Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог дахин хар тамхины хэрэгт орооцолджээ. С.Цогийг хар тамхи мансууруулах төрлийн бодис болох айс буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж эхэлжээ. Мөн түүнтэй хамт өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан Б.Энхтайван гэгчийг хамт баривчилжээ.
С.Цогийн тухайд хар тамхины хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон байдаг. Харин энэ оны нэгдүгээр сард Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан юм. Гэвч эргээд хэрэгт холбогджээ. Гэхдээ мэдээллээс үзэхэд С.Цог, Б.Энхтайван нар энэ удаа баривчлагдахад Б.Энхтайваны биед хар тамхи байсан гэх мэдээлэл байгаа юм.
За мөн С.Цогийн тухайд анхаарал татсан хэрэгт нэр нь холбогдон яригдаж байсныг эргэн сануулъя. АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт Ч.Баттуул гэх эмэгтэйг буруутган ялласан байдгийг уншигчид санаж байгаа байх. Түүнийг шунахайн сэдлээр Жон Мартин Кийний амь насанд хүрсэн гэж 23 жилийн ял оноосон. Харин Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь уг хэрэгт Ч.Баттуулыг хэлмэгдсэн гэж үздэг.
Учир нь Жон Мартин Кийн хар тамхи борлуулахаар Монголд ирсэн. Тиймээс Ч.Баттуул Жон Мартин Кийнийг М.Жаргалан нарын хүмүүстэй уулзуулсан гэх. Гэвч М.Жаргалан нар Жон Мартин Кийнтэй үнэ тохиролцож чадалгүй Жоны аминд хүрсэн гэж Ч.Баттуул мэдэгдээд байгаа юм. Мөн хар тамхи худалдан авахаар ирсэн хүмүүсийн дунд ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нар байсан гэж Ч.Баттуул аав Н.Чулуунбаатараараа дамжуулан мэдэгдээд байсан.
Харин үүнийг С.Цогийн өмгөөлөгч Ө.Батжаргал үгүйсгээд байв. Хэдийгээр С.Цог нь Ч.Баттуулын хэрэгт холбогдолгүй гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн ч С.Цог нь мөн л хар тамхи хэрэглэсэн худалдан борлуулсан гэх хэргээр шүүхийн хаалга татсан юм. С.Цог нарын 12 хүнд холбогдох шүүх хурал болж, хэргийг шийдвэрлэж байсан билээ.
ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын тухайд "сугардаггүй” Сугар гэгдэн хэвлэлийн хуудаснаа бичигдэж ирсэн нэгэн. МИАТ-ийн хэрэг, Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан гаднаас мөнгө авсан "Жаст”-ын асуудал гэхчлэн Д.Сугар гуайн нэр холбогддог асуудал цөөнгүй. Гэсэн ч үргэлж л суудал дээрээ сууж байдаг түүний хүү нь харин хар тамхины хэргээс хол байж чадахаа больсон нэгэн бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл