Нэг хөнжилд байсан тэд ноход шиг уралцаж байна!


Нэг хөнжилд байсан  тэд ноход шиг уралцаж байна!

 

Гишүүн асан З.Энхболдын гарт  одоохондоо намын тамга байгаа. Намын даргад нэр дэвшигч таван этгээдийг сумлаад явуулсан тэрбээр уг нь намба заагаад аятайхан шиг байж байвал зүгээр мэт. Гэвчиг өнгөрсөн жилүүдэд эрх мэдлийг атгаж байсан АН-ын томчууд хэвлэлээр дайтаж байна. З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийхдээ С.Баярцогт болон  Ч.Сайханбилэг рүү гал нээсэн бол хариуд нь С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зи-гээ дөмөгхөн шиг хэлээд авсан. Тэгсэн дараа нь Ч.Сайханбилэг бас нэвтрүүлэгт орохдоо дуугүй байгаагүй. Тэгвэл З.Энхболд дахиад үг чулуудаж байна. Тэрбээр "Цензургүй яриа” нэвтрүүлэгт  оролцохдоо юу хэлснийг ишлэн хүргэе.

З.Энхболд:  Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан

  "Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт "Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой…  "Ч.Сайханбилэгт намын даргыг нь өгчихвөл Тавантолгойгоо аваад явчихна. Хулгайлчихна. Тэгээд би намын даргаа өгөхгүй байсан юм” хэмээн ярив. Сэтгүүлч түүнээс  "Ер нь улстөрчийнхөө үнэмлэмжийн хувьд Ч.Сайханбилэгийг та юу гэж үнэлдэг вэ” гэж асуухад  "За яах гэсэн юм дээ, хөөрхий амьтныг. Сайн залуу, хүний үгэнд сайн ордог. Буруу хүний үгэнд ороод л яваад байгаа болохоос. Тэр нэг  МCS энэ тэр гээд болохгүй улсуудын үгэнд ороод яваад байгаа. Монголын баялагийг хулгайлах гэсэн улсуудын үгэнд орж болохгүй ш дээ. Энэ чинь ард түмний баялаг байхгүй юу. МCS компанийн өөрсдийнх нь бүтээсэн баялаг биш. Яагаад байгалийн баялаг гэж нэрлэдэг вэ гэхээр байгаль өөрөө бүтээчихсэн учраас тэр. Байгалийн баялгийг монголчуудын өмч гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Тийм байтал монголчууд бид 7.4  тэрбум нөөцтэй, нэг хүндээ хуваахаар 500 гаруй сая төгрөгийн үнэлэмжтэй баялгийг үнэгүй, бэлгэнд өгөх ёстой гэж. Тавантолгойнхоо нэг толгойг нь өгчихсөн ш дээ. Тэрийгээ ажиллуул даа”  хэмээн хэлж ярив.

С.Баярцогт: ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ

З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.

Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн  газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. "Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд "Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо Ч.Сайханбилэг бид хоёрыг Тавантолгойг нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зохиож яриад байгаа нь утгагүй л дээ.

З.Энхболд:Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн "МSC”-ийн төлөөлөл олон байсан

"Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…

Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн "МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”

Ч.Сайханбилэг: УИХ-ын  дарга гарч тайлбар хий гэсэн

Зургадугаар сарын эхээр Эрдэнэт Монгол руу шилжих боломж гарч ирлээ гэдэг асуудал Засаг дээр яригдсан.

Бид Засгийн газрынхаа хоёр ч хуралдаанаар хэлэлцээд улс төрийн сонгууль явж байгаа ороо бусгаа цаг үеэр энэ асуудлыг хэтэрхий бэлтгэлгүйгээр гаргана гэдэг маань өөрөө буруу юм, энэ асуудлаа сайтар авч үзэх хэрэгтэй, Засгийн газрын хэмжээнд шийдэх ямар асуудлууд байна, Их хуралтай ойлголцох ямар асуудлууд байна гээд энэ бүх зүйлээ үзье гээд хуулийн баг, бусад олон хүмүүс ажилласан.

Тэгээд зургадугаар сарын 29-нд сонгууль болсон. Та бүхэн мэдэж байгаа. Зургадугаар сарын 27-ны шөнөөр сонгуулийн сурталчилгаа дуусдаг. Намуудын дарга нар мэтгэлцдэг хамгийн сүүлийн халз маргаан зургадугаар сарын 27-ны орой явсан шд. Тэгэхэд ч энэ асуудал хөндөгдөөгүй.

Харин 28-нд нь нэгэнт сонгуулийн сурталчилгаа дууссан учраас Засгийн газрынхаа хуралдааныг хийе ээ гээд хийсэн. Зургадугаар сарын 28-ны өглөө Засгийн газар хуралдаанаа хийсэн. Ямар нэгэн асуудлууд байгаагүй. Зүв зүгээр хуралдаан дуусаад л гэртээ хариад, үдээс хойш түр амраад маргааш сонгуультай учраас ажилдаа оръё гээд байж байтал гэнэт 16, 17 цагийн үед Их хурлын дарга над руу ярьсан.

Танай Засгийн газарт байгаа МАХН-ын гурван сайд хэвлэлийн бага хурал хийж байна. Эрдэнэт мэрдэнэтийн асуудал ярилаа. Хоёрдугаарт, хойно Оросын хэвлэлээр энэ асуудлууд гараад ирлээ. Ерөнхий сайдын хувиар энэ асуудалдаа гарч тайлбар өгөө. Тайлбар өгөхгүй бол сонгуулийн үр дүн эсрэгээрээ эргэсэн тохиолдолд энэ асуудлаа яагаад яриагүй юм бэ гэдэг асуудал руу орно. Гарч тайлбар хий гэсэн.

Тэгээд асуудлуудаа бэлдээд л цагийн дотор 18, 19 цагийн үед өрөөндөө хэвлэлийнхнийг дуудаж байгаад мэдэгдлээ хийсэн. Орой 20, 21 цагаас телевизийн мэдээнүүдээр явсан, маргааш нь сонгууль болсон, ийм процесс болсон.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр АН-ын лидерүүд ийм маягаар хэмлэлдэж, нохой шиг уралцаж байгаа нь намын даргын марафон ид үргэлжилж байгаа энэ үед аятайхан харагдахгүй л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.