Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парад ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд сүрлэг болов. Ялалтын парад Москвагийн цагаар 10:00-т Ялалтын туг, ОХУ-ын төрийн далбааг Улаан талбайд залснаар эхлэв. ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг угтан очиж, цэргийнхэн парадад бэлэн болсныг илтгэв. Дараа нь тэд Москвагийн гарнизоны анги нэгтгэлийн дайчидтай мэндчилж, баярын жагсаал эхэлснийг мэдэгдлээ.
Ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалд Монгол, Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Беларусь, Азербайжан зэрэг орны 730 орчим хүнтэй бүрэлдэхүүн анх удаагаа Улаан талбайд жагслаа.
Тэдний дараа ОХУ-ын Хуурай замын цэргийн хороо, Тэнгисийн цэргийн хороо, Агаарын десантын хороо, Агаарын болон сансрын цэргийн суман, Стратегийн пуужинт цэргийн суман болон цэргийн бусад төрлүүдийн анги нэгтгэл, Зэвсэгт хүчний хүндэт харуулын болон Ерөнхийлөгчийн хорооны морин цэргийнхэн, цэргийн сургуулийн сонсогчид парадыг үргэлжлүүлэв.
Явган цэргийн жагсаалын дараа дайнаас хойшхи бүх он жилүүдийн 194 нэгж техник талбайд гарч ирэв. Жагсаалыг эх орны дайны домогт зэвсэг болох Т-34 танк, өөрөө явагч их буу СУ-100 зэргийн техникүүд толгойлов. Орчин үеийн зэвсэглэлийн сор болсон хамгийн хүчирхэг танк, пуужингийн цогцолбор, хуягт тээвэрлэгч гээд шилдэг техникүүдээ харуулав.
Цэргийн техник явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр 200 метрийн өндөрт онгоц, нисдэг тэрэг, стратегийн бөмбөгдөгч онгоц, тээврийн онгоцнууд нисэн өнгөрөв. Баярын парадад 16 мянган цэргийн албан хаагч, 194 цэргийн техникийн нэгж, 143 онгоц, нисдэг тэрэг оролцлоо.
Парадын дараа Улаан талбайд асч байдаг нэр нь үл мэдэгдэх цэргийн хүндэтгэлийн бамбарт Ялалтын 70 жилийн ойн баярт оролцсон дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн оролцлоо.
Ялалтын баярын 70 жилийн ойд дэлхийн 27 орны төрийн тэргүүн ирсэн байна. Европын холбооноос Кипр, Чех, Словак гэсэн гуравхан улсын төрийн тэргүүн иржээ. Харин Итали, Франц, Монако улсын Гадаад хэргийн сайд нар нь Москвад очсон аж. Украины асуудлаас болж Ялалтын 70 жилийн ойн баярт АНУ, Герман, Их Британи гээд олон орны удирдагчид Москвад очихоос татгалзсан юм.
В.ПУТИН МОНГОЛЫГ ОНЦЛОВ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын 70 жилийн Ойн парадыг нээж хэлсэн үгэндээ Монголыг онцоллоо. Тэрээр хэлсэн үгэндээ "Энд хүрэлцэн ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд баярлалаа. Германы нацизм болон Японы милитаристуудтай бид мөр зэрэгцэн тулалдсан. Оросын цэргүүдтэй Улаан талбайд мөн арваад орны цэргийн албан хаагч жагсч байна. Тэдний өвөө, эмээ нар ч Дэлхийн хоёрдугаар дайны үеэр фронтын болон ар талд мөр зэрэгцэн тулалдаж явсан. Хятад улс ч ЗХУ-ын адил дайны үеэр олон сая хүнээ алдсан. Тэд Японы түрэмгийлэгчдийн дарлалд олон жил болсон. Мөн Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны жилүүдэд бидэнтэй хамт байж, дэмжиж байсан. Тэгвэл тэдний үр ач өнөөдөр Улаан талбайд алхаж явна” хэмээн онцолсон юм.
МИНСКЭД БОЛСОН ПАРАДАД АНУ-ЫН ЦЭРГИЙНХЭН ОРОЛЦЖЭЭ
Тавдугаар сарын 9-нд Беларусийн нийслэл Минск хотод болсон ялалтын 70 жилийн ойн парадад ОХУ болон АНУ-ын цэргүүд жагссан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнууд нацист Германыг бут ниргэсний 70 жилийн ойн парадын нээлтэд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үг хэлсэн аж. Тэрээр "Минскэд болсон парадад ОХУ болон АНУ-ын цэргийн төлөөлөл оролцсон нь утга учиртай” гэжээ. Минскэд болсон цэргийн жагсаалд 5000 цэрэг оролцсон байна. АНУ-ын Зэвсэгт хүчний хөгжмийн оркестрын 40 албан хаагч Минксэд очсон байна. Беларусийн төрийн тэргүүн А.Лукашенко Москвад болсон ялалтын парадад очоогүй юм.
Сэтгэгдэл