Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙГ MCS-Т ӨГНӨ ГЭВ ҮҮ


Үе үеийн эрх баригчдын урдаа барьдаг ганц зүйл нь Таван толгой. Сонгууль бүрээр Тавантолгой эрх баригчдын аминд ордог ганц зүйл болж байна.  УИХ-ын 2016 оны сонгууль болохоор 20 хоногийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэр гаргаж байв. Ингэж сонгуулийн өмнө З.Энхболдын толгойлсон АН-ынхан ард түмний саналыг худалдан авах башир аргаа Тавантолгойн хувьцаагаар  дамжуулан хэрэгжүүлэв. 

Яг үүн шиг үйл явц 2012 оны сонгуулийн өмнө өрнөж байв. МАН-ынхан Хятадын "Чалько” компанитай гэрээ байгуулан урьдчилгаа хэлбэрээр 350 сая ам.доллар буюу 460 гаруй тэрбум төгрөгийг нүүрсний урьдчилгаа төлбөрийг зээлээр авсан. Энэ зээл нь маш бага хүүтэй. Бага төлж байгаагийн шалтгаан нь зээлээ төлж дуустал коксжих нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлэх үүрэг хүлээж, урд хөршид 3,75 сая тонн коксжих нүүрсээ бэлэглэх шахам өгөхөөр болсон юм. Гэтэл зээлийн дагуу нүүрсээ бэлэглэх учиртай байтал зээлж авсан 460 гаруй тэрбум төгрөгийнхөө 300 гаруй тэрбум төгрөгийг нь өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө амлалтаа биелүүлэхээр "Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараасан байдаг. Үүнээс үүдэн "Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд орсон тухай АН-ынхан эрх барих үедээ үглэн дуулсаар төслийг гацаасан. Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудсаараа Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АН-ын дарга З.Энхболд "Шинэ жилээр Засгийн газар Тавантолгойг гэнэдүүлэх гээд байгаа учраас хэвлэлийнхэнд хандах хэрэгтэй боллоо” хэмээн мэдэгдэв. Уг нь Засгийн газраас хэвлэлийнхэнд зориулан түгээсэн мэдээнд Тавантолгойтой холбоотой 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсныг дурдсан. Дээрх ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахлан, дэд даргаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллаж байгаа юм.
Мөн бүрэлдэхүүнд нь "Эрдэнэс Монгол” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Монголын төмөр зам” ХК, Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд, холбогдох яамдын төлөөлөл багтсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, явцыг 14 хоног тутамд танилцуулах ба үр дүнг, холбогдох гэрээний төслийн хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх даалгавар өгсөн байдаг.

З.Энхболдын яаран мэдэгдэл хийсэн учир нь энэ. Ажлын хэсгийнхэн даалгавар ёсоор оноос өмнө "Тавантолгой”-г ашиглах бас нэгэн хувилбарыг танилцуулах учиртай байв. Гэвч энэ өдрүүдэд З.Энхболдын хэлсэн шиг гэнэдүүлэх ажиллагаа явагдсангүй. Магадгүй, Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцэхээр тов тогтоосон байж болох.
Засгийн газрын хүлээж буй үр дүнг тодорхойлсон удирдамжид "Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог зохистой түвшинд хангах”-ыг чиглүүлжээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай ямар чиглэлээр, юу ярилцахыг удирдамжаар тодорхойлж өгсөн нь энэ.  

Консерциумд нэгдсэн гурван компанийн хувьд "Энержи  Ресурс” 51, "Шенхуа” 49 хувийн эзэмшилтэй. Харин "Сумитомо” гурав дахь зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргахын сацуу хөрөнгө босгох баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн. Тэгвэл Засгийн газрын тавьж буй нөхцөлөөр төслийн компани дээр 51 хувиа хадгалах Монголын сонирхол "Энержи Ресурс” болон ”Эрдэнэс Тавантолгой” гэсэн хувилбар юм.

Харин энэ хувилбарыг З.Энхболд "Тавантолгойг шийдэх гэж байгаа бол ажын хэсгийн дүгнэлтийг уншиж танилцаж байж шийдвэрээ гаргахыг УИХ-ын гишүүдээс хүсч байна. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын оруулж ирсэн санал УИХ-ын босгыг давж чадаагүй гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Энэ ажлын хэсгийн саналыг үндэслэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн саналаа УИХ-д өргөн барьсан боловч сонгууль таараад энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй. Ж.Эрдэнэбатын оруулж ирж байгаа гэрээний хувилбар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас бүр дордуулсан гэж үзэж байна. Тиймээс тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо, Монголын төмөр зам, УИХ-ын удирдлагуудын шийдвэр, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, "Тавантолгой”-н ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийг харгалзаж, шийдвэрээ гаргаарай гэж хүсч байгаа юм. "Тавантолгой” ордыг хувьдаа авах зорилготой "МCS” ХХК ард түмнээс асуух хэрэггүй, хувьчилах зэрэг олон буруу мэдээллийг явуулж байгаа. Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу Монгол Улсад газар түүний хэвлий дэхь ойн сан болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтд байна гэж заасан байдаг. Тавантолгой бол ард түмний мэдэлд байдаг баялаг.  Гэтэл одоо 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гээд яригдаж байгаа нь нийт үнэлгээний маш бага үнэлгээ гэж бодож байна. Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр явуулах боломж байгаа, ганцхан төмөр замын салбарт хөрөнгө оруулалт авах ёстой” хэмээн мэдэгдэв. Түүнийхээр "MCS” ээлжит дайралтаа хийж эхлүүлж байгаа нь энэ гэнэ.

Ийнхүү З.Энхболд алх цохих эрхтэй байхдаа шийдвэрлэж чадаагүй Тавантолгойг "хамгаалахаар” гарч ирлээ. Түүний хэлснээр МАН-ынхан маш муу хувилбар боловсруулж Тавантолгойг MCS-д өгөх гэнэ.

 
П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.