Цаг үеэсээ хоцорсон цагийн ажил


Үндэсний статистикийн хорооны нэгэн тайланд анхаарлаа хандуулья. 2016 оны байдлаар манай улсад хөдөлмөрийн насны 1.2 сая иргэн байна.

LLL

Энэ нь хүүхэд, өндөр настан, цэрэг, оюутан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулаагүй үзүүлэлт. Эдийн засгийн идэвхтэй эдгээр хүн амын 89.6 хувь нь ажилтай, үлдсэн 10.4 хувь буюу 131.9 мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлжээ. Ажилгүй иргэдийн тоо ийм өндөр байгаа нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн, уул уурхай зогсонги байдалд орсон гээд олон хүчин зүйлтэй холбоотой нь мэдээж. Үр дүнд нь өрхийн дундаж орлого хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 200 гаруй мянган төгрөгөөр буурсан дүнтэй.

Уг нь ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг чухал зүйл нь цагийн ажил байдаг. Цагийн ажил нь хөдөлмөр эрхлэлтийг уян хатан болгох, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зардлыг багасгах үндсэн зорилготой. Харин ажил олгогчийн хувьд зардлаа хэмнэх үүднээс орон тооны бус буюу цагийн ажилчин хөлслөн ажиллуулах сонирхолтой байдаг. Энэ хоёр сонирхлыг нэг цэг дээр төвлөрүүлж чадвал ажил эрхлэлт нэмэгдэж, иргэдийн орлого бодитоор өсөх нь тодорхой.

Одоогийн хуулиар хөдөлмөрийн бүх харилцааг зохицуулж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй барууны орнууд үүнийг аль эртнээс нутагшуулж, цагаар ажил эрхлэхийг төрөл бүрээр дэмжиж, хууль, дүрмийн хүрээнд зохицуулсан байдаг. Сүүлийн үед хөдөлмөрийн энэ харилцаа шинэ чиг хандлага болтлоо хөгжөөд байгаа юм. Германд 1991-2010 оны хооронд цагийн ажил эрхлэгчдийн тоо хоёр дахин өссөн баримтыг энд жишээ болгон оруулъя.

Цагийн ажил эрхлэлтээр тэргүүлдэг орныг жагсаавал Нидерланд, Герман, Англи, Австри, Швейцарь гээд үргэлжилнэ. Дандаа өндөр хөгжилтэй орнууд байгаа биз. Энэ үзүүлэлтээр сүүл мушгиж буй улс нь хуучин социалист системийн хэд. Харин манай улсын хувьд цагийн ажил бараг шинэ сэдэв гэхэд болно. Нэлээд сүүлд буюу 2002 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах журам” батлагдсан байдаг.

Энэхүү журмаар түр болон улирлын чанартай ажил хийх хэрэгцээг зохицуулжээ. Харин сүүлд Хөдөлмөрийн тухай хуульд "Ажил хайгч иргэн, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах” гэсэн заалт оруулж, зохицуулахыг оролдсон ухаантай. Гэвч тэрхүү заалт хэтэрхий ерөнхий, дутуу дулимаг. Тиймээс элдэв бэрхшээл байнга гарна. Ажилчид нийгмийн даатгалын гадна орхигдох, цалингаа бүрэн гүйцэд авч чадахгүйд хүрэх, удирдлагууд нь илүү цагаар ажиллуулах, ялгаварлан гадуурхах гээд бэрхшээл тоочоод байвал олон.

Харьяа яамны зүгээс цагийн ажил эрхлэлтийг бодлогоор дэмжиж, илүү олон хүн хамруулахын тулд багагүй ажил хийсээр ирсэн. Энэ ажил өмнө нь зөвхөн нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамардаг байсан бол өнгөрсөн жилээс үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх болжээ. Гэвч ажлын үр дүн тун ч хангалтгүй байна. 2016 онд гэхэд улсын хэмжээнд 11270 хүн цагийн ажилд зуучлагдан оржээ.

Үүний ихэнх нь буюу 8435 нь их, дээд сургуулийн оюутан байна. Хэдийгээр үндэсний хэмжээний хөтөлбөр гэгдэж байгаа ч хөдөө, орон нутагт бараг хэрэгждэггүй гэж болно. Бүтэн жилийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд ердөө 20 хүн энэ хөтөлбөрийн хүрээнд ажил эрхэлжээ. Хөдөөд угаас ажлын байр хомс. Дээрээс нь цагийн ажил гэгч танил бус нэр гараад ирэхээр хүрээ нь улам багасах нь тодорхой. Гэхдээ бүтэн жилийн турш 20 хүн гэдэг дэндүү чамлалттай. Яваандаа сайжирна гэж найдъя даа.

Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа захиалга өгч, цагаар хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн эрэлт, эрх зүйн орчны талаар судалгаа хийлгүүлсэн байдаг. Энэхүү судалгаанд сонирхолтой тоо, баримт цөөнгүй. Тухайлбал, манай улсын оюутнуудын 87 хувь нь хэрэглээний мөнгөө эцэг, эхээсээ авдаг бол дөнгөж долоохон хувь нь сурахын хажуугаар ажил хийж, халаасандаа хэдэн төгрөг олдог аж. Хичээлийн хажуугаар хийх ажил тэр бүр олддоггүй, олдсон ч хийх сонирхол бага гэдэг нь эндээс харагдана. Тэдэнд тулгардаг гол бэрхшээл нь ачаалал ихтэй, олон цагаар ажиллуулдаг, цалингаа хугацаанд нь өгдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангадаггүй зэрэг хүндрэлтэй, хүнийг хохироосон асуудал юм.

Харин өндөр хөгжилтэй бусад оронд байдал өөр. Америкт гэхэд таван оюутан тутмын нэг нь (80 хувь нь) чөлөөт цагаараа ажил хийж, сургалтын төлбөртөө нэмэрлэдэг гэсэн сүрдмээр бас атаархмаар тоо харагдана. Тэдний 22 хувь нь төлбөрөө эцэг, эхээрээ даалгадаг бол 18 хувь нь өөрсдөө ажил хийж, олдог гэнэ. Энэ хооронд тун бага зөрүү байгаа биз. Үлдсэн хувь нь сургалтын зээл болоод тэтгэлэгт хамрагдах журмаар төлбөрөө зохицуулдаг аж. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байгаа нь харамсалтай.

Оюутнуудын хөдөлмөр эрхлэлт ийм бага түвшинд байгаа нь юутай холбоотой вэ. Энэ талаар Монголын оюутны холбооны хэвлэл мэдээллийн албаны ажилтан А.Азжаргал ийн тайлбарлалаа. "Монголын оюутны холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, Залуучуудын холбооны хөдөлмөрийн биржээр дамжуулж, оюутнуудаа цагийн ажилд зуучилдаг. 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар 7516 оюутан цагийн ажил хийх хүсэлтээ ирүүлсэн.

Оюутнуудын долоохон хувь нь сурахын хажуугаар ажил хийдэг

Гэвч үүнээс дөнгөж 2127 оюутан л ажлын байртай болсон. Албан ёсоор бүртгүүлсэн нь энэ боловч ажил хийх сонирхолтой оюутан зөндөө бий. Ийм цөөхөн оюутан хамрагдсаны гол шалтгаан нь ажлын байр олдохгүй байгаатай холбоотой. Олдож байгаа ажил нь баар, рестораны зөөгч, харуул хамгаалалтын албаных л байдаг. Зуны цагт бол барилгын туслах ажилтан олдоно. Оюутнуудын хувьд сурч байгаа мэргэжлийнхээ чиглэлээр цагийн ажил хийх хүсэлтэй байдаг. Гэвч ийм ажил олддоггүй” хэмээн тэр ярьсан юм. Түүнчлэн өөр нэг оюутан "Уг нь оюутнууд цагийн ажил хийх сонирхолтой. Гэвч олдоц нь бага. Зарим ресторан нэг сар туршилтын журмаар цалингүй ажиллуулна гэдэг. Тэгээд ч цалин багатай болохоор ажиллах сонирхол бага” хэмээн ярилаа.

Гэхдээ чихэнд чимэгтэй мэдээ бас байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна. Үүн дотор цагийн ажлын асуудал багтсан юм. Уг хуулиар цагийн ажил эрхлэхтэй холбогдон гардаг бүх л асуудлыг зохицуулах аж.

Тухайлбал, цалингийн зөрүү. Үндсэн ажилчидтай харьцуулахад тэдний цалин дэндүү бага. Тэгвэл хуулийн төсөлд цагийн болон үндсэн ажилчид ижил хэмжээний цалин авах зохицуулалт оржээ. Мөн нийгмийн даатгалд хамрагдах, ээлжийн амралт авах, бүх нийтийн баярын өдөр таарвал хэрхэх гээд чухал заалтуудыг тусгаж байна. Хэрэв төсөл дэмжигдвэл цагийн хөдөлмөрийн зах зээл тэлэх том дэмжлэг болох нь гарцаагүй. Өдгөө хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Дараа нь иргэд, байгууллагуудын саналыг авч, төсөлдөө тусгах юм. "Одоогийн хуулиар хөдөлмөрийн бүх харилцааг зохицуулж чадахгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр цагаар ажиллах харилцаа их болсон учраас хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай” хэмээн тус яамны Хөдөлмөрийн хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнханд ярьсан юм.

Монголын нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлээс зарим нь ч болтугай шийдэгдэх нь.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.