсын хэвлэлүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байв. Зарим нь Ким Чен Ун энэхүү арга хэмжээнд оролцвол олон улсын удирдагчдын өмнө онигоонд орохоо мэдсэн тул татгалзсан гэж бичив байв. Харин зарим нь Москватай бэлэн мөнгөний асуудал гарснаас болсон, бүр түүнийг гадаадад айлчлах зуур төрийн эргэлт гарч магадгүй гэсэн хийрхлийг ч барууны хэвлэлүүд цацаж байлаа.
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа Оросоос эхлэхээс татгалзсан нь пуужин хөөргөхтэй л холбоотой байж. Тэрээр Москвад цугларсан дэлхийн удирдагчдад Хойд Солонгос цөмийн хүчин чадлаа хоёр дахь шатны чадамжтай гэдгийг харуулахзорилготой байж.
Хэрвээ Ким Чен Ун Ялалтын баяраар Москвад айлчилсан бол дэлхий дахинд харилцаа нь сэмэрч буй улс төрийн хамтрагч Хятадыг Оросоор сольж байгаагаа харуулах байв.
Ким Чен Ун гадаад айлчлалаас татгалзаж буйгаа дотоод ажилтай хэмээн тайлбарласнаас биш яг юу болохыг дэлхийн нийтэд зарлалгүй байж байгаад энэхүү шуугианыг дэгдээлээ. Гэтэл ийм стратегийг өмнө нь түүний эцгүүд ашиглаж байж. Түүх сөхвөл Хойд Солонгосын лидерүүд таамаглахын аргагүй зан авираа тусгаар тогтнолоо хадгалж үлдэх, гадаад улсыг буулган авч тусламж авахын тулд хөрш орнуудын өрсөлдөөнийг ашигладаг байв.
Хүйтэн дайны үед Пхеньян Москва болон Бээжингийн сонирхлын ялгааг давуу тал болгон ашигласан.Тухайн үед Пхеньян дипломат харилцаагаа АНУ, Япон, Өмнөд Солонгостой өргөжүүлсэн. Ингээд зургаан талт хэлэлцээр хийж чадсанаар Пхеньян бусад тоглогчдын сонирхлын ялгаа, давуу талыг өөртөө амархан татах боломжтой болсон юм.
Тэгвэл Ким Чен Уны саяхны шийдвэр яг энэ арга барилыг давтлаа. Тэрээр Москвад очоогүйгээрээВ.Путин нарт эдийн засаг, хөгжлийн амлалтаа худран биелүүлэхгүй бол Пхеньян Хятадын нөлөөнд орох нь гэсэн сануулгыг өгч байна. Мэдээж Хойд Солонгос Хятадтай эдийн засгийн хувьд өргөн хамааралтай хэвээр үлдэх боловч Бээжин Хойд Солонгосын байгалийн баялагийн оронд бараг хөрөнгө оруулалгүйгээр тусламж өгч буй явдалд таагүй хандаж байгаа нь илт байна.
Орос Хойд Солонгост Хятадаас бага хэмжээний бэлэн мөнгө амласан байж болох ч энэ улсын төмөр замын сиситемийг шинэчилнэ гэсэн томоохон амлалт өгөөд байгаа. Энэ төрлийн хөрөнгө оруулалтууд нь Пхеньянд эдийн засгаа дахин сэргээх, байгалийн эрдэс баялагаа бусдад үнэлэмж муутай цацах хамаарлыг багасгах олзыг өгнө.
Харин шинэхэн пуужингаа амижлттай туршсан Пхеньян энэ зуур цөмийн багтаамжаа хэр их нэмэгдүүлэх нь хэнд ч тодорхойгүй байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл