АН-ын дарга С.Эрдэнэ болжээ. Гадуур ингэж шуугиж байна. Урьдчилсан мэдээ бололтой юм. Удахгүй АН-ын сонгууль хариуцсан хүмүүс мэдээлэл хийх гэнэ.
Учир мэдэх хүмүүсийн яриагаар С.Эрдэнэ намын дарга болох нь нэгэнт тодорхой болжээ. Ил далд яриад байгаа энд тэндхийн дэмжлэг нь түүнийг дарга болоод, дарга хийгээд явахад хэрэг болж таарна.
Гэхдээ яаж ч болохгүй хэд хэдэн юм бий. Таван тийшээ тарсан гишүүдээ яаж нэгтгэх вэ гэдэг хамгийн том ажил бий. Магадгүй, энэ нь АН-ын шинэ даргын шалгуур, С.Эрдэнэ гэдэг хүн лидер үү, лойдор уу гэдгийг харуулах юм.
Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Лу.Гантөмөр, Ж.Батзанданг дэмжсэн АН-ын гишүүд "сүрэг, сүргээрээ” бий. Тэднийг АН гэдэг нэгэн тугийн дор нэгтгэж чадах аваас С.Эрдэнэ намын дарга, лидер болжээ гэж хүлээн зөвшөөрч болох юм. Тун удахгүй АН-ын даргын нэрийг зарлах хурал болно. Түүн дээр бусад нь очих уу. Рекламдсан шигээ, бас цэвэр шударга өрсөлдөөд ялсан бол нөгөө дөрөв нь ирж л таараа. Тэднийг дагаад дэмжигчид нь ч очно. Гэвч улс төр гэдэг балиар эд. Дэмжсэн нэр дэвшигч нь очоогүй ч "Эрдэнэ дарга аа” гээд бөхөлзөж байх хүн олон гарах вий. Тэд очиж байгаа нь С.Эрдэнэдээ биш, хувийнхаа "ар”-ыг бодсон ердийн нэг улстөрч зан төдий юм.
Яг одоо бол С.Эрдэнийн лидер болох ирээдүй тун бүрхэг харагдаж байна. Тэр өөрөө нэг их сайхан түүхтэй хүн биш. Дээрээс нь өчигдөрхөн С.Эрдэнийн нэрэмжит 10 000-ууд АН-ын гишүүдэд тараагдаж байгаа браим тавим бичлэг сошиалаар тарсан. За тэгээд, иймэрхүү хэмжээний итгэл үнэмшил төрүүлэхүйц ярихаас санаа зовмоор үйлдлүүдийнх нь тухай их л мэдээлэл цацагдлаа. Яг үнэндээ Баянгол дүүрэг хэмээх нэг л газраас байнга сонгодож ирсэн улстөрч. Тиймээс улс даяар сунгахад гараад ирсэнд нь түүний өрсөлдөгчид эргэлзэж байгаагаа нуухгүй байна. Дөнгөж саяхан Н.Алтанхуягийн, Лу.Гантөмөрийн штабаас намдаа хандаж албан бичиг шидээд эхэллээ. Түүнийг нам нь юу гэж үзэх юм бүү мэд.
Баабар нэг үг хэлжээ. Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН дахин сэргэхийн тулд ингэж ёроолдоо хүртэл туйлдах хэрэгтэй юм гэжээ. Шуудхан л С.Эрдэнэ АН-ыг ёроолд нь хүргэнэ гэчихсэн байгаа юм. Ерөөс Баабараар тогтохгүй АН-ын олон хүн С.Эрдэнийг иймэрхүү үгээр дүгнэээд байгаа. Лойдор л гээд байна. Одоо С.Эрдэнээс өөр ухаан шаардах нь нэгэнт тодорхой. Энэ хүн АН-ын дарга. Тиймээс Баянголын хэд шиг нь дуулгавартай байх нь юу л бол. Энэ чинь Ан шүү дээ. Таван нам сүүлд нэгдсэн, 10 гаруй ил фракцтай, С.Эрдэнэ шиг алтан хараацайнууд ид насан дээрээ яваа. Ийм л нам. Тиймээс С.Эрдэнийг лидер үү, лойдор уу гэдгийг тун богино хугацаанд өөрт нь мэдрүүлж таарна.
Б.ДАМДИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Сэтгэгдэл