МАН юу хийчихэв ээ???


 

"Би юу хийчихэв ээ” хэмээн сонгуулийн үеэр цахимаар нэг цуурсан Амраагийн шүдэнз одоо л бидэн хэрэгтэй байна. Иргэдийн амьдрал ирэх жилүүдэд дээшлэх найдлага улам бүр багасаж, идэж, уух хүнсний зүйлсийн үнэ тэнгэрт хадаж, эрээвэр хураавар амьдрал минь нэг л бараантаад явчихлаа. Сайн сайханд тэмүүлэх, санаагаараа тэнүүн амьдрахад минь Амраагийн "гэрэл” хэрэгтэй байна.

 

Та дахин нэг шүдэнзээ сураад "МАН юу хийчихэв ээ” хэмээн хашгираад өгөөч. Тэд эдийн засгаа аврах нэрийдлээр иргэдийнхээ амьдралыг дэнчин тавьж, татвараар дарамталж, тэтгэвэр халамжаа хумиж, орлого бүрээс нь хүссэн татаасаа авах юм гэнэ.

 

Та дахин нэг шүдэнзээ сураад "МАН юу хийчихэв ээ” хэмээн хашгираад өгөөч. Тэд эдийн засгаа аврах нэрийдлээр иргэдийнхээ амьдралыг дэнчин тавьж, татвараар дарамталж, тэтгэвэр халамжаа хумиж, орлого бүрээс нь хүссэн татаасаа авах юм гэнэ.

Уг нь иргэд өнгөрсөн хугацаанд хангалттай бүсээ чангалж ирсэн. Өндөг, элсэн чихэр тансаг хэрэглээ болж, талхыг таллаж гол зогоосон. Гэвч ард иргэд бүсээ чангалахын хажуугаар албан тушаалтангууд нь бүсээ тасартал идэж байсан нь нуух зүйлгүй үнэн. МАН-ыг төрийн эрх барихад энэ бүхэн бага ч болтугай арилна гэж найдаж байсан хүмүүс олон бий. Гэвч илжиг арслангийн арьс нөмөрсөн ч дуугаараа танигдана гэдэг шиг хичнээн сайхан амлалт өгсөн ч нөгөөх МАН хэвээрээ.

 

Монголчууд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах гэж удтал хүлээсэн.  Иргэд Засаг ямар арга хэмжээ авч, аль замаар улс орноо газарчлахыг анхааралтай ажигласан. Харамсалтай нь их санасан газар есөн шөнө хоосон хонож, хамгийн онцгой, хатуу чанд шаардлагатай "Extended fund facility” хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхээр болж, эхнээс нь иргэдээ сөхрүүлж эхэллээ.

 

"Extended fund facility” буюу "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамгийн энгийнээр тайлбарлавал ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийхийг шаарддаг хөтөлбөр. Тиймдээ ч үүний дагуу шатахуун, архи, тамхины онцгой албан татвар, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүл, хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулахаа Сангийн яам мэдэгдсэн. Мөн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгож, 2017, 2018 онд цалин нэмэхгүй. Бас авто тээврийн хэрэгслийн оношлогооны төлбөрийг нэмсэн. Гудамжинд ТҮЦ ажиллуулан хоногийнхоо хоолыг залгуулдаг иргэдээ төрийн төмөр нударгыг үзүүлсэн. Ингэж байж Олон улсын валютын сангаас эхний санхүүжилтээ авч, эдийн засагтаа цус сэлбэнэ гэсэн.

 

Гэвч шаардлагууд нь үүгээр дуусчихдаг бол тэвчиж байгаад тэсэхсэн. Монголчууд ирээдүйдээ итгэлтэй болохын тулд ийм зүйлийг тэсч чадах ард түмэн.

 

Харамсалтай нь яваандаа улам гүнзийрч "Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, "Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж, төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг байна. Түүгээр ч барахгүй  нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг аж. Энэ нь зээлээ эргүүлж авахын тулд хэрэгжүүлдэг тус сангийн бодлого. Хэрвээ эдгээр арга хэмжээнүүдийг авахгүй бол санхүүжилтээ өгөхгүй, хэдэн сараар ч хамаагүй гуйлгана. Бүр хөтөлбөрөө зогсоох арга хэмжээ ч авдаг байна.

 

Гэвч эдгээр арга хэмжээнүүд жирийн иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлэхээс бодитой хэмнэлт болж чадах уу. Төсвийн зардлыг багасгах бодитой шийдэл байж чадах уу. Бас л эргэлзээ төрүүлнэ.

 

Сонгууль дуусч, засаг байгуулагдах үеэс л ард түмэн тансаглалаа танахыг эрх баригчидаас гуйсан. Харин улстөрчид эх орноо, эдийн засгаа бодсон биш, дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлэх хүсэлд хөтлөгдөн нэг нэгэндээ найр тавьсаар хэдэн сарыг үдлээ. Ядаж л хэдэн яамныхаа дэд сайдын албан тушаалаас татгалзаад  жилд 4 тэрбум төгрөг, 519 шүүгчийнхээ цалинг бууруулаад 3.2 тэрбум төгрөг хэмнэхийн оронд зангаа тавихгүй гүрийсээрНэг малчинд шагнал өгөх гэж ланд-200, лексус-570 гэх үнэтэй тансаг хэрэглээний жийпнүүдийн цуваа хөдөөд хэрж байна. Ардчилсан намын үед үгүй болго хэмээн хашгирсан яамдуудын ТНБ, Дэд сайдын суудал гэх албан тушаалуудыг ар араас нь төрүүлснээ танаачОффшорт мөнгөө нуусан баячуудынхаа мартсан мөнгийг хураагаач. Албан тушаал амласан нэгэндээ аманд нь багтах хэмжээгээр нь авлигал өгч байгаа нь хэр шударга вэ.

 

Эдийн засгийн хүнд үед төрийнхөн тансаглалаа танаж гэмээнэ ард иргэдийнхээ амьдралд дэм болох учиртай. Өнөөгийн УИХ-ын гишүүд дотор цалингаараа амьдардаг гишүүн ховор. Гэтэл сайн дураараа цалингаасаа татгалзахын оронд нэг гишүүн нь доороо хэд хэдэн туслах ажиллуулж, нөгөөх цүнх баригчид нь унах машинаа голж, ууж иддэгээр нь ялгаж суухаар төсөв түнтийхгүй гээд яах билээ.

 

Оюутны "цалин”-гийн 150, унааны зардлынх нь 50, хүүхдийн мөнгөний  240 тэрбум, "Эхийн алдар” одонтой эхийн тэтгэмж, ахмад насны "Насны хишиг” гэх мэтээр хавтгайрсан халамжуудаа зогсоочихвол төсвийн зардлыг дор хаяж 600 тэрбум төгрөгөөр бууруулах гарц тэдэнд бий. Гэвч улстөрчид "оноо” авах сувгаа нээлттэй үлдээж, зовлонгоо та нар эдэл, жаргалаа бид үргэлжүүлье гэж байнаЭрх баригчид иргэдээ элдэвлэсээр байгаад эдийн засгаа авч үлдэх замыг сонгочихлоо.

 

ОУВС-гийн хөтөлбөрүүд хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамталж цаашлаад ард түмний халаасыг сэгсэрч, худалдан авах чадварыг сулруулж аж үйлдвэрийн салбар доройтоход хүргэдэг байна. Хэрвээ муу юм болж Монгол Улс ирэх жилүүдийн турш ганцхан компаний эрхшээлд бүрэн автчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Эсвэл тэднийг сонгосон ард түмэн өөрсдөө үүрэх үү.

 

За дүүрч, хөтөлбөрөө хэрэгжүүлээд халамжаа хасаад, иргэдээс хүссэн татвараа авчихлаа гэж бодъё. Харин ямар даргын хангамжаас юу хасагдаж, юу танагдсан бэ гэдгийг хэлчих зоригтой улс төрч энэ улс эх оронд минь байх болов уу. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. МАН-ынхны мөн чанар гууль уу, алт уу...

 

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.