Мөрийн хөтөлбөрөөр нь ШИНЖИХҮЙ


Мөрийн хөтөлбөрөөр нь ШИНЖИХҮЙ

 

Ардчилсан намын ҮЗХ өнгөрөгч 12 дугаар сарын 6-нд хуралдаж, намын даргаа бүх нийтийн сунгаагаар тодруулахаар болсон.

2016 оны сонгуулийн их ялагдал тэдэнд өөрчлөгдөн, шинэчлэгдэх боломжийг олгосон гэхэд хилсдэхгүй. Намаа шинэчлэгдэж, шударга ёс тогтохыг энэ намын 160 гаруй мянган гишүүн хоног  тоолон хүлээж суугаа. 

Ардчилсан намын даргын сунгаанд таван хүн өрсөлдөж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр, Өргөдлийн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар намдаа 250 саяыг хандивлаж, нэр дэвших эрхээ олж авсан гэдэг.

Эдгээр хүмүүс цагтаа улс төрийн томоохон алба хашиж явсныг олон хүн мэднэ. Тэр дундаа бараг бүгд сайдын албанд тохогдож  явжээ. Эндээс харахад намдаа нэлээд нэр хүндтэйн дээр нөлөөтэй хүмүүс гэж харагдаж байгаа юм.

Сунгаанд өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ гэдгийг мөрийн хөтөлбөр нь илэрхийлэх ёстой. Шат шатандаа уналтанд орсон гэгддэг Ардчилсан намын хувь заяа намын даргаараа хэнийг сонгохоос шийдэгдэнэ. Ингээд нэр дэвшиж буй таван гишүүний мөрийн хөтөлбөрийг сонжсоноо дор хүргэе.

1.    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг /Алтангадас/ 


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цагтаа энэ намын даргаар ажиллаж, Ерөнхий сайдаар ч тохоон томилогдож байсан нэгэн. Тэрбээр "Дотоод ардчиллыг хөгжүүлж, намын шат шатны байгууллагын ротацийг тогтмол явуулна” гэж тусгаснаас өөр шинэ зохицуулалт санал болгосонгүй.

Ардчилсан намд "Алтангадас” гэх фракцийг байгуулж, өөрийн хүмүүсээрээ хүрээлүүлэн суух болсон. Мөн энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ байгаагаа олон нийтэд зарлаад амжсан.

Эндээс харахад түүнд хувийн эрх ашиг, нэр нөлөө нэлээд чухал бололтой. Тэрбээр АН-ын даргаар зургаан жил ажиллахдаа ерөөсөө ротаци хийгээгүй. Ингэснээрээ ҮЗХ нь шинэ хүмүүсээр цус сэлбэгдээгүй гэсэн үг.

Н.Алтанхуягийн рейтинг өндөр байгаа ч мөрийн хөтөлбөрөөс нь харвал намын дарга дахин болсноороо дотоод ардчилалд "салхи” оруулна гэж найдахад бэрх байна. Уг нь ерөнхий сайд байсан, энэ намын даргаар чамгүй удаан ажилласан хүний хувьд болох, бүтэхгүй асуудлыг илүү мэднэ. Гэвч түүний мөрийн хөтөлбөрийг уншиж бусдынхтай харьцуулалт хийхэд үнэхээр чамлалттай. "Өөрийн намаас байгуулагдсан Засгийн газар, засаг дарга, хурлын дарга зэрэг төрийн эрхийг хэрэгжүүлэхдээ намын нэгдсэн шийдвэргүйгээр огцруулдаг, эсрэг ажилладаг, хувийн тоглолт хийдэг улстөрчдөд хатуу хариуцлага тооцдог болгоно” гэжээ.

Мөн намын ахмадуудын гавьяаг үнэлүүлэхэд онцгой анхаарна, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, бодлого шийдвэрт оролцох боломжийг нээж өгнө. Залуусаа гадаадад сургана, лобби бүлэг байгуулна гээд байдаг л нэг халамжийн бодлогууд ч байв.

Хамгийн гол нь Н.Алтанхуяг намын дарга болвол энэ намд дайн дэгдэнэ. Намын эсэргүү хэмээн цоллуулах болсон түүнийг гомдоогчид энэ намд бишгүй бий.

2.    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бараг л баруун гар гэгддэг Д.Эрдэнэбат намын даргад өрсөлдөх болсон нь тун сонин тохиолдол байв. Түүнийг намынхаа төлөө өрсөлдөх гэж байна уу, ердөө хэн нэгэнд ивүүрэг болох гэж байна уу гэдгийг мэдэхэд хэцүү.

Аж үйлдвэрийн сайд байхдаа "Худлаа ярьж байгаа юм биш, доллар 1000 төгрөгөөс бууна” гэж сонингийн нүүр дүүрэн ярилцлага өгсөн нь өдгөө бараг онигоо болсон. Доллар буусангүй, одоо 3000-руу дөхөж явна. 

Харин тэрбээр мөрийн хөтөлбөртөө "Ардчилсан намын аливаа хурал бол намын дотоод ардчиллын амин сүнс юм” гэж онцолсон байна. Мөн "Намын дотоод ардчиллыг бэхжүүлнэ. Намын бүх шатны хурлыг тогтоосон цагт тогтмол хуралдуулдаг журмыг нэвтрүүлнэ. Намын дүрэмд заасан хурлыг цагт нь хуралдуулаагүй бол тухайн хурлыг зарлах эрх бүхий намын албан тушаалтанд шат дараалан хариуцлага тооцох дүрмийг санаачилна” гэжээ.

Шат шатандаа том толгойтой энэ намд хариуцлагын тогтолцоо аль хэдийн алга болсныг Д.Эрдэнэбат сайн харж чаджээ. Түүний мөрийн хөтөлбөрөөс даргаар сонгогдвол ямар бодлого барих, ямар алхам хийх, юу хэрэгжүүлэх нь тун тодорхой харагдана.

3.    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 


Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх учиртай. Түүнээс биш хэн нь хамгийн баян бэ гэдгийг тодруулах гээгүй. Баянголын ван гэгдэх болсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын даргын марафонд оролцохдоо "Намын дотоод ардчилал, гишүүдийн идэвхитэй оролцоог дэмжиж ажиллана” гэж тусгажээ. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг уншихаар сонгуулийн намын мөрийн хөтөлбөр мэт сэтгэгдэл төрнө. Намынхаа эмэгтэйчүүд, ахмад, залууст таалагдахыг илүү чухалчилжээ. "Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, эмэгтэй улстөрчдийн чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулна, сургалт, семинарийг жил бүр зохион байгуулна” гэсэн байв. Харин ахмад гишүүдээ онцгойлон харж үзэх нь. "Ахмадыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ, АН-ын ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарна, ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх клубуудыг дэмжинэ, АН-ын дүрэмд ахмадуудынхаа гавьяа зүтгэл, улстөрийн эрх чөлөө, нийгмийн асуудлыг оролцоог хангасан тусгай бүлэг оруулж мөрдлөг болгоно” гэсэн амлалт өгсөн байна. Харин залуучуудын хувьд "Лобби бүлэг, АН-ын дэргэд оюутны байгууллага байгуулж ажиллана” гэх мэтчилэнгээр цааш хөвөрчээ.

Үндсэндээ түүний мөрийн хөтөлбөр сайхан амлалтуудаар дүүрэн. Магадгүй намын дарга болчихоод бүх гишүүдээ халамжилж суухыг хүссэн бололтой.

Түүнийг Баянгол дүүрэгт асар том будлианы багтай гэлцдэг. Тэр ч бүү хэл шинэ гишүүдийг 10000 төгрөгөөр элсүүлж байгаа тухай мэдээ чих дэлсэв. УИХ-ын сонгуулиар ч булхай луйврыг гаргууд хийдэг гэгддэг түүний багт намын даргын сунгаа өчүүхэн зүйл биз.

4. УИХ-ын гишүүн Ж.Батзандан


Гудамжнаас төрд гарсан сүүлчийн хүмүүсийн нэг. Ингэж хэлэхийн учир нь 1990 онд залуус өлсгөлөн зарлаж, төрийн эргэлт хийж байлаа. Тэр үеийн жагсагчид өдгөө Монгол төрийн хамгийн том эрх мэдлийг гартаа атгаж байна. Харин сүүлийнх нь Ц.Уянга, Ж.Батзандан, О.Магнай нарын жагсагчид. Бүгд чамлахааргүй албан тушаал хашиж байсан.

Ж.Батзандангийн хувьд Ардчилсан намаас хоёр дахь удаагаа улиран сонгогдоод буй. Түүнийг шударга гэдэг ч нэг талаараа итгэхэд тун эргэлзээтэй хүн гэлцдэг.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө намын дотоод ардчиллыг бэхжүүлэх талаар "Намын их хурлыг хоёр жил тутамд хуралдуулж, намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг болно” гэж маш товчхон заалт оруулжээ. Түүний энэ шийдвэр нам дотор байнгын л даргын сунгаа өрнөх нөхцлийг бүрдүүлэх магадлалтай. Яагаад гэвэл намын дарга таалагдахгүй бол ажлын үр дүнг ч үзэх боломж олголгүй, дараагийн даргын эрэлд гарах, унагах нөхцлийг бүрдүүлэх, фракцуудын амбицийг хөдөлгөх, талцлыг улам дэвэргэх сул талтай.

Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр хамгийн товч бөгөөд гоё үгнүүдийн цуглуулгаас бүрдсэн болохоор уншихад амар, ойлгоход хялбар.

Гэвч түүнд намаа цаашид хэрхэн авч явж, улам бэхжүүлэх талаар бодож тунгаасан зүйл тийм ч их биш бололтой. Уг нь олон нийт харахдаа залуус л энэ намд шинэчлэлийг авчирна гэж байгаа боловч тэр нь Ж.Батзандан байх уу гэдэг дээр эргэлзэх нь дамжиггүй.

5. БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр


Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгчдөөс арай дөнгүүр нь Лу.Гантөмөр гээд хэлчихвэл бараг л буруудахгүй.

Түүнийг энэ намд шинэчлэл авчирч чадах цор ганц хүн хэмээн харагчид ч байна. Мөрийн хөтөлбөртөө "Намын бүх шатны ээлжит хурал тогтсон хугацаанд тогтвортой хуралддаг байхыг дүрмээр нарийвчлан зохицуулж, хуралдах хугацаа, баталгааг тухайн шатны намын даргын хариуцлагатай холбож зохицуулна” хэмээн дэвшүүлсэн байна.

Түүний мөрийн хөтөлбөрөөс Ардчилсан намыг үндсээр нь, уг углуургаар нь өөрчлөх гэсэн битүүхэн санаа цухалзана. Хэрэв тэгж чадвал энэ намын 160 мянган гишүүний намдаа итгэх итгэл, үнэт зүйл нь буцаж сэргэх учиртай.

Мөрийн хөтөлбөрөө судалгаа тооцоололд үндэслэж гаргасны дээр, гишүүдийн хүсэлт эрмэлзлийг тусгахыг чармайснаараа бусдаас ялгарна.

Намын дэргэд улс төрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэнэ, намын хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар, туршлагыг эрхэмлэж, оролцоо манлайллыг чухалчлах зарчим баримтална, үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг тодотгосон үзэл баримтлалыг гаргана гээд шинэлэг санаа олон байв.

Хэрэв Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй бол түүнийг авчирч чадах хүн нь мэдлэг, боловсролтойгоос гадна төв шударга хүн байх учиртай.

Сонгууль болоход ердөө 20 хоног дутуу. Энэ хугацаанд нэр дэвшигчид гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өөрийн дуу хоолойг аль болох илүү олон хүнд хүргэх нь чухал. Ардчилсан намын даргын сунгаа зөвхөн энэ намын гишүүдэд холбоотой, хамаатай зүйл  биш юм. Улс төрийн нам эрүүлжиж, төв шударгаар төр барих нь бүх Монголчуудын асуудал, ирэх ирээдүйн өнгө билээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.