Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэж дарамталж эхэлжээ


Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэж дарамталж эхэлжээБиднийг энд сандал ширээний төлөө явцуу улс төрөө хийж, засаг төрөө унагаж, босгон "тоглож" байх зуур эдийн засаг маань элгээрээ хэвтлээ. Үүнийг харсан гадныхан манайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтаа татаж аль өнгөтэй өөдтэй бүхнээ эргүүлэн авч эхэллээ. Томоохон хөрөнгө оруулалтууд зогслоо. Хөрөнгө оруулагчид манайтай хамтархаас айсандаа дөлж байна. Хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа солонгоруулах ч одоо "даший шог" боллоо. Харин цаана чинь хөрөнгөө оруулаад, хамтарч ажиллаад төдийгөөс өдий хүртэл явчихсан, монголчуудыг 30 гаруй жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг Оросын талынхан буцааж авахаар зэхэж байна. "ГОК"-ыг манайд өг, бид авна гэж манай "томчууд"-ыг дарамталж байгаа аж. Өнгөрсөн хавар ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин манай оронд ирсэн. Үүний дараа саяхан есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд манай оронд болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох үедээ манай томчуудтай уулзсан. Тэгвэл  Их Хурлын дарга З.Энхболд үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн.

 

Олон улсын дипломат ёсонд хоёр улсын төрийн өндөрлөгүүд ийм богино хугацаанд харилцан айлчлал хийх тохиолдог байдаггүй. Нэг ёсондоо онцгой тохиолдол гарсан учир Их Хурлын даргад урилга ирүүлсэн гэсэн үг. Харин тэрхүү онцгой тохиолдол буюу ярилцах ёстой чухал сэдэв нь "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудал байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Оросын Засгийн газар "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшиж байгаа.

 

Хойно болсон уулзалтын үеэр Оросууд нэгдүгээрт "Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж эхлэв. Үүнд та нар буруутай. Танай Засгийн газар энэ үйлдвэрийг аж ахуйн зарчмаар нь ажиллуулж чадахгүй байна. Үйл ажиллагааг нь аж ахуйн зарчмаар биш улс төрийн зорилгоор явууллаа" гэжээ. Хоёрдугаарт тус үйлдвэрийн сүүлийн хэдэн захирлын томилгоог Оросын талтай зөвшилцөхгүйгээр  тэдний санаа бодлыг сонсохгүйгээр хийсэн хэмээн гомдолжээ. Ч.Ганзоригийг "Эрдэнэт"-ийн захирлаар томилох үед Оросууд орос хүнийг захирлаар нь тавина гэж нэлээн шахалт үзүүлсэн гэдэг. Тэрийг нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр сөрсөөр байгаад Ч.Ганзоригийг томилчихсон. Дараа нь Ч.Ганзориг нь улиран ажиллаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгч, ТӨХ оронд нь Ц.Даваацэрэнг томилсон байдаг. Энэ үед ч гэсэн хойд хөршийн хувь нийлэгчид маань үйлдэрийн захирлаар орос хүн тавих ёстой гэж ихэд маргалдсан. Үүнээс үүдэлтэйгээр Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэсэн зүйл ярих болсон. Тэр ч байтугай хувьцааг нь олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаалах саналыг хүртэл гаргаж байжээ. Хэрвээ ийм шийдэлд хүрвэл Оросын баян компаниуд ОУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс "Эрдэнэт"-ийн хувьцааг бүгдийг нь худалдаж авах магадлал асар өндөр. Хэрэв тийм худалдааг хийхээр болвол тэдэнд давуу байдал үүсэх болно.

 

Оросуудын санаа зовж байгаа хамгийн гол зүйл бол манай орны эдийн засгийн хямрал, "Эрдэнэт" үйлдвэрийн алдагдал гэнэ. Тус үйлдвэр оны эхээр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажиллаж байсан ч өнгөрсөн хавраас эхэлж 200 орчим тэрбумын алдагдал хүлээжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цехүүдийн үйл ажиллагааг нь зогсоож, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, хөлсний болон гэрээгээр ажиллах иргэдийн авахаа түр зогсоосон аж. Энэ алдагдлын 49 хувийг Оросын тал үүрнэ. Тиймээс тэд ихэд бухимдаж байгаа бөгөөд "ГОК-ын захирлаар нь Орос хүн тавь, ТУЗ-ийг нь нэн яаралтай хуралдуул, манай талын байр суурийг нэмэгдүүл" гэсэн шахалтыг сая Их Хурлын даргад үзүүлжээ.

 

 

Г.Лхагваа http://www.zaluu.com/read/1645cb8c


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.