Шашны хэт хуучинсаг үзэл сурталчилдаг Киргиз улсын иргэд Монгол улсад орж ирэх болжээ


Шашны хэт хуучинсаг үзэл сурталчилдаг Киргиз улсын иргэд Монгол улсад орж ирэх болжээ-ТЭД БИЗНЕСИЙН АШИГ ОРЛОГО ОЛОХ ЯМАР НЭГЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙДЭГГҮЙ. ЗӨВХӨН ШАШНАА ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЯВДАГ-

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан саяхан шашны хэт хуучинсаг үзэл номлолыг сурталчилдаг Бүгд Найрамдах Киргиз улсын Лохуза Керин Юнурович, Турсунбаев Курарбек Курамаевич, Абдраев Дервишали, Мусоев Ахмад нарын дөрвөн иргэнийг албадан гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдгээр дөрвөн иргэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгаж буй юм. Дээрх иргэд нь "Таблиги Жамаат" гэх ислам шашны хөдөлгөөн, бүлэглэлийн гишүүд байсан нь тогтоогдсон байна. Ирэх болсон шалтгаан нь өөрсдийн шашны талаар ухуулга сурталчилгаа хийж, Монгол Улсад өөрсдийн төлөөллийг бий болгох зорилготой байсан байна. "Таблиги Жамаат" хөдөлгөөний үйл ажиллагааг ислам шашинт Тажикстан, Казахстан мөн ОХУ зэрэг хэд хэдэн оронд бүрэн хориглосон байдаг аж. Сүүлийн жилүүдэд дээрх хөдөлгөөний гишүүд Монгол Улсад зорчин ирж манай ислам шашинт зарим иргэнд өөрсдийн хуучинсаг үзэл номлолоо сурталчлан ухуулга хийх, иргэдийг эгнээндээ элсүүлэх оролдлого хийх болсонд манай зарим ислам шашинт иргэдийн зүгээс таагүй хандаж хүлээж авч буй гэнэ. Энэ шашны урсгал нь сүүлийн үед өмнөд Азийн орнуудаар илүү тархах хандлагатай болсон бөгөөд манай улсын Ховд, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын захын хороололд байрлах ислам шашны "Мичет" газруудад дээрх урсгалыг сурталчилдаг болох нь тогтоогджээ. "Мичет" гэдэг нь буддын шашинтай ижилтгэвэл хийд гэсэн үг бололтой. Шашны хэт хуучинсаг узэл сурталчилдаг эдгээр иргэд нь орон нутгаар явахдаа малчин айлд орогнож, байрладаг болохыг тогтоосон байна. Тэд нэлээн бийлэгжүү ирдэг ч мөнгөтэй яваагаа бусдад мэдэгддэггүй гэнэ.

Тэгсэн атлаа бизнесийн ашиг орлого олох замаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн "Таблиги Жамаат" шашны урсгалдаа иргэдийг элсүүлэх үйл ажиллагаа явуулдаг болохыг тогтоожээ. Нэг удаагийн ухуулгад нь хамрагдсан л бол тухайн хүнийг гишүүнээр бүртгэж, энэ урсгалыг дэмжигчдийнхээ тоонд оруулдаг байна. Учир нь энэ урсгал хамгийн хатуу, харгис хэрцгий гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан, тухайн шүтэгчийнхээ оюун санааг удирддаг хар тамхи мэт мансуурлын байдалтай болгодог. Мөн буруу, гаж дэг жаягтай хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд лалын хэт даврагчид Таблиги Жамаат урсгалыг терроризмд ашиглаж амиа золиослогчдыг бэлддэг болсон нь ил болоод буй юм. Иймд эиэ урсгалаас дэлхий нийт сэрэмжлүүлж буй тул манай орон ч ийм байр сууринаас иргэдэд энэ шашны урсгалд болгоомжтой хандахыг анхааруулж байгаа юм.

Нөгөөтэйгүүр "Таблиги Жамаат" гэх хөдөлгөөний шашны үзэл номлолын тухайд хэт туйлширч нэг талыг барьж бусад шашныг үгүйсгэсэн үзэлтэй байдаг нь манай ислам шашинт иргэдийн үзэл номлолтой зарим талаар зохицдоггүй аж. Манай улс дахь мусульман иргэд исламын аядуу зөөлөн үзэл баримтлалтай Сунни урсгалын "Ханафи" чиглэлийн үзэл номлолыг голлон баримталдаг байна. Олон улсын мэдээллийн хэрэгслүүдээс үзвэл "Таблиги Жамагат" хөдөлгөөний талаар таатай бус мэдээ, мэдээлэл цацагддаг байна. Ингээд тус шашны урсгалын талаар зарим бодит мэдээллийг хүргэе.

"Таблиги Жамаат" шашны хөдөлгөөнийг 1926 онд Энэтхэг улсын иргэн Мухаммед Иляс ал-Кандахлауи үүсгэн байгуулж 1944 он хүртэл уг хөдөлгөөнийг удирдан ажиллажээ. Энэ хугацаанд Пакистан, Бангладеш улсад хөдөлгөөний үйл ажиллагаа түлхүү хөгжсөн бол өнөөгийн байдлаар хүрээгээ тэлэн Иордан, Палестин, Пакистан, Афганистан, Ливан, Судан, Япон, Европын орнуудад тархаад байгаа аж. Хөдөлгөөн нь нийгмийн давхарга хамаарахгүйгээр шашныг тайлбарлан сурталчлах, шашинд итгэгчдэд "Коран" судрын анхны эх хувилбарыг хатуу мөрдүүлэх зорилготой ислам шашны хэт хуучинсаг үзэл сурталчилдаг байна. Тус хөдөлгөөнд нэгдэн орсон, элссэн хүмүүсийн ихэнх нь Пакистан улсын Райван хотод шашны сургуулиудад очиж суралцахыг эрмэлздэг аж. Эдгээр шашны сургуулиуд төрийн ямар ч хяналтгүй, ямар хүнийг юуны чиглэлээр бэлтгэж байгааг ихэнх улс орнууд сайн мэддэггүй гэж судлаачид үздэг гэнэ.

Хөдөлгөөний үйл ажиллагаа, санхүүжилт, гишүүдийн талаар ямар нэгэн сурталчилгаа мэдээлэл хийдэггүй. Мөн энэ талаарх мэдээлэл нуугдмал байдаг бөгөөд гишүүдийн бусдаас ялгарах байдал нь бүгд урт сахалтай (сахалгүй байх нь тэдний шашинт нийцдэггүй), биеэ далдалсан хар бараан өнгийн урт банзал өмсдөг ба аяны хөнжил, замын зардалтай бол хаана ч хамаагүй бадарчин байдлаар гурваас зургаан хүний бүрэлдэхүүнтэй явж шашнаа сурталчилдаг аж, Ийнхүү явахдаа бусдад буян үйлдэх нэрээр мөнгө болон биет зүйлээр өглөг өгдөггүй. Энэ нь тэдний хувьд хориотой байдаг байна.

"Таблиг Жамаат" хөдөлгөөний номлол нь исламын суннитийн урсгалын дэг жаягтай зарим талаар адилхан байдаг нь тус хөдөлгөөний аюултай талыг олж харахад хүндрэл учруулдаг. Тухайлбал, Казахстаны шинжээч, судлаачдын үзэж буйгаар тус хөдөлгөөний үзэл сурталд нь исламын ваххабизм (исламын харгис урсгал гэгддэг)-ийн радикал үзэлтэй төстэй зүйлүүд их байдаг гэсэн байна. Үзэл суртлын гол онцлог нь ислам шашныг цэвэр байлгах, бусад шашныг үгүйсгэхэд оршдог. Энэ нь улмаар шашны хоорондын мөргөлдөөн, нийгмийн тогтворгүй байдалд хүргэдэг. Тэд бусад шашны сүсэгтнээс өөрсдийгөө дээгүүр тавьж, шашны үзэл бодлоор ялгаварлах зэргээр нийтэд ухуулга хийх нь "Таблиги Жамаат"-ыг дагагсад бусад шашны төлөөлөгчдийг үл хүндэтгэх, дорд үзэх байдал гаргадаг нь яван явсаар салан тусгаарлах, радикал болон терроризмийн хөдөлгөх хүч нь болдог ч гэж судлаачид үздэг.

Тус хөдөлгөөний нэг онцлог нь хаалттай, нууцлаг байдал бөгөөд түүний төв нь Энэтхэгийн Дэли хот, Пакистан, Бангладеш зэрэг улсуудад байрладаг. Үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөг зөвхөн удирдах зөвлөлийн гишүүд мэддэг ба дэлхийн өнцөг булан бүр дэх салбаруудаа удирдлагаар ханган ажилладаг. Дээрх нууцлаг сохор дагаж мөрдөх, захирагдах байдал нь ислам шашны уламжлалт ёс жаягтай нийцдэггүй. Таблигуудын үндсэн ном "Фазаиль амали"-д хийсэн дүгнэлтээр хөдөлгөөний даган мөрдөгчдийн эрх чөлөөг боогдуулах, оюун ухааны болон хөдөлмөрийн үйл ажиллагааг хязгаарладаг байдал ажиглагддаг.

Тухайн дурдагдсан номонд шашинд үнэнчээр зүтгэх тал дээр ихээхэн анхаарал тавьж гэр бүлийн халамж, хэрэгцээнд хохирол учирч байсан ч хамаагүй ба "Таблиги Жамаат"-ын үзэл сурталд гэр бүлд зориулах болон ажлын цаг шашны гишүүний зорилгод огт нийцэхгүй гэж сургадаг. Уламжлалт ислам шашинд гэр бүлдээ анхаарал халамж тавих, хүндлэхэд зааж сургадаг ёс жаягтай шууд харшилж буй илрэл юм. Энгийн үгээр хэлбэл шашныг уг хөдөлгөөний гишүүнээр элссэн бол үзэл номлолыг сохроор дагаж мөрдөх хэт туйлширсан үзэл юм.

"Таблиги Жамаат" хөдөлгөөний үйл ажиллагаа 2008 оноос хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрт үндэсний аюулгүй байдалд аюултай гэж үзэн дээд шүүхийн хаалттай хуралдаанаар үйл ажиллагааг нь хориглосон байна. Мөн 2006 онд Тажикстан улс, 2013 онд Казахстан улсад хэт даврагч бүлэглэл гэж үзэн үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоожээ. 2009 онд Киргиз Улсын аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюулгүй байдалд аюултай гэж үзээд дээд шүүхдээ хандаж байсан аж. Одоогоор үйл ажиллагааг нь хориглоогүй нь тус улсын парламентад тухайн хөдөлгөөнийг дэмждэг гишүүд дэмжигчид байдагтай холбоотой гэнэ.

Эцэст нь хэлэхэд өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн болон монголчуудын шүтэж биширч буй будда, ислам, христ бай ямар ч шашны цэвэр ариун үзэл номлолоо гадны ямар нэгэн болж бүтэхгүй, хориотой хоцрогдсон энэ мэт урсгал чиглэлийн нөлөөнд автуулахгүйгээр авч үлдэх нь монголчуудын бас нэг тулгамдсан асуудал болжээ.

Г.ЯЛГУУН

logo


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.