Сангийн яам, Олон улсын валютын сан, Монгол банкны хамтарсан хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн хугацаанд анхаарал татаж байсан асуултын хариуг өглөө. ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу Extended Fund Facility хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. 3 жилийн хугацаатай энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох аж. Түүнчлэн ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрсэн хэмээн Сангийн сайд хэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварыг 2018 оноос тус бүр 1 хувь нэмэгдүүлнэ. Мөн шатахуун, архи, тамхины онцгой татвар гэхчлэн 6-7 орчим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон гэж байна.
Мөн хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох бөгөөд, одоо олгож байгаа 60 хувийг 40 хувь болгож бууруулна гэж байна. Хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр бүлүүдэд хүнсний талон олгох замаар зарцуулахаар тохиролцжээ. Цалинг ирэх 2 жилд нэмэхгүй, тэтгэврийн насыг урт хугацаандаа өндөрсгөнө гэсэн заалт байгаа аж. За мөн хадгаламжийн хүүнд татвар ногдуулах болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан, юанийн свопын гэрээг 3 жилээр сунгах тохиролцоонд хүрчээ. Хэрэв энэ гэрээг сунгаагүй бол Монгол банк энэ онд 1.6 тэрбум ам.доллар төлөх байсан юм.
Манай улс төсвийн тодотгол хийх ёстой болж буй. За мөн санхүүжилт олгохоо мэдэгдсэн улсууд болон санхүүгийн байгууллагуудаас Засгийн газар албан ёсны баталгааг гаргуулах шаардлагатайг ОУВС-ийн зүгээс мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл