- Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилэн дансны сонин хачин
Монгол Улсын нэгдсэн төсвийн хамгийн том хэрнээ хамгийн хаалттай хэсэг бол Нийгмийн даатгалын сан юм. Монголчуудын ирээдүйн амьжиргааны баталгаа болсон уг сангийн хөрөнгө гэж жилд нэг удаа Улсын төсөв батлагдах үеэр аманд багтахгүй том тоонууд бичигдэхээс биш гарт баригдах баримт, нүдэнд үзэгдэх тодорхой мэдээлэл нэн хомс. Хааяа зарим улс төрчийн амнаас "үнэн хэрэгтээ тийм их мөнгө байхгүй”, "улс үрэн таран хийж байгаа” гэх мэтийн үгс цухалзаад өнгөрдөг. Тэгвэл ядахдаа уг санг хариуцдаг гэж ойлгогддог Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв хөрөнгийн зарцуулалт хэр байна вэ? 2015 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Шилэн дансны тухай хуулийн ачаар нээлттэй болж чадсан уу?
Ямарваа байгууллагын санхүүд байх ёстой гүйлгээнүүд орж, гарах нь зүйн хэрэг. Гэхдээ НДЕГ-ын шилэн дансанд (http://shilendans.gov.mn/main/agency/185) тавигдсан 5 саяас дээш дүнтэй гүйлгээнүүдийн утга ойлгомжгүй, хуулиар бол заавал хавсаргах ёстой тогтоол шийдвэрүүд нь огт байхгүй ба буруу зөв, бүрэн бүтэн эсэхийг нягтлах боломж хараахан алга.
Харин барилга байшин, тавилга, эд хогшилд чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Зөвхөн 2015 оны аравдугаар сард гэхэд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 132,5 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 149,4 сая, Налайхын Нийгмийн даатгалын хэлтэст барилгын зардалд 100,6 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна, барилгын зургийн үнэ, тавилга, эд хогшлын үнэ гэж багагүй тоо цааш үргэлжилнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн сайтад "Шилэн данс” гэсэн дориун ангилалтай булан нээжээ. Тэнд "Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл”, "Халамжийн зардал”, "Жилийн хандив”, "Шагнал урамшууллын мэдээлэл” гэх мэт олны анхаарлыг татахуйц хэд хэдэн дэд хэсэг байгаа ч хоосондуу ажээ. Тухайлбал, "Халамжийн зардал” хэсэгт ороход "Мэдээлэл байхгүй” гэсэн бол байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэлд "2015 онд байгууллагаас ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төсөвлөсөн зардал батлагдаагүй” хэмээн бичсэн байна.
Харин удирдлагуудын гадаад томилолтын мэдээллийг байршуулсан нь сайшаалтай. 2015 онд нийт долоон удаагийн гадаад томилолтын дөрөвт нь байгууллагын дарга явжээ. Бас хоёр томилолтонд ерөнхий нягтлан Ч.Чулуунчимэг өөрөө явалцсан нь харагдана.
- "Энэ тэтгэврийн мөнгөөр Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа ш дээ”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Ө.Энхтүвшин Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын талаар зарим ноцтой баримтыг дэлгэж байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлэв:
-Байшингуудын гадна талд 128 тэрбумаар хайс барина гэж. Эрдэнээ сайд өөрөө алга байх юм. Та нар энэ 2015 оны тодотголын НДС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сан байшин барина, хашаа барина, хайс барина гэсэн байна. Хямралын үед ийм юм барьдаг юм уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Нийгмийн даатгалын сан чинь байшин барьдаг юм уу. Тэтгэвэрээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх юм бодож байдаггүй юм уу.
[Барилга, хот байгуулалтын сайд] З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Хэд хэдэн газар байшин барина, буулгана гэнээ. Байшин буулгах зардал 119, 79 төгрөг гээд явж байна. Энэ нь тэгээд 15 тэрбум болж байгаа юм. Тэгээд ирэх онд 30 тэрбумаар ахиад байшин барина гэж байна, тэтгэврийн мөнгөөр. Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд чинь байшин бариад дуусгалаа ш дээ. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ, тэгээд яагаад цалинг 1,8 тэрбумаар буулгана гэж яриад байгаа юм бэ. Тэгээд бас Архангай аймгийн Хайрхан суманд С.Эрдэнэ сайд хоёр байшин барьж өгөх гэж байна ш дээ, энэ хямралын үед.
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хэн нь хэн бэ?
Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн төсөв, өмч хөрөнгө, барилга байгууламжийг тойрсон элдэв ноцтой баримт дэлгэгдэхийн хэрээр "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юугаа харж сууна вэ?” гэсэн асуулт урган гарч байна. Тийм ээ, та бид одоо, эсвэл ирээдүйд хэрэглэхийн тулд өчигдөр, эсвэл өнөөдөр төрдөө хураалган хадгалуулж байгаа тэр их хөрөнгө мөнгийг зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хэмээх төрийн байгууллага, албан тушаалтнуудад даатгаж орхих нь эрсдэлтэй ("төр хамгийн муу менежер” гэдэг үгийг санацгаая) учраас манайд дэлхий нийтийн жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг.
Энэ бол нийгмийн даатгалын удирдах дээд байгууллага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих гээд эрх, үүрэгтэй, нэг ёсондоо шимтгэл төлөгч иргэдийн ганц найдвар юм. Чухам ийм учраас тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ-аас олон талын оролцоотойгоор байгуулж баталдаг билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар танилцуулжээ.
Бас ажлын албатай, ажлын алба нь дарга, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аудитор буюу хянан шалгагч зургаа, нягтлан бодогч нэг, гэрээт ажилтан нэг, нийт арван хүний орон тоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг. Нийгмийн даатгалын тухай хуулинд, Засгийн газрыг төлөөлж Сангийн, Хууль зүйн, Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн, Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн, Ажил олгогчийг төлөөлсөн З хүн орно гэж заажээ. Талуудыг тэнцвэртэй оруулж, улмаар зөвлөлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн заалт байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг 2012 онд УИХ-аар томилсон билээ. Үндэсний зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Мөн тухайн үед Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар албан тушаалаараа орж байсан бол одоо Б.Болор, Д.Дорлигжав нар болж өөрчлөгдсөн байж таарна. Харин бусад төлөөллийг нягталбал санаанд оромгүй дүр зураг ажиглагдах нь тэр.
Даатгуулагчийн төлөөлөл:
1.Х.Амгаланбаатар – Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. Энэ хүний хувьд тодорхой.
2.Д.Дулмаа – Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.
Үндэсний зөвлөлд ийм байгууллагыг төлөөлж орсон бол өдгөө Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга хэмээх албан тушаал эрхэлдэг. 2012 онд зөвлөлийн гишүүнээр сонгогдохдоо бас "Сэлэнгэ транс” ХХК-ийн захирал байсан нь УИХ-ын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үлджээ. Бас 2012 оноос өмнө одоо Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаа Д.Үүрийнтуяагийн туслахаар ажиллаж байжээ.
3.Ц.Отгонбаяр – Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, харин өмнө нь "Молор-Эрдэнэ” пүүсийн дэд захирал, "Молор трейд” ХХК-ийн ерөнхий менежер, "Төгс эрдэм сан” ТББ-ын зохион байгуулагчаар ажиллаж байв. Эдгээр нь эрхэм гишүүн С.Эрдэнэ, түүний эхнэр ба охины удирдаж байсан буюу удирдаж байгаа байгууллагууд юм.
Ажил олгогчийн төлөөлөл:
Х.Ганбаатар – Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч.
Д.Үүрийнтуяа – Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Одоо Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин урьд нь Баянгол дүүрэг, Ардчилсан Нам, Нийгмийн даатгалын байгууллагад янз бүрийн ажил, албан тушаал эрхэлж байснаас гадна УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслахаар ажилласан намтартай юм. Сонирхолтой нь 2012 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд томилогдохдоо хэдийнэ АМГ-ын дэд дарга болсон байжээ.
Ж.Батбаяр – "Кассандра Монгилиа” ХХК-ийн захирал.
Энэ хүний тухай тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэнтээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар "НДҮЗ-ийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдүүлэх ёстой юм уу. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж, агентлагийн дарга/Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа/, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дулмаа, Ж.Батбаяр нар байна. Зөвхөн Баянгол дүүргээс бүрдүүлнэ гэж заагаагүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан удаатай.
2012 оны аравдугаар сард УИХ-аас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг УИХ-аар томилох үеэр МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатар: "Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй, "Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа гэсэн хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байна. Эдгээр хүмүүс нь даатгал төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс байна гэж манай холбоо үзэж байна. "Кассандра Монголиа” ХХК нь 2012 оны зургадугаар сард нийгмийн даатгалд дансаа нээлгэж, найман хүнээр даатгалын шимтгэл төлдөг. Албан бус эдийн засгийн холбооны гишүүд бол нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлдөггүй. Ийм хүмүүсээр төлөөлөл болгон Үндэсний зөвлөлд оруулж байгааг эздийн байгууллага ойлгохгүй байна” гэж мэдэгдэж байв.
Өнөөдөр Ж.Батбаярын "Кассандра Монголиа” компани Туул голын эрэг дээр онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин барилга барьж байгаа бол Д.Үүрийнтуяагийн Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Ц.Отгонбаярын Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо, Д.Дулмаагийн Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо хаана байдаг, удирдлагад хэн хэн ордог, хэд хичнээн гишүүнтэй нь нь мэдэгдэхгүй, хаяггүй, сүүлийн хэдэн жил ямар нэгэн ажил зохион байгуулаагүй, энэ утгаараа хуулинд заасанчлан "нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан” гэж хэлэх үндэсгүй байгаа юм.
Ийм бүрэлдэхүүнтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бүхэл бүтэн их наяд төгрөгөөр хэмжигдэх сангийн хөрөнгөнд хяналт тавьж чадах уу? Урьд, одоогийн ажил албан тушаалаар холбогдсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс давамгайлсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан зөв шийдвэр гаргах, наад зах нь хариуцлага тооцож чадах уу?
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэхдээ "булавч бултайна, даравч далдайна” гэгчийн үлгэрээр ийм бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэйг Улсын Их хурал ч өөрөө ойлгож байгаа бололтой. Саявтар зарим байнгын хороогоор уг асуудлыг оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн ч таг чиг.
"Ил тод байдал сан”
Сэтгэгдэл