Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Gtime гэх санхүүгийн сүлжээг дэмждэг гэх утгатай мэдээлэл сошиалаар гараад байгаа. Тэгвэл Ерөнхий сайд мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.
Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд "хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.
Дашрамд дурдахад, санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн байна.
Гэтэл G Time корпорэйшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэж хүн сошиалаар сүлжээгээ сурталчилсаар л байна. Бүр өөрийнхөө "Шумахер” гэх багийг сүрхий сурталчилдаг аж. Түүний бизнесийн МҮХАҮТ ч хүлээн зөвшөөрдөг бололтой юм. Эндээс харахад манайд сүлжээний бизнесийн талаарх нарийн зохицуулалт үнэхээр дутагдаж байгаа харагдаж буй юм.
G time төсөлд нэгдсэн нэгэн эмэгтэйгээс сэтгүүлч Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байдаг талаар тодруулахад "Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4,000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаарх тайлбар. G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл гэгддэг. Монголд 2015 оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP. Хамгийн багадаа 75 мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэх ухуулгыг өнгөрсөн хугацаанд хийж иржээ.
Мэдээллээс үзэхэд, Жи-тайм, 62500, Алтан өндөг гэх мэт санхүүгийн пирамид сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493-д хүрч, хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ. 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ байна. Эхлээд өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авдаг бол сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод хохирч үлддэг. Энэ бол сүлжээний бизнесийн алтан дүрэм гэхэд болно. Харамсалтай нь, Монголчуудын амьдрал ахуй тааруу байгааг ашиглан мөнгө олох гэсэн луйварчид та хэдхэн төгрөгөөр элсээд тэрийгээ хэд нугалаад авмаар байна уу гэсэн зарыг хаа сайгүй тарааж, хүмүүсийн сэтгэлзүйг ашиглаж байна.
Ер нь хуулийнхан уг асуудлыг сайтар шалгах цаг болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-д "Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульдаа тулгуурлан хууран мэхлэгчдийг хазаарлах хэрэгтэй байна.
Гол нь сүлжээний бизнест хөрөнгө оруулж санхүүгээрээ хохирсон иргэд цагдаагийн байгуулллагад хандах хэрэгтэй. Цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд дээрх сүлжээний бизнесийг шалгах эрх зүйн үндэслэл байдаггүй гэх зүйлийг хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн байна лээ.
Эргэн сануулахад, манай улсад 2010-2011 онд сүлжээний бизнес дэлгэрч, улмаар 6000 гаруй иргэн хохирч байсан билээ. Тухайн үедээ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байна, ажлын хэсэг байгуулагдлаа гэж байсан ч хэрхэн шийдсэн тухай мэдээлэл байдаггүй. 2013 онд Улсын мөрдөх байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын удирдлагуудад 10 жилийн ял оноож байдаг. "Иргэдийг автомашинтай болгоно, орон сууцжуулна” гэж залилангийн хэрэг үйлдсэн "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал, Н.Баянжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 т зааснаар тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж авч, 10 жил нэг сарын хорих ялаар шийтгэж байсан байна.
Тэгэхээр сүүлийн үед сүлжээний луйвар хийгээд байгаа хүмүүс луйвраа зогсоохгүй үргэлжлүүлээд байвал хуулийн дагуу шийтгэгдэх цаг ирнэ биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл