Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө л гуравхан сарын хугацаа үлдээд байна. Хаяанд ирчихлээ. Удахгүй нэр дэвшигчдийн нэр тодрох учиртай. Эхний ээлжинд хэн нэр дэвшч болох тухай элдэв таамаг гарч байна. Мөн хэн, хэн, ямар тохироо хийж байгаа талаар ч "бор шувуу” үүгээр түүгээр нисэж эхлэв. Тэр дундаа нам доторх дотоод өрсөлдөөн нэлээд ширүүхэн өрнөх бололтой. МАН дотор огт өрсөлдөөн өрнөхгүй юм шиг яриад байсан. Гэтэл харин ч АН-аас илүү өрсөлдөөн болох юм биш үү. Тийм яриа ч гарч байна.
Харин АН дотор маш олон хүний нэр яригдаж байгаа нь нэр дэвшигчдийн рейтингийг сулруулах магадлалтай. Харин УИХ-д суудалтай гурав дахь нам болох МАХН-аас хэн өрсөлдөх нь одоогоор тодорхой биш байна. Намын дарга нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа биз ээ. Бор халзан хонь гаргаж ирэх юм биш биз, үгүй юу.
МАН-ААС НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨРТЭЙ НЬ М.ЭНХБОЛД
МАН 2016 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Сонгуулийн дараа ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Гэвч МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд бололгүй УИХ-ын даргын суудалд суусан. Харин Ерөнхий сайдын албыг Ж.Эрдэнэбатад атгуулаад, өөрөө үндсэндээ хариуцлагаас зугтсан. Энэ нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна гэх гаргалгааг батлах эхний баталгаа байлаа. Цаашлаад мань хүн он гарснаас хойш хөдөө, орон нутгаар нэлээд явж, өөрийнхөө сурталчилгааг чимээгүйхэн хийж эхэлсэн. Ерөөсөө түүнийг Ерөнхийлөгч болгох нэлээд том тохироо дээгүүрээ явагдаж байгаа. Тийм болохоор МАН-аас нэр дэвшигч тодорхой гэх яриа ч бий.
Гэхдээ мань хүн ганцаараа, ногоон гэрлээр бас гарчихгүй бололтой. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дотоод өрсөлдөөнд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзэж, багахан саналаар ялагдаж байсан Ө.Энхтүвшин гишүүнийг мартаж болохгүй. Дээрээс нь Ц.Нямдорж гишүүн бас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магаддал өндөр. Хэдийгээр мань эр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн хэлсэн ч тэр бол зүгээр шоу биз.
…намын дарга М.Энхболд нэр дэвших магадлал илүү өндөр нь мэдээж. Зарим судлаачид түүнийг Ерөнхийлөгч болох замаа зассан. Тухайлбал, Морин спорт уяачдын холбооны нөхдүүдээр санал өгүүлэхэд л 500 мянга бэлэн байна гэж үздэг…
Эрхэм гишүүн сонгуулиас хойш "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг барьж авч, ярьсаар нэр хүндээ багагүй өсгөөд байгаа. Ард түмэн Ц.Нямдорж гишүүний буянаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь төрд ирлээ гэж бодож байгаа нь гарцаагүй. Тиймээс намын даргаасаа илүү нэр хүндээ өсгөсөн гэхэд болно. Тийм болохоор нам дотор хүчтэй өрсөлдөгч болохыг үгүй гэх газаргүй.
МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ хуралдаад л шийдчихнэ. Сунгаа энэ тэр гэхгүй. Бага хурал дээр нэр дэвших хүсэлтэй хүмүүсийнхээ нэрийг яриад, санал хураагаад л гүйцээ. Тийм болохоор намын дарга М.Энхболд нэр дэвших магадлал илүү өндөр нь мэдээж. Зарим судлаачид түүнийг Ерөнхийлөгч болох замаа зассан. Тухайлбал, Морин спорт уяачдын холбооны нөхдүүдээр санал өгүүлэхэд л 500 мянга бэлэн байна гэж үздэг.
Мөн мартаж болохгүй нэг хүн бол У.Хүрэлсүх. Дайчин, зоригтой, муу хэл амнаас ангид ард түмэн ч түүнд дургүй биш. Тэрбээр хөдөө гадаа байнга явж байгааг аль нэг суудлын төлөө үзэхээр замаа засч байгаа гэдэг. Яагаад үгүй гэж.
АМАРЖАРГАЛ УУ, ЭСВЭЛ Б.ЖАРГАЛСАЙХАН УУ
АН-ын дотоод өрсөлдөөн маш ширүүн болох төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар шүү дээ. Цаагуураа чухам ямар асуудал яригдаж, юу шийдэгдэж байгаа хэн мэдлээ. Ямар ч байсан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө наад зах нь дөрөв, цаашлаад 5-6 хүн өрсөлдөж ч магадгүй байгаа юм. Сая намын даргын сонгуульд гэхэд таван хүн өрсөлдсөн шүү дээ.
Сонгуулийн дараа намын дарга болсон С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна гэдгээ мэдэгдсэн. Тийм болохоор олон хүний дунд өрсөлдөөн болох нь дамжиггүй. Ер нь бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой гэдгээ илэрхийлээд байгаа. Цаашлаад хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэрбээр саяхан хэвлэлийн хурал хийхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх асуудлаар тусдаа мэдээлэл өгнө гэж байсан. Хэрвээ өрсөлдөхгүй бол шууд л хэлчих учиртай шүү дээ. Тийм болохоор өрсөлдөх бодолтой байна гэсэн үг.
Дээрээс нь дотоод өрсөлдөөнд оролцох нэг сонирхолтой хүн нь Б.Жаргалсайхан. Уг нь БНН-ын дарга гэж явдаг. Гэтэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэгдээд байж байна. Сая намын даргын сонгууль болоход Б.Жаргалсайхан гишүүн С.Эрдэнэд нэлээд тус болсон юм байх. Тиймдээ ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоор хангахаар тохирсон ч юм бил үү, хэн мэдлээ. Тийм явган яриа бий. Ямар ч байсан Б.Жаргалсайхан нам доторх өрсөлдөөнд бэлтгэж, телевиз энэ тэрээр гараад эхэллээ.
Гэвч судлаач Д.Ганхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж суудлаа Р.Амаржаргалд шилжүүлэх бодолтойгоор нэлээд ажиллаж байгаа хэмээн таамагласан байсан
Цаашлаад УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын нэр ч бас яригдаж буй. Түүнийг нэр хүнд сайтай учраас МАН-ын нэр дэвшигчтэй хүчтэй өрсөлдөж, цаашлаад ялалт байгуулах магадлал өндөр гэж үзээд байгаа, хөндлөнгөөс. Тийм болохоор сунгаанд оролцож магадгүй өрсөлдөгчийн нэг болчихоод байна. Хэрвээ АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүсвэл нэр хүнд сайтай, элдэв асуудалд бага хутгалдсан хүнийг гаргаж тавих бодлого барьж ч болох юм. Цаашлаад Г.Батхүү, П.Цагаан, Л.Болд, Ц.Баярсайхан гээд хэд хэдэн хүний нэр ч дурьдагдаж буй. Гэхдээ арай ч АН-ынхан дотроо ингэтлээ олуулаа үзэлцэхгүй байх.
Хамгийн магадлалтай нь Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан болов уу гэх таамаг яваад байна. Гэхдээ бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг мартажболохгүй. Нэлээд хүчтэй өрсөлдөнө. Гэвч судлаач Д.Ганхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж суудлаа Р.Амаржаргалд шилжүүлэх бодолтойгоор нэлээд ажиллаж байгаа хэмээн таамагласан байсан. Хэрвээ түүний таамаг зөв бол С.Эрдэнийн дэмжлэгийг авсан Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Р.Амаржаргал хоёрын дунд л намын сунгаа өрнөж магадгүй нь.
МАХН-ААС Н.ЭНХБАЯР УУ, ЭСВЭЛ…
МАХН ямартай ч нэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж магадгүй. Гэхдээ үгүй ч байж мэднэ. Аль нэгийг нь дэмжээд явахыг ч үгүйсгэхгүй. Тухайлбал, АН- ыг. Нэр дэвшүүллээ гэхэд хэн байх бол. С.Ганбаатарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн таамаг нэлээд эртнээс яваад байгаа. Мэдээж Н.Энхбаярын шийдвэр л бүхнийг шийдэх учиртай. Харамсалтай нь одоогоор МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, хүчтэй өрсөлдчих хүн алга. Өмнөх сонгуулиар сайд асан Н.Удвалыг өрсөлдүүлсэн. Мэдээж хол яваагүй. Тийм болохоор л С.Ганбаатар гэх мэт арай л ард түмэнд таалагдах болов уу гэсэн хүнийг онилж байгаа нь тодорхой.
Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө өрсөлдөх болов уу гэх таамаг ч бас байна. Дахиад судлаач Д.Ганхуягийн таамгийг дурьдах гээд байна. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцсон гэж таамагласан байна билээ. Тиймдээ ч дүрдээ итгэж, энд тэнд "онолдоод” яваад байгаа юм байх. Яахав, бас байж болох л таамаг. Гэвч Н.Энхбаяр яг өрсөлдөнө гэхэд хэцүү л дээ. Түүний оронд М.Энхболд, Р.Амаржаргалын хооронд өрсөлдөөн өрнөнө гэвэл илүү онож магадгүй.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Сэтгэгдэл