Төв Азийн мөнх цаст уулсаас ундаргаа авдаг гол мөрний ус татарснаар тус бүс нутагт үндэстэн хоорондын зөрчил үүсэж, энэ нь эртний Торгоны замыг сэргээх Бээжингийн төлөвлөгөөнд саад болж болзошгүй тухай Хятадын судлаачид анхааруулжээ.
Бүс нутагтаа "усны цамхаг” гэгддэг Тяньшаний (Монголчууд Тэнгэр уул гэдэг) уулсын мөсөн голууд цаг уурын дулаарлын улмаас улам бүр татарч байгааг өнөөдөр Хятадын Шинжлэх Ухааны Академийн вэб сайтад нийтлэгдсэн тайланд өгүүлсэн байна.
Хятад улс энэ бүсээр дайран өнгөрдөг эрт цагийн Торгоны замыг сэргээн хөгжүүлж, Хятадаас Төв Ази, цаашлаад Европ хүрэх худалдааны дэд бүтэц үүсгэхийг зорьж байгаа.
Төв Ази бол далайгаас хол, хуурай уур амьсгалтай бүс нутаг бөгөөд хамгийн том, өндөр уулс нь Тяньшаний нуруу. 2,500 км урт, 350 км өргөн энэхүү нуруунаас улирлын чанартай үүсдэг цас, мөсний ус нь Төв Азийн ихэнх гол мөрний эх болдог юм.
Тяньшаниас усан хангамж нь хамааралтай улсуудад Узбекистан, Киргизистан, Казахстан болон Хятадын Шинжаан багтдаг.
Гэвч сүүлийн 10 жилд усны нөөц нь жил бүр 223 сая шоо метрээр хорогдож байгааг Хятадын ШУА-ын Өрөмч хот дахь Шинжааны Экологи, Газарзүйн Хүрээлэнгийн профессор Чэн Янинь баталж байна.
Үүний гол буруутан нь уур амьсгалын дулаарал. 1960 оноос хойш энэ бүс нутгийн агаарын хэм жил бүр Цельсийн 0.3 хэмээр нэмэгдэж, өвөл нь дулаарч, цас нь багассан гэнэ.
Чэн профессор "Үүний үр дүнд хэдхэн арван жилийн дараа зарим голууд хатах аюултай” гэжээ.
Голуудын ус багассанаас зарим улсууд ус нөөцлөхөөр далан байгуулж, энэ нь бусад улсуудын усан хангамжид сөргөөр нөлөөлснөөс мөргөлдөөн үүсэх боломжтой гэнэ.
Тиймээс Хятадын засгийн газар төсөл төлөвлөгөөндөө болгоомжтой хандаж, нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд анхааруулж байна.
Нөгөө талаас дулаан уур амьсгал нэмэгдвэл усны ууршилт нэмэгдэж, бүс нутгийн хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай. "Дулаан, чийглэг ийм уур амьсгал 9,000 жилийн тэртээ Шинжаанд ноёрхож байсан. Тиймээс тухайн үед газар оронд ямар нөлөө үзүүлснийг судлах шаардлагатай” гэж тайланд өгүүлжээ.
Тяньшань нь 10,000 орчим уулын голтой. Тэдгээрийн ихэнхийн ус татарч байгаа. 1960-2000 оны хооронд усны хэмжээ нь 15-20 хувь багассан байна.
Мөн жил бүрийн уулс цасанд хучигдах хэмжээ нь 672 км.кв талбайгаар хорогдож байгааг эрдэмтэд ажиглажээ.
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл