Бид уг нь бурхан болсон ээж, аав, ахмадуудынхаа ясыг өндөлзүүлэхээс эмээдэг үндэстэн. Бүр алдрыг нь дуудахад алдас болно гэж шившдэг дээ. Гэтэл өөд бологсдын нэрээр улсаас мөнгө иддэг бүлэг хүмүүс бий болжээ. Тэд талийгаачдын үр хүүхэд биш, нас барсан болохыг нь баталгаажуулж улсын бүртгэлээс хасах ёстой нийгмийн даатгалын ажилтнууд.
Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгчид, нийгмийн даатгалын ажилтнууд арилжааны банктай хуйвалдан нас барсан иргэдийн нэрээр тэтгэврийн зээл авдаг байсныг и л рүүлэн шалгаж эхэлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ хэрэгт нийгмийн даатгалын нийслэл, орон нутгийн салбар газар, хэлтсийн ажилтнууд холбогдоод зогсохгүй сум, дүүрэг, хорооныхон ч татагдаж буй учраас зохион байгуулалттай гэмт хэрэг гэж цагдаа нар үзэж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад энэ луйврын хэрэгт нас барсан 10 мянга гаруй ахмад настны нэр яригдаж байгаа ажээ. Хамгийн гол нь энэ асуудал нийгмийн даатгалын салбарт шинэ биш, бугшмал байсан гэдгийг холбогдох хүмүүс онцолж байна. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нартай холбоотой халамжийн мөнгө завшсан байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, холбогдох хүмүүсийг саатууллаа гэдэг мэдээлэл өнгөрсөн хавар гарч байсан. Асуудал чухам юунд, хэнд хүрээд зогссон бэ гэдэг нь өнөөдөр тодорхойгүй л байна.
Нийгмийн даатгалын энэ салбарыг хариуцдаг яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам. Сайд нь С.Эрдэнэ. С.Эрдэнэ сайд энэ салбарт "насаараа” ажиллаж байгаа хүн болохоор сайн, муу хоёрыг нь арван хуруу шигээ мэдэх ёстой. Салбарт нь гараад ирсэн "амьгүй албат”-уудын талаар сайд С.Эрдэнэ өнөөг хүртэл дуугарахгүй явж байна. Нийгмийн халамж, даатгалын мөнгөтэй холбоотой энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил тодорхой болгох цаг болжээ.
10 мянган "амьгүй албат” хаанаас гараад ирэв, С.Эрдэнэ сайд аа. Та заавал хариулаарай.
Б.Заяа
Зууны мэдээ
Сэтгэгдэл