БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна


 

БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байнаХовд, Говь-Алтай аймгийн зарим сумдад мялзан өвчин бөхөнд олноор халдварласан асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулан , бөхөнгийн сүраг нутаглаж байгаа Монгол элсний болон Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Уг зөвлөмжид халдварт мялзан өвчний шинж тэмдгээр бөхөн өвчилсөн голомтын хилийг тогтоож сэжигтэй, хязгаарлалтын эрүүл бүсүүдийг яаралтай тогтоож газрын зурагт оруулахыг чиглэл өгөв. Мөн халдварт мялзан өвчний голомтын бүсүүдэд өвчилж үхсэн бөхөнгийн тоо толгойг нарийн тогтоох, голомтын болон хязгаарлалтын бүсийн бэлчээр дэх малын бууцыг ариутган халдваргүйжүүлэх, өвчний шинж тэмдэг баттай илэрсэн амьтныг устгаж заазлах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна. Түүнчлэн заазалсан амьтан болгонд акт үйлдэж баримтжуулах, үхсэн, хорогдсон амьтны сэг зэмийг булаг шанд, нуур, цөөрөм, худаг зэрэгт уст цэг, малын бууцнаас хол зайтай тодорхой нэг гэзэрт тогтоож, халдваргүйжүүлэн булшлах арга хэмжээг авахыг зөвлөмжид тусгаад байна. Газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авах, халдварт мялзан өвчнөөр үхсэн бөхөн болон бусад амьтдын эд эрхтэнг салгаж авах, тээвэрлэх, бусдад дамжуулах, худалдаалахгүй байх талаар иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, хяналт тавих, мэдээллийг хүргэх шаардлагатайг ч зөвлөмжид тусгалаа. Ард иргэдийг болон холбогдох төрийн байгууллагуудыг цаг тухай бүр шуурхай мэдээллээр хангах асуудлыг мөн чиглэл болгоод байна. Цаашид уг халдварт өвчин бусад амьтанд халдварлаж болзошгүй тул өвчний шинж тэмдэг баттай илэрсэн, цаашид амьдрах чадваргүй болсон бөхөнг устгаж заазлах арга хэмжээг ч авах асуудлыг ярьж байна. Монгол бөхөнд мялзан өвчин бог малаас халдварласан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоосон.

Өнөөдрийн байдлаар БОАЖЯ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, "Дэлхийн байгаль хамгаалах сан”, орон нутгийн засаг захиргаа болон орон нутгийн иргэд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг цуглуулж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.

Нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар зөвхөн Ховд аймгийн Чандмань, Дарви сумаас л гэхэд 330 орчим бөхөнгийн сэг зэмийг цуглуулан устгаж ариутгал хийсэн гэх мэдээллийг ажлын хэсэг өглөө. Мялзан өвчний халдвар авсан мал, амьтан ханиах, найтаах үед нян нь гадагшилж, агаар дуслаар бусад амьтдад халдварладаг. Халдвар авсан мал, амьтан 5-10 өдрийн дотор доройтож үхдэг байна.

Дэлхийд цор ганц манай улсад байдаг учраас Монгол бөхөн хэмээн тодотгодог бөхөнгийн тархац нутаг нь манай орны баруун хэсэг тэр дундаа Говь-Алтай, Ховдын нутгууд юм гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.